ГОВЬ ЦӨЛИЙН ЗАМААР ЯВАХДАА ЮУ АНХААРАХ ВЭ?

Говь гэмээнэ говь билээ гэдэг шиг элснээс өөр юмгүй говийн зам бол машин тэрэг, цаг хугацаанд халтай эд шүү. Сул элс, шороотой говийн замд яаж явах талаар Тожоо жолооч ингэж зөвлөжээ.

Хамгийн түрүүнд явахын өмнөх бэлтгэлээ сайн бүр сайн базаах нь юу юунаас илүү чухал. Дандаа халуунд явах болохоор УС аа сайн нөөцөлж яваарай. Бас элс малтах, чирэх, ивэх багаж хэрэгсэл хүрз, ивүүр, татлага зэргээ сайн нягталж авах хэрэгтэй. Говийн хонин гүрвэл болохыг хүсээгүй л бол энэ багажууд зайлшгүй аминд орно шүү.

За говьд бороо орсны дараа эсвэл орж байхад явах нь танаас овоо ур чадвар шаардана шүү. Говийн зам борооны дараа суух нь сууж, хонхойх нь хонхойж том том ховилтой болдог.

Жолооч нар энийг мэдэлгүй усархаг замаар явж байгаад гэнэт нүхэнд орж осол гаргах тохиолдол их. Тиймээс ус шингэж дуустал говийн замаар аль болох явахгүй түр азнах, бүр зайлшгүй явах шаардлагатай бол тун хянуур замын бартаа, нүхийг харж явдаг юм шүү.

Элсэн дундуур явахад дугуйн авалцаа төдий л их бишээс гадна дугуй гүн шигдэж ордог. Тиймээс гол нь жигд хурдтай арааг шилжүүлэхгүйгээр явах нь зөв. Замгүй манхан болон хэсэг элс гатлахаар бол нам дагтаршсан хэсгийг сонгох хэрэгтэй. Түрүүнд явсан дугуйн мөр байвал тэрүүгээр явах хэрэггүй. Өмнө нь машин явсан элс суларсан байдаг болохоор хажуугаар нь, мөргүй газраар явах хэрэгтэй.

Хэрэв дугуй элсэнд хий эргэвэл урд хойд дугуйны өмнөх замыг сайтар цэвэрлээд байрнаасаа хүнд араагаар зөөлөн хөдлөх гээд үз. Энэ үед нөгөөх багаж хэрэгсэл чинь аминд орно доо. Байнга элсэрхэг замаар явдаг бол өргөн дугуйтай, хийн даралт багавтар байсан нь дээр шүү. Энэ нь дугуй замтай хүрэлцэх, авалцах харьцааг сайжруулж байгаа хэрэг.

ДЭРЖИГНҮҮРТЭЙ ЗАМААР бол ЯАРААД огт ХЭРЭГГҮЙ. 

Говийн зам нь хурц үзүүртэй чулуу, сайр ихтэй, их хатуу газартай болохоор явдал дунд жолооч нар стрессдэж, бухимдах, зорчигчид их ядардаг тийм болохоор энийгээ ч бас тооцоолох хэрэгтэй юм шүү. Аль болох бага насны хүүхэд, хөгшин настай хүмүүс авч явахгүй байх нь дээр шүү. 

Говийн массаж гэж хэлдэг тэр донсолгоо , сэгсчээнд удаан яваад ирэхээр яарч ядарсан жолооч нар өөрийн мэдэлгүй л давхиж эхэлдэг. Энэ нь мэдээж машин болон аюулгүй байдалд халтай.

Дэржигнүүртэй замыг хурдтай туулвал донсолгоо бага мэдэрдэг нь үнэн боловч дор хаяж 80-90 км цагийн хурд гаргаж байж энэ онол амьдрал дээр сая бууна.

Тэгэхээр мэдээж байнга ийм хурдтай олон цагийн турш явах боломжгүйгээс хойш аль болох тайван сайн амраад явах нь хамгийн зөв сонголт болдог юм шүү.