Б.ЭНХ-АМГАЛАН: ЭНЭ ЖИЛДЭЭ БАГТААД БАРУУН БОЛОН ЗҮҮН БҮС УЛААНБААТАРТАЙ ЗАСМАЛ ЗАМААР ХОЛБОГДОНО

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас Говь-Алтай аймагт ажиллаж байх үеэр нь энэ жил хийгдэж буй замын бүтээн байгуулалтын ажлуудын талаар тодрууллаа.

-Баянхонгор Говь-Алтай аймгийг холбох засмал замын ажил хэр явцтай байгаа вэ. Энэ жил баруун аймгууд Улаанбаатартай засмал замаар холбогдох уу?

Э: Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126 км замын ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Ажил үргэлжилж байгаа. Арванхоёрдугаар сарын 1-ний дотор ашиглалтад орно гэж тооцож байгаа энэ зам дээр 600 гаруй хүн ажиллаж байна.

Замд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмал болон усны асуудлыг орон нутгийнхан шийдсэн. Мөн бетон хийц, цутгалтын хоёр үйлдвэр авчирсан байгаа. Энэ хоёр үйлдвэр ажиллаж эхлэнгүүт дөрвөн багц болж ажиллаад энэ ондоо багтаж ажлаа дуусгахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Улаанбайшинтын 25 км зам тавигдаж байгаа нь долоодугаар сарын 1-нд дуусна. Баян-Өлгий аймгийг тойрсон 20 км замын тендер зарлагдаад байгаа. Ингээд үндсэндээ баруун бүс бүтэн замтай болно гэж тооцоолж байна.

2014 онд эхэлсэн энэ замын ажил нэлээд удааширсан учраас компанийн зөвшөөрлийг цуцалж, дахин тендер зарлан туршлагатай компани шалгаруулсан.

-Бусад замын ажлуудын явцаас дурдвал?

Э: Дарханы замын ажил эхэлсэн, амжилттай сайн явж байгаа. Энэ жилдээ багтаж ашиглалтад орно. Сонгины замын ажил 60 хувьтай явж байгаа. Мөн энэ жилдээ багтаад ашиглалтад орно.

Энэ жилдээ багтаад баруун болон зүүн бүс Улаанбаатартай засмал замаар холбогдоно гэсэн тооцоотой ажиллаж байгаа.

Баруун аймгуудад ажиллаж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн сайдыг орон нутагт ажиллаж байгааг сайшаагаад урин дулааны цагт ажлаа шахаж дуусгахыг үүрэг болголоо.