АВТОМАШИНЫ CVT КРОП ГЭЖ ЮУ ВЭ?

АСУУЛТ: Автомашины CVT кроп гэж юу вэ?

ТОЖОО: Тэгэлгүй яахав. CVT гэдэг нэрнээс нь эхэлье. Continuously Variable Transmission буюу тасралтгүй хувьсан дамжуулагч гэсэн үгний товчлол юм. Энэхүү хурдны хайрцаг нь жолоочид зөөлөн тав тухтай байдлыг мэдрүүлдгээрээ сүүлийн үед үйлдвэрлэгч бүр ашигладаг болсон.

АСУУЛТ: Ажиллагааных нь талаар хэлж өгөөч.

ТОЖОО: CVT нь унадаг дугуйны араа солих системтэй төсөөтэй гэж ойлгож болно. Конус хэлбэрийн 2 дамар байдаг. Уг 2 дамар хоорондоо гинжин дамжуулгаар холбогдож араа солигдоход хөдөлгүүрийн эргэлтээс шалтгаалж хэлбэлзэхгүй ганц урт араатай автомашин унаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдгээр онцлог юм.

АСУУЛТ: Ажиллагааг нь яаж шалгаж мэдэж болох уу?

ТОЖОО: Тосны бохирдлоос гадна тос дундарвал араа солигдолд удаашрах цаашлаад кропоо солих ч шаардлага үүсэх магадлалтай байдаг. Хэрвээ CVT кропнд энгийн автомат кропны тосыг хийж огт болдоггүй.

CVT дотроо төрөлтэй юу?

Дотроо гинжин дамжуулгат болон араан дамжуулгат гэсэн 2 төрлийг сүүлийн үед ихэвчлэн ашиглаж байна. Гинжит төрөл нь 2 дамрыг хооронд нь гинжээр холбодог бол араат төрөл нь гариг, наран зэрэг араагаар холбогддог эвдрэл багатай төрөл юм. Араат төрлийг eCVT гэж нэрэлдэг бөгөөд ихэвчлэн TOYOTA-ын машинуудад ашигладаг.

СУРВАЛЖЛАГА

АСУУЛТ: Таны машин ямар кроптойг мэдэх үү?

ЖОЛООЧ А: Энгийн автомат кроптой.

ЖОЛООЧ Б: 2010 оных болохоор CVT кроптой үйлдвэрлэгдсэн гэж хэлж байсан.

АСУУЛТ: CVT кропны тосоо солиулж байсан уу?

ЖОЛООЧ Г: Хавар тосоо солиулахдаа кропны тосоо солиулсан. CVT кропны тосыг 3-4 жилд 1 удаа солиулах юм билээ.

Араан дамжуулгатай eCVT төрөл

Гинжин дамжуулгатай CVT төрөл

Автомашины CVT кропны ажиллагааны явцад анхаарах зүйлс болон хэрхэн шалгах зөвлөгөөг танд хүргэе.

  • CVT нь хөдөлгүүрийн төрөл биш бөгөөд зөвхөн хүчийг дамжуулах үүрэгтэй техникийн хэсэг юм.
  • CVT кропд энгийн тос хийвэл кропоо эвдрэлд хүргэнэ.
  • Энгийн автомат хурдны хайрцагт байгаа тосны даралт нь 4-5кг/см2 даралтыг үүсгэдэг бол CVT кропны тосны даралт нь150кг/см2 даралтыг бий болгож байдаг.
  • Ажиллагаа нь өөр байхаас гадна температурын зөрөө нь асар их ялгаатай.
  • CVT кропыг энгийн тосоор зайлж цэвэрлэж хэзээ ч болохгүй. Ийм тохиолдолд кропны гидроблокд тос үлдэх боломж шууд бүрэлддэг. Тиймээс хурдны хайрцагны тосыг зөвхөн өөрийнх нь тосоор цэвэрлэж сольж байх хэрэгтэй.
  • Энгийн кропны тосыг 20,000 км-т солих ёстой байдаг бол CVT кропны тосыг 40,000 км сольж байхыг үйлдвэрлэгч нар зөвлөдөг.
  • CVT хурдны хайрцаг бол хэмнэлттэй автомашинуудад тохирсон зөв сонголт бөгөөд маш олон хайбрид автомашинууд шатахуун хэмнэлтийг сайжруулахын тулд CVT-г хэрэглэдэг байна.
  • CVT бол шатахуунд хэмнэлттэй, зөөлхөн. Ганц сул тал нь дуу ихтэй байдаг.
  • Хэрвээ та спортлог байдлыг илүүд үздэг, моторын эргэлтийг улаанд нь тултал хаазладаг бол CVT кроп танд тохирох технологи биш.