НӨХРИЙН ХЭРЭГ БҮТВЭЛ ӨӨРИЙН ХЭРЭГ БҮТНЭ

Нүүдэлчин Монголчууд бид нүүдэл, тууврын замд яваа нэгэндээ зам тосоод цай, идээ дөхүүлж өгдөг, саатсан замын улсад хүнээр хэлүүлэлгүй тус дэм болдог сайхан заншилтай түмэн.

Энэ ч утгаараа замын саад, энхэл донхол, мод чулууг ч мөн зайлуулж, дараа нь энэ замаар явах нэгэндээ тус болдог заншилтай. Замын хүнд тус болох, саад болохгүй зорчих талаар Тожоо жолооч ингэж зөвлөж байна.

Замд саатсан нэгэнд туслалгүй өнгөрчхөөр ЦАГ хожсон ч СЭТГЭЛ цаанаа л нэг гонсгор, аан туслаад явахаар ЦАГ алдсан ч СЭТГЭЛ тэнүүн жаргалтай, үүнийг дагаад таны зам ч дардан сайхан байдгийг хэлэхэд илүүдэхгүй байх.

БУСДАД ХАРАГДАХ НЬ БУСДЫГ ХАРАХААС ДУТУУГҮЙ ЧУХАЛ гэдгийг мөн анхаараарай.

ЗАМЫН АНХААРУУЛГА Огцом гуу жалга болон эвдэрсэн замуудад чулуу өрж анхааруулдаг бичигдээгүй хууль уг нь байдаг.

Та ч гэсэн ийм аюултай газар үүссэн байвал ЧУЛУУ ӨРЖ АНХААРУУЛга хийж байгаарай.

Өөдөөс ирэх машины хурц гэрэлд гялбан, үзэгдэх орчин эрс буурвал өөрийн машины гэрлийг унтраах нь дээр. Ингэснээр урдаа байгаа зүйлийг илүү хардгаас гадна бусад жолооч нар таныг харах боломж нэмэгдэнэ гэсэн үг.

Том оврын тээврийн хэрэгслүүд замд саатсан үедээ чулуугаар дугуйгаа ивэх нь түгээмэл. Зарим жолооч хөдлөхдөө чулууг замаас холдуулаагүйгээс болж оройн цагаар явах тээврийн хэрэгслүүд осолд орох өндөр магадлалтай байдаг.

Иймд ивсэн чулуу, мод зэргээ замаас байнга зайлуулж байгаарай. Ийм зүйлтэй таарвал  мөн холдуулж бусдын аюулгүй байдлын төлөө санаа тавьж байх нь зөв юм.

За мөн зам хааж унасан мод, чулууг холдуулах, хэт гүн нүх, хонхор гарсан бол чадах чинэрээ шороо чулуугаар таглаж байх хэрэгтэй.

 За хөдөө орон нутгийн зам, хотын урт үргэлжилсэн шулуун замд осол гарсан, эвдэрч зогссон машин, явган хүн гарч яваа, мал амьтан зэрэгтэй таарвал аваараа татаж арын машинууддаа анхааруулах нь осол гарах магадлалыг 30-аад хувиар бууруулдаг болохыг судалгааны дүн нотолсон байдаг.

Мөн ослын зогсолтын гурвалжин байнга авч явах, хэрэглэх нь ослоос урьдчилсан сэргийлэх зайлшгүй нэг алхам юм шүү.