ЭРЭМГИЙ ХАРЦАГЫН ДОВТЛОХ ХҮЧ / HARRIER
Их наран улсын TOYOTA HARRIER зам дээр “явах” бус “нисдэг” гэж хэлж болно. Үүнд хурдны хайрцаг нь онцгой чухал үүрэгтэй билээ.
Harrier-ийн анхны загварууд 4 шатлалт U140E/F автомат хурдны хайрцагтай үйлдвэрлэгдэж байсан бол хоёр дахь үед 5 шатлалт U151E/F кроптой болсон.
Lexus RX-ээс тусдаа бие даан гарсан гурав дахь үеийн Harrier-т ган ременьтэй Super CVT-i кроп суурилуулж эхэлсэн. Энэ кроп хүчийг ремень шиг татах бус автоматаар түлхэж гаргадаг онцлогтой, бараг эвдэрдэггүй бат бөх, моторонд ачаалал бага өгдөг, үрэлтийн хүч сайтай, шатахуун сайн хэмнэдэг эко кроп билээ.
Toyota Harrier-н кроп бат бөхийг бэлгэддэг ч буруу арчилбал ноцтой эвдрэл дагуулдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхэд:
- Harrier-ийн ихэнх кроп WS стандартын кропны тос хийдэг тул үйлдвэрлэгчээс заасан яг тохирох тос хийж жилдээ 1 удаа тогтмол шалгуулаарай.
- Кропны тос солих хугацаа нь жолоодлогын хэв маягаас их шалтгаалдаг. Жолооч огцом хаазлаж огцом тоормослон замын хөдөлгөөнд ширүүн оролцдог бол кропны тос түргэн чанараа алдаж, шүүгч нь ч тэсдэггүй. Дээр нь манай орны өвлийн хүйтэн, зуны аагим халуун, тоосжилт, хуурай нөхцлүүд үйлдвэрлэгчийн заасан хугацааг 2 дахин бууруулж тооцох нөхцөл болдог.
- Кропны тосны өнгө бараантсан ч элдэв тунадасгүй тунгалаг байвал хэсэгчилж солиулж болно гэж Toyota-н кроп үйлдвэрлэгч Aisin компанийн инженерүүд зөвлөдөг.
- Harrier-ээр өгсөж уруудахдаа гар тоормос ашиглаж хэвшээрэй! Машинаа бүрэн зогссоны дараа л P, R горимд шилжүүлж заншвал кроп урт насална. Араандаа хийх үед машин ухасхийх, кропноос дүнгэнэсэн чимээ гарах, хиншүү үнэртэж эхэлбэл яаралтай оношлуулж байгаарай.
- Кропны тосны түвшинг өвөл зуны үйлчилгээ хийлгэх бүртээ заавал шалгуул. Хэрэв бага зэрэг л хөлөрсөн шинж ажиглагдвал тосны түвшин багассаныг мэдэлгүй давхиулсар кропоо бүтнээр нь солих нөхцөл үүсч болзошгүй.
- Хурдтай давхих, огцом хаазлах, цаг хугацаанд нь үйлчилгээ хийлгээгүйээс кропны насос эвдрэх, сальник үжирч муудах, гүзээ диск халах зэрэг гэмтэл үүсдэг.
- Өвөл хөдөлгөөнд орохын өмнө кропоо халаах буюу хөдөлгүүрээ 2-5 минут халаасаны дараа хөдөлгөөнд орж байхыг зөвлөе.
- Автомат кроптой Harrier-ээр чиргүүл эсвэл өөр тээврийн хэрэгсэл чирэх нь тохиромжгүй.
- 6 шатлалт Super ECT кропонд үйлчилгээг нь тогтмол хийгээгүйгээс 10км/ц бага хурдтай явахад машин шалтгаангүйгээр урагш ухасхийх, кропноос цохих чимээ гарах сонсогдож улмаар дараачийн том гэмтэл үүсэх нөхцөл үүсдэг.
- Компьютер гэмтсэнээс кропны араа шилжилт өөрчлөгддөг. 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө болон ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг. Учир нь ABS болон Check Engine аль нэг гэрлийг тоохгүй удаан явснаас болж машины төв компьютер алдаа зааж араа шилжилтийг өөрчилдөг. Үүнээс болж кропны диск нь эвдэрдэг.
Эх сурвалж: Доктор Авто Сүлжээгээс эрхлэн гаргасан Harrier сэтгүүлээс