ДЭЛХИЙН СТАНДАРТАД ХҮРГЭХ ГҮҮРНҮҮД

ЖАРАН ЖИЛД ХИЙГДЭЭГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Улаанбаатар хотод сүүлийн 60 жилд хийгдээгүй гүүр, гүүрэн гарцын далайцтай бүтээн байгуулалт 2016 оноос хойшхи гурван жилд хийгдэж, эхнээсээ ашиглалтанд орох дөхөж байна. 2020 он хүртэл Улаанбаатар хотын Баянзүрхийн гүүр,  Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүр,  Сонсголонгийн гүүрний бүтээн барилгын ажлууд бүрэн дуусч, Нийслэлийн авто замын түгжрлэийг бууруулахад голлох нөлөө үзүүлэх юм.

1958-1967 онуудад Энхтайваны гүүр, Зайсангийн гүүр, Маршалын гүүр, Яармагийн гүүрүүд ашиглалтанд орж байснаас хойш томоохон хэмжээний далайцтэй гүүрэн байгууламж ийн бүтээн байгуулалт хийгдээгүй байсан юм. Нарны гүүр нь 2012 онд ашиглалтанд орсон бөгөөд дэлхийн стандартад хүрсэн далайцтай том байгууламжууд барихын угтал болж өгсөн билээ.

ЯАРМАГИЙН ШИНЭ ГҮҮР УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО

Энэ оны 11 дүгээр сард бүрэн ашиглалтанд орох Яармагийн гүүр нээгдсэнээр Яармаг орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж байна. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрэн дээр босох учраас замууд хоорондоо нэг түвшинд огтлолцохгүй, хөдөлгөөний урсгал саатахгүй ажээ. 1959 онд баригдаж ашиглалтад орсон Яармагийн гүүр ийнхүү олон давхаргат томоохон инженерийн байгууламж болон шинэчлэгдэж байна.

“Энэ гүүр бол Нийслэл хотын засаг захиргааны төвийг Яармаг руу нүүлгэх дэд бүтцийн шийдлийн чухал хэсэг” гэж Улаанбаатар хотын захирагч С.Батболд саяхан мэдэгдсэн. Гүйцэтгэгч байгууллагаас уг гүүрэнд 50-60 жилийн баталгаа өгч байна.

УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТОМ ГҮҮР

2019 онд бүрэн ашиглалтад орох Замын цагдаагийн газрын орчмын гүүрэн гарц нийслэлийн зүүн өмнөд хэсгийн хөдөлгөөний ачааллыг хуваалцах зорилготой. Нийт 6 хэсгээс бүрдэх энэ бүтээн байгуулалт 42.38 сая долларын өртөгтэй. Гүүрний дам нурууны гол сууриудыг энэ 11 дүгээр сард хийж дуусгах ажээ.

Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийг холбож, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцож түгжрээ үүсгэдэг асан энэ уулзварыг халж, том гүүрэн гарц барьснаар замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжирч, түгжрэл буурах юм. Шинэ гүүр Улаанбаатар хотын хамгийн том гүүр болно гэдгээрээ онцлог юм.

СОНСГОЛОНГИЙН ГҮҮР ДӨРВӨН ЭГНЭЭТЭЙ БОЛНО

Нийслэлийн шинэ төлөвлөлтөд чухал үүрэгтэй Сонсголонгийн гүүрийг шинэчлэх ажил энэ оны тавдугаар сард эхэлсэн. Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцүүлэн10.4 метр өргөн 2 эгнээтэй, 289.4 метр урттай гүүрийг шинээр барьж, мөн хуучин гүүрийг сэргээн шинэчлэснээр нийтдээ 21 метр өргөнтэй, 4 эгнээ гүүр бий болох аж. Энэ бүтээн байгуулалт 2019 оны 11 дүгээр сард дуусаж, ашиглалтад орох ёстой. 2018 оны наадмын өмнөхөн шинэ гүүрийн зорчих хэсгийг нээж, 11 сар хүртэл хуучин гүүрийг сэргээн засварлах ажээ.

Нийслэлийн засаг дарга С.Батболдын дэвшүүлж буй түлхүүр концепциудын нэг болох Яармагийг Улаанбаатар хотын шинэ төв болгох төлөвлөгөөний чухал гарц нь энэ гүүр юм.

БАЯНЗҮРХИЙН ШИНЭ ГҮҮР

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх  20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг 4 эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалт өрнөcөөр байна.

Энэ гүүрний ажлын явцыг мэдээлбэл: шонт суурийн ажил 75 хувьтай, тулгуур босгох явц 67 хувьтай, ригель 50 хувь, дам нуруу тавих ажил 22 хувьтай явагдаж байгаа. 6.1 сая долларын өртгөөр босох Баянзүрхийн гүүр баригдсанаар хотын зүүн захын хөдөлгөөний ачааллыг багасгаж, товчоо байсан газрын орчимд үүсдэг түгжрэл, бухимдал оргүй арилна.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН НЭГ СТАНДАРТАД ХҮРНЭ

Өнгөрсөн сард эдгээр гүүрний бүтээн байгуулалтын явцтай танилцсан Нийслэлийн засаг дарга С.Батболд “Улаанбаатар хотод 2016-2020 онд 4 том гүүрийн барилгын  шинэчлэл бүтээн байгуулалтыг хийж ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна. Миний хувьд зам гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай гурав дах удаагаа танилцаж байна. Бүх ажил графикийн дагуу явагдаж байгаа.

Гүүр барих гэдэг зүгээр барилга байгууламжийн асуудал биш доогуур нь олон сувагчлал, дэд бүтцийн шугам шилжүүлэх зэрэг олон асуудал байдаг. Улаанбаатар хотын томоохон гүүрүүд 2020 он гэхэд бүгд шинэчлэгдэнэ. Нийслэл хотын төв гүүрүүд учраас өнгө үзэмжид анхаарах ёстой гэсэн шаардлагыг бид тавьж байна. Эдгээр гүүрүүд ашиглалтад орвол Зайсангийн гүүрийг шинэчлэх ажил л үлдэнэ.

Гүүрийн засвар шинэчлэлтийн ажилд туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа монгол компаниудын хуримтлуулсан туршлагад тулгуурлан Зайсангийн гүүрийг бид монгол компанийн, монгол инженерүүдтэй хамтран шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярьсан юм.

Ийнхүү ирэх хоёр жилийн дотор Улаанбаатарын бүх томоохон гүүрнүүд бүрэн шинэчлэгдэж олон улсын стандартад хүрэх гэж байна. Улаанбаатр хотын төв хэсгийг эрчтэй хөгжиж буй захын дүүргүүдтэй өргөн сувгаар холбогдож, нийслэлийн дэд бүтцийн орц, гарц стандартчилагдан, хотын аль ч захаас нөгөө зах руу тогтмол хурдаар, түгжрэлгүй зорчих их хотын стандарт хэрэгжих болно.