БҮСГҮЙ ТАНД ...

Сайхан унаа сайхан бүсгүй хоёр салшгүй холбоотой зүйлүүдээ. Гэхдээ тэр унааг унаж эдлэх тал дээр бүсгүйчүүд эрчүүдээс арай дутмаг гэдэг нь нууц биш. Тэгвэл Тожоо жолооч эмэгтэй жолооч танд зөвлөж байна.

Нэгдүгээрт жолоо барихад тохиромжтой гутал өмсөх нь тун чухал. Би гоё харагдмаар байна өндөр өсгийт өмсөнө гэвэл жолоо барих хүнтэй явах, эсвэл буухдаа гутлаа солих, аа бүр болохгүй бол зүгээр таксидсан дээр.

Хэт өндөр өсгийтэй гутал өмссөн үед огцом тоормослох шаардлага тулгарахад гутлын өсгий шаланд тээглэж гацах, салоны урд хананд тулах зэргээс болж гарсан осол цөөн биш шүү.

Бээлий өмсөх шаардлага гарвал та гулгадаггүй материалтай бээлий өмсөх хэрэгтэй шүү.

Хоёр хажуугийн толь нь бодит байдлаас хол харагдуулдаг учир эгнээ байр эзлэх, ухрах үедээ онцгой анхаараарай. Энийг туршлагагүй бүсгүйчүүдийн ихэнх нь мэддэггүй шүү. Боломжтой бол эмэгтэйчүүдэд хэзээ ч илүүддэггүй ухрахын камер, зайн мэдрэгч зэргийг суурилуулбал ухрах үйлдэл илүү амар болно.

Нарийн замаар эргэхэд арын дугуй урд дугуйнаас дотуур тойрдог болохоор даялж эргэх хэрэгтэй. Мөн уулзвар гарцан дээр ирж тоормослохоосоо өмнө ардаа хэт ойрхон тээврийн хэрэгсэл явааг нягталж хэрэв хэт ойр байвал алсаас тоормосолж анхааруулах хэрэгтэй. Огцом тоормослоход арын машин мөргөх эрсдэл өндөр байдаг.

Мөн уулзвар гарц дээр зогсох үедээ Пи байрлалд шилжүүлж зогсдог эмэгтэй жолооч нар байдаг. Үүний оронд тоормосоо гишгэсэн чигээр Ди араатайгаа зогссон нь дээр байдаг.

Бас бүсгүйчүүдийн нэг мэддэггүй зүйл нь гаднаас агаар оруулах болон доторх агаараа эргэлдүүлэх тохиргоо байдаг. Бороо цас орох үед шил цантдаг учир агаарын тохируулгыг гаднаас агаар оруулах тохиргоон дээр тавих хэрэгтэй.

Ихэнх эмэгтэй жолооч нар гаднаас тоос шороо орох, үнэр үнэртэхээс сэргийлж, ихэвчлэн дотор агаарын эргэлт дээр тохируулсан явж байгаад бороо цас орох үед өөрчлөхийг мартах ч юм уу мэдэхгүй тохиолдол байдаг. Тэгэхээр жолоо мушгиж яваа бүсгүй та эдгээрийг анхаараарай.

Дугуй хагарчихвал яана гэж та эмээдэг л биз дээ. Туяхан бүсгүй та ганцаараа дугуйгаа солиход хэцүү байдаг шүү дээ. Ийм үед автын түргэн тусламж дуудах эсвэл эрэгтэй жолооч нараас тусламж авах нь шулуухан. Дугуй хагарсан бол зам чөлөөлж зах руу шахаж зогсоорой.

Хагарсан дугуйтай засвар хүртэл хэдэн метр зөөлөн явахад гэмтэж сүйд болохгүй.

За мөн шулуун замд хэд хэдэн анхаарах зүйл байнаа.

  • Нэгдүгээрт хурдтай явж байх үед хэсэг газар шалбааг ус болон нойтон гадаргуу тааралдвал зайлшгүй хурдаа хасаж гарах шаардлагатай шүү. Ус үсчүүлээд гарах сайхан ч хурд ихсэх тусам зам дугуйн зууралдалт бага болдог учир замын гадаргуу гэнэт өөрчлөгдөхөд зууралдалт бүр багасаж, шарваж бүтэн эргэх, онхолдох аюултай байдаг.
  • Хоёрдугаарт шулуун замд жолоог 2 гараараа 10 цаг 10 минутын байрлалд сайн барьж яваарай. Нэг гараараа жолоо барьж загвардах гээд байдаг шүү. Энэ нь гэнэт нүх дайрах, дугуй хагарах үед машиныг жолоодож дийлэхгүйд хүргэдэг.
  • Гуравдугаарт хурдтай явж байх үед машины шилийг гэнэт их онгойлговол агаарын урсгалд цохиулж машин тогтворгүй болдог. Бас том ачааны машин автобустай ойрхон зөрөх үед хурдаа сааруулан зөрөх талын цонхыг хаах хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.