HARRIER - НҮДЭНДЭЭ ГАЛТАЙ ХАРЦАГА

12,000 гаруй машинд цахилгаан оношилгоо хийж зассан Мэргэшсэн инженер Ц. Эрхбадаргуун

Өнгөрсөн 20 жилд Toyota Harrier-ийн гурван үе, нэмээд хайбрид загвар гарсан. Загвар бүрт түүний цахилгаан тоноглол улам бүр баяжсаар иржээ. Тухайлбал, хоёр дахь үеийн Harrier автомат хийн өргөгчтэй тэнхлэг, ослоос сэргийлэх радар систем зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн анхны автомашин болж байлаа. 

Бас аюулгүйн бүсний анхааруулах дуут дохио, алсын удирдлагатай түлхүүр зэрэг нь тухайн цаг үедээ шинэ содон шийдэл болсон юм. Toyota-ийн найдвартай байдал гэхээр хамгийн түрүүнд 15-20 жилийн турш бараг ямар ч асуудалгүй ажилладаг цахилгаан тоноглол толгойд буудаг. Гэсэн ч Harrier-ээ он удаан жил унъя гэвэл дараах хэдэн зөвлөгөөг дагаарай.

  1. Harrier авахдаа заавал мэргэжлийн байгууллага, инженерээр оношлуулахыг зөвлөе. Тухайлбал та авах гэж байгаа машиндаа компьютер оношилгоо хийлгэсэнээр автомашины электрон системд гэмтэл байгаа эсэхийг илрүүлж болно. 
  2. Harrier-ээр гүн ус туулж болохгүй. Учир нь цахилгаан мэдрэгчүүдийг гэмтээх эрсдэлтэй. 
  3. Чанартай аккумулятор суурилуулж, цэнэгийг нь хавар, намрын үйлчилгээ хийлгэхдээ хэмжүүлээд хэвшчих. Цэнэг нь муудвал машины цахилгаан төхөөрөмжүүд нэг л өглөө асахгүй. 
  4. Harrier-ийн манангийн гэрэл цан цохиж, тоос шороо нэвтэрч цайр дотор нь тоос ихээр хуримтлагдах талтай. Тиймээс гэрлийн битүүмжийг шалгуулж байгаарай. 
  5. Гэрлийн ламп шатвал чанартай, баталгаатай гэрлээр солих хэрэгтэй. Гэрлийн тусгалыг сайжруулах зорилгоор өндөр чадал бүхий ламп суурилсанаар гэрлийн суурь халж цаашлаад цахилгааны утас хайлж гэмтдэг. 
  6. HID их гэрэлтэй бол түүнийгээ сайн гамнаарай. Хайбрид Harrier-ын их гэрэл нь гоёмсог бөгөөд бас хөөрхөн үнэтэй. HID xenon лампны арын суурь болон өсгөгч нь зэвэнд идэгдвэл шууд шатдаг. Хэрэв гэрлийн ламп болон өсгөгчөө сольсон бол шинэ жийргэвч хийж сликоноор сайтар битүүмжлээрэй. 
  7. Аливаа эвдрэл гэмтлийг эртхэн оношлуулж, шуурхай засуулах нь дараачийн том зардлаас урьдчилан сэргийлнэ. Хайбрид Harrier-аар замын хашлага мөргөх, нүх дайрсанаар хянах дээр P/S (PowerSteering) улаан гэрэл асаж руль хатуу болдог. 
  8. Бас нэг анхаарах зүйл бол хойд шил арчигч гацаж ажиллахаа больдог. 
  9. Harrier/RX унадаг жолооч нар маань ачаа суурилуулахдаа боолтоо дутуу чангалах мөн багажны резин муудсан үед бороо, угаалгын ус нь ачааны мөр болон багажны нугас даган кузовт нэвтэрч гэрэл, цахилагааны асуудал үүсгэдэг. 
  10. Harrier, RX их гэрлийн тусгалын ухаалаг AFS (Adaptive Front-lighting System)-тэй бөгөөд өгсүүр замд гэрлийн тусгал доошлох, уруудахад дээшлэхээс гадна баруун эсвэл зүүн тийш эргэхэд тусгал нь дотогшоо хазайж жолоочийн үзэгдэх орчинг гэрэлтүүлдэг. Уг гэрлийн мэдрэгч нь хойд тэнхлэг байрладаг тул амортизатор солиулах болон бусад явах ангийн засвар хийлгэхдээ гэмтээхгүй байхад анхаарна уу!