САЛХИНЫ СҮНС PORSCHE - САМБУУ ДАРГА ХОЁР

Устай хамт урсаж, цастай хамт будраад өнгөрсөн хорьдугаар зуун дөнгөж эхэлж байхад ертөнцийн халуун элгэн дээр нэг хэсэг гайхамшигт хүмүүс, нөгөө хэсэг гутамшигт хүмүүс төржээ. Гайхамшигт хүмүүс шинжлэх ухааны салбаруудад нээлт хийж, хүн төрөлхтний амьдралыг арай амар хялбар болгохоор зүтгэж байхад гутамшигт гээд байгаа хүмүүс нийгмийн оюун санааг хордуулж, улс төрийн эргэлт хийж, элдэв “изм” зохиож, түүгээрээ улс гүрэн, ард түмнүүдийг хордуулж дарангуйлж байсан байна.

Гэвч ноён Фердинанд Поршэ бол өнгөрсөн зууны нэр төрийг өргөж өгсөн гайхамшигт хүмүүсийн нэг яах аргагүй мөн юм.

Инженер: Дэлхийн аль ч өнцөг буланд очсон манай компаний нэрийг мэдэхгүй, манай бүтээгдэхүүний талаар сонсоогүй хүмүүс бараг байдаггүй. Харин манай компанийг үүсгэн байгуулагч профессор Фердинанд Поршегийн талаар мэддэг хүмүүс цөөхөн байдаг. Үнэндээ бол манай Порше моторс компаний амжилт нэг хүний мөрөөдлөөс эхтэй. Тэр гайхамшигтай мөрөөдөгч бол профессор, ноён Порше өөрөө юм.

  • Нэгэн мянга есөн зуун тавин хоёр оны нэгдүгээр сарын 26-ны өдөр маршал Чойбалсанг тэнгэрт хальсны дараа Бүгд Найрамдах Монгол Ард улсын шинэ залуу удирдагч Юмжаагийн Цэдэнбалын нуруун дээр бүх ачаа ирсэн юм.
  • Угтаа бол тухайн үед улаан коммунистууд өргөн уудам Монгол газрын дөрвөн зүг найман зовхист шороон түмээрэй байсан ч гэсэн идэр залуухан Бал даргын нуруун дээр нэвсийсэн тэр их ачааны ядаж хагсыг нь үүрчих шөрмөстэй сэхээтэн бараг л байсангүй.
  • Гэтэл Бумцэнд гуайн дараа тодорсон Монгол төрийн өөр нэгэн  мэргэн түшээ байсан нь Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, Бүгд Найрамдах Ард Улсын Хөдөлмөрийн баатар Жамсрангийн Самбуу байлаа.

1948 оноос өмнө нэлээд хэдэн авто машин зохион бүтээсэн ч тэр бүртээ сүрхий амжилт олж чадаагүй, басхүү Вольксваген моторс компанийг үүсгэн байгуулж, анхны бүтээгдэхүүнүүд нь дандаа фронтын шугам руу явж байсан профессор Фердинанд Порше сая нэг дэлхийн авто машины ертөнцийн хөгжлийг тодорхойлох алхамаа хийжээ. Тэр нь чухам яг юу байв гэхээр анхны Поршэ Намбер Уан хэмээх өндөг шиг өөгүй хэрнээ, яруу тансаг шүлэг шиг авто машин байв. Хожим энэ гайхамшигт төмөр хүлгийг Поршэ 356 гэж нэрэлдэг болсон.

Инженер: Порше 356 загварыг бидний өмнөх үеийн чадварлаг инженерүүд 1948-1965 оны хооронд үйлдвэрлэж байсан. Гэвч манай компанийн бүтээгдэхүүнүүд анхнаасаа л бусдаас илүү хурдан, илүү тансаг, илүү хүчирхэг, илүү загварлаг байсан учир төдөлгүй уралдааны зам дээр гарсан. Гэвч бидний бүтээл анхны уралдаанд оролцоод зүгээр байгаагүй.

Өөрөөр хэлбэл Поршег гүйцэх төмөр хүлэг байгаагүй. Иймд Порше эхний уралдаандаа л түрүүлсэн юм. Үүнээс хойш бидний мэдэж байгаагаар дэлхийн авто ертөнцийн домог болсон Порше маань лавтай 30 мянган авто машины уралдаанд түрүүлсэн. Мэдээж энэ пуужингийн ард бид байдаг.

  • Самбуу даргынхан хэтэрхий тайван хүн байлаа. Юу болсон гэхээр Самуу даргыг бүр 7, 8 настай балчир хүүхэд байхад нь нэгэн хаврын шөнө тэдний нутагт асар хүчтэй шороон шуурга тавиж, сүйд болжээ. Төв аймгийн Бүрэн сум гэдэг чинь юусан билээ. Нөмөр нөөлгө багатай, үнэхээр нэг тал нутаг. Айдас дагуулсан шуурганд Бүрэнгийн хэдэн малчид ишиг хургаа хийсгэж тэвдэн, заримынх нь гэр бараа нуржээ.
  • Өглөө нь харвал тэртээд хойд хоолойд хаваржиж байсан Жамсран гуайн гэр зүүн тийшээ газар налаад дээвэр туурга нь энд тэнд нэвсийн хэвтэж, унь тооно нь хиарчихсан байж.  Түүнийг үзсэн нутгийн зон олон хүлгийн хурдаар очтол Жамсран гуайн хөгшин шуурганд цохиулаад юу ч үгүй чойвысон хөөтэй тулгаа гадаа тавьчихсан цай чанангаа “Урд шөнө чинь тэвдэнгээ алдлаа.
  • Зүүн хаяаанд энэ охин төрөөд, баруун хаяаанд Жамсран мажийгаад, тэнгэр газар хоёр нийлээд, ээ мөн амаргүй байлаа шүү” гээд юу ч болоогүй юм шиг сууж байжээ.

Гурван түмэн авто машины уралдаанд тод магнай, торгон жолоо өргөсөн Поршегийн томоохон амжилтаас дурьдах юм бол профессор Фердинандын хүсэл мөрөөдлийг биелүүлсэн энэхүү төмөр хүлэг Дэйтона, Нюрнберг, Формула 1 Чампионшип зэрэг манай гаргийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн уралдаануудад түрүүлжээ. Гэтэл эдгээр уралдаануудад Порше 550, Порше 956, Порше 911 загварууд онцгой олон удаа магнайлсан байна.

Инженер: Бид хуучин асар хүчирхэг уламжлал дээрээ шинэчлэл хийхдээ уралдааны замыг ашигладаг. Уралдааны зам дээр салхи татуулан давхиж байгаа  төмөр хүлэгт маань бараг дутагдал байхгүй. Гэвч бид байж болох дутагдлыг яг уралдааны зам дээр анзаарч, уралдаан дууссаны дараа Порше маань түрүүлсэн ч гэсэн дараагийн сайжруулалтыг хийж эхэлдэг.

Уралдааны зам нэг төрлийн туршлага юм. Үүний зэрэгцээ уралдааны зам дээрх Порше, худалдан авагчдын маань унаж эдэлж байгаа Порше хоёрын хооронд ялгаа гээд байх зүйл цөөхөн. Хотын гудамжаар харц булаан давхиж байгаа сонгодог загварын Порше, уралдааны зам дээр салхи зүсэн хурдалж байгаа Порше хоёрын хурд хүч тэнцүүхэн. Үүнд манай худалдан авагчид хэзээнээсээ дуртай байсаар ирсэн.

  • Самбуу дарга 1940-өөд оны эхэн үед ЗХУлсын нийслэл Алтан Москвад элчин сайдаар ажиллаж байсан юм. Тэр үе чинь ямархан хүнд бэрх цаг билээ. Баруун зүгээс Немцүүд довтолоод, Москвад тулаад ирчихсэн байж.
  • Гэтэл нэг өдөр дайсны онгоцууд хотыг хүчтэй бөмбөгддөг юм байна. Хүн зон үймэлдэж, энд тэнд бөмбөг унаж, барилга байшин, гудамж талбай ёстой нэг үйрмэг болж байх нь тэр. Энэ үеэр бас гадаадын бүхий л элчин сайдууд дүрвээд явчихсан байж.
  • Гэтэл тэр үймээн самуун, үхэл хагацал дундуур Самбуу дарга элчингийн хэдэн ажилтнаа дагуулчихсан, гартаа тоглож байсан шатрын хөлгөө дэлгээтэй хэвээр нь барьчихсан хорогдох байр руу тайван тайван алхаад ирж явжээ.
  • Түүнийг харж алмайрсан Орос цэргүүд өмнөөс нь гүйж очин “Та чинь яаж байна аа. Фашистууд бөмбөгдөж байна шүү дээ” гэтэл Самбуу дарга “ Муусайн хогнууд шатарч тоглуулахгүй юм. Алив хүүхээ наад хөлгөө битгий хамаагүй хөдөлгөчихөөрэй. Хожилцоогүй байгаа шүү” гэжээ.

Поршегийн олон алдартай загварууд дундаас 917 загвар аргагүй түмэн төмөр хүлгийн магнай юм. Учир нь Порше 917 загварыг бүх цагийн үеийн хамгаас хүчирхэг, хамгаас хурдан домогт хүлэг гэдгийг автын ертөнц нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн.

Ганцхан жишээ дурьдахад Порше 917 загвар 1970 онд Лө Маны 24 цаг уралдаанд тасархай хол түрүүлж өөрийн брендын нэр төрийг улам өндөрт өргөхийн зэрэгцээ спорт авто машины түүхэнд нэрээ алмаз үсгээр сийлүүлсэн. 2014 онд хайр дурлалын эх орон гэгдэх Францад зохиогддог энэхүү уралдаанд Поршегийн дүү нар эргэж ирэн, бас л бөөн шуугиан тариад хаячихсан юм.

  • Өгүүлэгч: Амжилтанд хүрэхийн тулд удирдагч чухал үүрэгтэй л дээ.  Бидний эрхэм дотны хүмүүн, профессор ноён Фердинанд Порше инженер, ажилтнуудаа маш их хүндэтгэлтэй ханддаг хүн байсан.
  • Түүний энэ хандлага одоо ч гэсэн манай удирдлагуудад өвлөгдөж ирсэн. Нэгэнт удирдлагууд маань биднийг хүндэтгэдэг юм чинь бид бас тэднийг хэнээс дутахааргүй хүндэтгэдэг. Нөгөөтэйгүүр Поршед ажиллаж, зүтгэж байгаа маань инженер, ажилтнууд бидний хувьд юу юунаас илүү эрхэм, нэр төрийн хэрэг байдаг.
  • Профессор Порше хайрцагнаас гарч сэтгэхийг чухалчилдаг байсан. Бид ч тэр сэтгэлгээг хөгжүүлсээр ирсэн. Мөнхүү Поршегийн амжилтын нэг нууц бол бид хамтдаа бодож, сэтгэж, шинээр нээж, алдаагаа засч чаддаг. Шуудхан хэлэхэд Поршегийн инженерүүдийн тархи бол бие биендээ шууд хамааралтай нүсэр том үйлдвэрийн чухал эд ангиуд юм.

Самбуу дарга Өмнөговь аймгийг анхлан байгуулалцаж, өөрөө ууган засаг даргаар нь ажиллаж байсан хүн. Тэр жил шинээр аймаг байгуулах нөр их ажилд ханцуй шамлан явсан Самбуу дарга нэг өдөр гэртээ ирж, хоймортоо тухалснаа “Хөгшөөн гадаа машинд хоёр нялх амьтан байгаа нэгийг нь оруулаад ирээч” гэжээ.

  • Угийн дөлгөөн тайван өвгөнийхөө хэлсэн ёсоор гарсан гэргий нь хашааны гадаа зогсох машин дотор 6 настай нэг жаахан охин, халтар гөлөг хоёр хамт байхыг үзжээ. Тэгээд охиныг оруулж ирж, тэр цагаас хойш өсгөж хүмүүжүүлэн хүн болгосон нь хожмын нэрт сэхээтэн, Төрийн шагналт зохиолч Сономын Удвал ахайтан байлаа.  

Поршегийн лого таних тэмдэг доторх “S” үсэг нь спорт уралдааны авто машин гэсэн утгыг илэрхийлдэг. Басхүү спорт гэсэн үгний эхний үсэг болдог. Уралдааны Порше нэрнийхээ араас S үсэг дагуулаагүй байна гэж үгүй.

Порше Кайэн Эс, Порше Мэйкэн Эс, Порше Бокстер Эс, Порше Кэймэн Эс, Порше Панамера Эс, Порше 911 Каррера Эс гэх мэт. Гэсэн ч Порше Эс загварууд үндсэн суурь загваруудаасаа моторын хүч, хөдөлгүүрийн багтаамж, ерөнхий үзүүлэлтүүдээрэй дандаа илүү байсан. Энэ илүү чанарт хэрэглэгч, худалдан авагчид шүлсээ гойжуулсаар ирсэн.

Инженер: Поршег бүтээх үйл явцыг угсрах гэж нэрлэж болохгүй. Харин уран бүтээл туйрвих гэвэл илүү зүйд нийцнэ. Иймд биднийг нэг үгээр хэлэхэд уран бүтээлчид гэж нэрлэж болно. Тэгвэл бидний зүрх сэтгэл шингэсэн Поршейг жолоодох хоёр боломж бий.

Тэдний эхнийхийг нь Порше Трэвел Клаб гэх бол удаахийг нь Порше Спорт Драйвинг Скүүл гэдэг. Эдгээрийн аль нэгийг нь сонгосон хэн ч бай амьдралынхаа аз жаргалтай эгшин хормуудыг өнгөрөөж, гайхамшигтай мэдрэмжүүдийг амталж, сэтгэл хөдлөлийн дээд түвшинг мэдэрч, өөрийгөө далавчтай болсноор төсөөлөн боддог.

Гэвч үүний тухай цааш нь ярих юм бол илүү их зүйлийг дурьдах хэрэгтэй болохоор энэ удаа ингээд түр үлдээе. Харин Порше 911 загвар бол авто ертөнцийг бэлэг тэмдэг, домог, жишиг тогтоосон төмөр хүлэг гэдгийг та бүхэн мэдэх байх. Хэний ч сэтгэлийг булаам өвөрмөц төрхтэй 911-ийг бид анх уралдаанд зориулж бүтээсэн.

Гэтэл 1963 онд анхлан түүнийг харсан хүмүүс сонгодог загвараар нь худалдаанд гаргахыг хүссэн. Бид тэгсэн. Тэгэхдээ инженер техникийн нарийвчлалыг өдөр тутмын амьдралд шаардагдах практиктай төгс хослуулан, Поршегээс хүлээж болох бүхий л шилдэг чанарыг шингээсэн нь 911-ыг төгс төгөлдөрт хүргэсэн.

  • Самбуу даргын төрсөн дүүг Гаажид гэдэг байлаа. Нэг удаа Самбуу дарга төрийн их алба, ажлын хажуугаар Бүрэн сумандаа очиж, төрсөн дүүгийндээ буужээ. Монгол төрийн мэргэн түшээ ирсэн сургаар нутгийн зон олон хурж, найман настай балчраас наян настай буурал хүртэл цуглажээ.  Самбуу дарга гэрийн хойморьт налайн сууж, өвгөдтэй үг хэлэлцэн хөөрөлдөж байгаад ширээ дүүрэн өрсөн идээ будаанаас нэг алгын чинээ өрөм аваад цайндаа уусгаж иджээ.
  • Тэгснээ “Гаажаад энэ чинь баахан өттэй юм биш үү” гэсэнд дүү Гаажид нь “Тийм байх өө, хонь өчигдөр хужирт орсон. Шинэ өрөм алга. Хуучин дээр нь батган залраа байлгүй” гэв. Энэ үгийг сонссон Самбуу дарга пүү паа, цаашаа, наашаа гэхийн оронд ер дуулсан шинжгүй буурал өвгөдтэй хөөрөлдөж суусан нь ард олных нь сэтгэл зүрхэнд мөнхөрчээ.

Порше 911 бүхэл бүтэн 50 жилийн хугацаанд өөрийн дахин дахин давтагдашгүй загварыг хадгалсан хэрнээ шинэчлэгдсээр ирсэн түүхтэй.

Инженер: Юуны өмнө Порше бол Порше гэдгийг хэлье. Энэ нь муу, тэрэн нь сайн гэж битгий хэлээрэй, гуйя. Харин түүний оронд бид хэрэглэгчддээ чөлөөтэй сонгох боломжийг олгодог. Тухайлбал: Порше 911 загварын маань доторх олон төрөлд хоёр дугуйн хөтлөгчтэй байхад дөрвөн дугуйн хөтлөгчтэй байдаг. Хоёр хөдөлгүүрийн хэмжээтэй, трубинт шахуургатай байхад, ердийн шахуургатай ч бий. 

Механик хурдны хайрцагийн зэрэгцээ, Доппелкапланг хосолсон хурдны хайрцагч Поршейд байгаа. Иймд Поршег сонгосны дараа Поршегоос сонго. Аль ч нь адилхан бидний танд зориулж бүтээсэн алдарт Порше мөнөөсөө мөн.

Поршегийнхан бид нэг зүйлдээ сэтгэл ханаад зогсдог хүмүүс биш. Тиймдээ ч бид Порше 918 Спайдерийг бүтээсэн. Энэ бол супер спорт авто машин юм. Тэр 100 км зайд ердөө л 3 литр шатахуун зарцуулдаг. Хүчирхэг V8 хөдөлгүүрийг цахилгаан машины давуу талуудтай хослуулсан. Порше 918 бол ирээдүйгээс ирсэн авто машин.

Тэр спорт авто машины гаргаж болох дээд хурдыг үзүүлэхийн зэрэгцээ бидний тэр болгон нүдээрэй харж, гараараа барьж, чихээрээ сонсоогүй, бүр зүүдлээчгүй шилдгийн шилдэг чанар, үзүүлэлт, технологиудыг өөртөө шингээсэн юм. Үнэндээ бол бид Порше 918 загварт тэр бүх чанаруудыг шингээсэн бас түүнийг ирээдүйгээс авч ирсэн.

Монгол төрийн мэргэн өвөө, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, төрийн тэргүүн Жамсрангийн Самбуу, авто ертөнцийн аугаа их салхины сүнс Порше хоёр адилхаан, адилхан. Нэг нь дөлгөөн тайван, амар амгалангийн тууль бол нөгөө нь хурд хүчний тууль. Энэ хоёрын туулийн дунд хорвоо багтаж, орчлон оршдог.