УС ТУУЛАХАД УЧИР БИЙ...

Монголчууд уул, усанд ам гардаггүй ээ гэдэг. Энэ нь ч учиртай. Гол, ус гэдэг өгөөжтэй сайхан ч, аян зам, машин тэргэнд халтай.

Тожоо жолооч ус гатлахад юу яах талаар ингэж зөвлөжээ.

Хамгийн түрүүнд гол, усны түвшин сайн харах, дүгнэх, гүнзгий юм шиг харагдвал бууж хэмжиж үзэх хэрэгтэй. Түрүүн хэлсэн, усанд ам гардаггүй ээ гэдэг шиг гайгүй юм шиг санаанд багтав ч голын урсгал, усан доорх шавар шороог мөн тооцох хэрэгтэй шүү.

Голын ус жижиг боолтуудыг сулладаг учир машины улсын дугаар нэмэлт эд ангиудыг хөвүүлчихдэг. Тиймээс ус туулахын өмнө дугаарын жижиг боолтыг шалгаж, чангалаарай. Бас орохын өмнө цонхоо нээж байгаарай.

Учир нь гүнзгий усанд машин суух, живэх тохиолдол гарч болохыг үгүйсгэхгүй.

Юмыг яаж мэдэхэв хаалттай цонхны цахилгаан мотор гэмтэж нээх боломжгүй болох, хаалга гаднаас усаар даруулах учраас нээхэд хэцүү болчихдог болохоор л тэр л дээ.

За ингээд гарах хэсгээ сонгосны дараа ус руу орохдоо маш зөөлөн, жигд хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Голын дунд хэсэгт хазаа огцом нэмж, юм уу хасаж болохгүй.

Яг орсон жигд хаазтайгаа, эсвэл бага зэрэг хүч өгөх хэрэгтэй гэж үзвэл маш багаар жигд хазаа нэмж болно. Моторт ус орж унтарвал асаах үйлдэл хийхгүйгээр даруй татаж гаргах хэрэгтэй.

 Усан дунд удаан зогсвол таван булын гармушик резинд ус орж яваандаа эвдрэх үндэс болно. Мөн хойноо хөтлөгчтэй машины чагтан гол суларсан үед ус орж элэгдлийг түргэсгэнэ. Цаашлаад яндангаар ус орвол зэврэлт үүсэж, катализатор эвдрэх шалтгаан болдог. Тиймээс машины эд анги муудсан бол усанд удаан зогсохгүй байх, суусан тохиолдолд түргэн гаргах хэрэгтэй.

Гаргасны дараа - Aгаар шүүгч норсон эсэхийг үзнэ

  • Свечэг авна
  • Сорох хоолойд хуримтлагдсан усыг соруулж авна 
  • Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна Түүний дараа буцаан эд ангиудаа угсарч машинаа асааж болно. Шууд асаах гэж оролдох хэрэггүй.

Амжилттай нөгөө эрэгтээ хүрчихвэл шууд давхичхаж болохгүй.

Амжилттай нөгөө эрэгтээ хүрчихвэл шууд давхичхаж болохгүй. Учир нь пеланз норсон байдаг болохоор тоормос гишгэхэд барилт илт муудсан байдаг. Тиймээс тоормосоо дарж пеланзаа хатаагаарай. Ингэснээр барилт хэвийн болж аюулгүй зорчих боломжтой болно.

Купер дээр байрлалтай нэмэлт болон манангийн гэрлийг ус туулсны дараа ажиллагааг нь шалгаж байгаарай. Гүнзгий ус битүүмж муутай гэрлийг нэвтэлж ламп шатаах, доторх цайрыг муутгах зэрэг мөн сөрөг нөлөөтэй байдаг.

Хэрэв ГОЛЫН УСАНД СУУЖ, САЛОНД УС ОРСОН БОЛ...

  • Mашин доторх сандлуудыг авч хивсэнцэрийг хуулна
  • Цахилгаан залгууруудыг салгана
  • Бүх хаалга, цонхийг нээж хатаах хэрэгтэй
  • Хэт гүнзгий ус туулж, салон бүхэлдээ усанд автсан бол машины компьютерууд усанд орсон байх магадлалтай.
  • Хивсэнцэрийг хуулаагүй удсанаас шалаар явсан цахилгааны утсанд масс өгөх, цахилгаан утасны шонг гэмтээх, хөндийрүүлэх улмаар аль нэг систем ажиллагаагүй болох эрсдэлтэй байдаг шүү.

Ер нь л тун найдвартай машинтай байж байж гол ус туулах хэрэгтэй, цахилгаан машин болон, эвдрэлтэй машинаар бусдыг дагаж, эсвэл цаг хугацаа хэмнэх үүднээс голын усанд хэрхэвч орж болохгүй шүү. Аль болох тойрч гарахыг хичээгээрэй.

Хэрэв таны машины моторын доод элгэвч байхгүй бол динам болон кондишний шарик үсчсэн усанд угаагдаж тун удахгүй мотор хүнгэнэсэн дуутай болчихдог. Үүнээс гадна цапны шарик хүчтэй усанд угаагдаж тосоо урсгаснаар эвдрэлд хүрэх үндсэн шалтгаан болдог.

ГОВЬД БОРОО ОРСОН БОЛ

  • Говийн зам борооны дараа том том ховилтой болдог. Жолооч нар үүнийг мэдэлгүй усархаг замаар явж байгаад гэнэт нүхэнд орж осол хийдэг.
  • Тиймээс ус шингэж дуустал говийн замаар яваад хэрэггүй, түр азнаж байгаарай.