MARC LICHTE: QUATTRO БОЛ БИДНИЙ MERCEDES БОЛОН BMW-ЭЭС ЯЛГАРАХ ГОЛ ЗҮЙЛ

Audi-ийн дизайн хариуцсан захирал Marc Lichte: Audi-ийн загварын ирээдүйн талаар ярилцлаа (carmagazine сэтгүүл)

Marc Lichte 2014 оны эхээс эхлэн Audi-ийн загварын шинэчлэлтийг хариуцаж ажилласан бөгөөд A6, A7 болон A8-ийн загваруудыг өөрчлөх, бүрэн цахилгаан машинаас эхлэн спорт маягийн SUV болох Q8 болон Лос-Анджелсийн автошоунд үзүүлэх Prologue үзүүлэнгийн загвар зэрэг маш олон төслүүд дээр амжилттай ажилласан эрхэм юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

- Prologue машин анх хэрхэн бүтсэн бэ?

Ерөнхийдөө бол хэрэв энгийн худалдааны автомашинтай таны концепт машин адилхан байж чадвал маш азтай байна гэсэн үг. Учир нь концепт загварыг үйлдвэрлэж эхлэхэд хүн бүрд таалагддаггүй.

Харин Prologue бол үүнээс ялгаатай юм. Бид эхлээд 2016 оноос худалдаанд гарах A8 загварыг амжилттай гаргана, дараагаар нь A7 болон A6-г гаргана. Энэхүү гурван машин бүхий л онцлох шинжийг Prologue-д тусгаж өгсөн. Одоогоор танилцуулсан загвар бол үзүүлэнгийнх. Бараг бүхий л элементүүдийг ирээдүйд үйлдвэрлэгдэх машинаас харж болно. Эх сурвалж: www.cardoctor.mn

Би Audi-д өнгөрсөн оны 2-р сараас ажиллаж эхэлсэн боловч зургаан сарын дараагаар A8-ийн шинэчлэл дээр санал болгох загварыг надаас хүссэн юм.

Тэгээд 3 хоногийн дараагаар нийт 5 саналыг шалгаруулж авснаас тэд миний загварыг сонгосон.  Энэ төгс байгаагүй ч гэлээ чиглэл нь маш тодорхой байсан юм. Тиймээс бид үүн дээрээ ажиллаж эхэлсэн ба A6 болон A7 дээр зэрэг ажиллаж байсан. Ингээд 8 сарын дараа загваруудыг маань удирдлагууд баталсан.

- Prologue-ийн гол элементүүд нь юу вэ?

Их биеийн харьцаанууд нь илүү спорт талдаа, тэнхлэгүүдийн зай хол, дугуйнуудын зай өргөн бас илүү намхан кузовтай. Мөн та бүхэн урд нүүр нь тэгш хэмтэй байгааг анзаарсан байх. Хэрэв энэ бүхнийг маш хурдтай арын хэсэгтэй хослуулвал бидний хийсэн бүтээл гарч ирэх болно, эрчтэйгээр хурдалж буй мэт автомашин гэж харагдана. Урд нүүр бол мөн маш чухал хэсэг. Энэ нь дан ганц хэсэг мэт боловч илүү спортлог байх үүднээс олон хөндлөн дизайнтай болж эрч хүчтэй хэв маягийг бий болгосон.

Энэхүү машин мөн Quattro-г тодотгож өгч байгаа юм. Audi бол Quattro. Бид дугуй хоорондын мөрний шугамыг доошлуулж өгсөн ингэснээр урд хэсэг болон, хойд дугуйны дээдэх булчинлаг хэсгийг илүү тодотгож өгсөн ба дөрвөн дугуйн хөтлөгчтэй гэдгийг мөн харуулж байгаа юм. Үүнээс гадна Quattro гэдэг нь бас харьцаануудаар илэрхийлэгдэнэ. Үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Урд дугуй нь хөтөлдөг машинуудын хувьд урт хамартай, кабин илүү урагшаа байрласан байдаг.

Хойд дугуй хөтөлдөг машины хувьд богино хамартай урд дугуй илүү урагш байрласан харин кабин илүү хойшоо байрласан байдаг. Ихэнх дизайнерууд өөрсдийн машиныг хойд дугуй хөтөлдөг машины харьцаагаар хийхийг хичээдэг. Тэд автомашины урд багана (A-post) болон хамрын хоорондох зайг их байлгахыг хүсдэг ба бидний хэлдэгээр нэр хүндийн зааг (prestige gap) гэдэг. Гэхдээ Audi-ийн хувьд бид ялгаатай. Бид илүү урт урд хэсэг болон кабин илүү голдоо баланстай байрласан харьцааг эрхэмлэдэг.

Ирээдүйд бүхий л Audi-ийн загварууд Quattro-ийн шинжийг агуулах бөгөөд ирээдүйн A7 –оос шууд харах боломжтой. А8-д харин бага зэрэг шинжийг л харуулах болно. Quattro бол хүч дамжуулгаас илүү том ойлголт юм. Энэ бол бидний том өрсөлдөгчид болох Mercedes болон BMW-с ялгах том ялгарал маань юм.

- Та машины аль хэсэгт илүү их дуртай вэ?

Би машины ард талын хэсэгт хамгийн дуртай. Надад арын хэсгийн доод талын шугам болон мөрний шугам буюу хажуугаас орж ирсэн шугам үргэлжилсээр нэг зүгт чиглэсэн загвар таалагддаг. Энэ зүгээр л тохиолдлоор бий болоогүй. Үүнийг удирдаж хийнэ гэдэг маш хэцүү. Би ийм өнцгөнд илүү дуртай. Миний бодлоор энэ шугам маш хүчтэй элемент. Энэ шинж том машинуудад илүү тохиромжтой. Магадгүй А1-т тийм ч тохиромжтой биш.

Мөн бидний багажны хэсэг болон арын багана (C-post) дээр гаргасан шийдэл таалагддаг. Арын багана зүгээр л агаар дээр байгаа тулгуур шиг харагддаг гэвч тийм биш юм. Үүнд маш ойлгомжтой шалтгаан байгаа. Бид илүү өнцөгтэй арын хэсгийг хүсэж байсан, яг л Riva гэх хурдан завь шиг мөн арын баганы хэсгийг.

Гэвч хэрэв үүнийг хийсэн тохиолдолд маш жижиг онгойх багажны хэсэгтэй болчихно. Нэг сонголт байсан нь багажны хэсгийн нугасыг дээврээс өлгөх байсан ч тансаг зэрэглэлийн машинд энэ нь тохиромжгүй. Тиймээс бидэнд боломжит их зайг өгч болох арын хэсгийн санаа төрсөн юм. Энэ бол үзэмжтэй байдал болон техникийн хослол юм. Өнгөн хэсэг нь Citroen-ийх шиг биш юм. Харин сөрөг тал нь гэвэл олон өнцөг, гэхдээ бусад нүүрэн хэсэг нь сайн болсон. Энэ бол маш өөр шинэ зүйл гэж бодож байна.

- Дотор салон, интериорын гол онцлогууд нь юу вэ?

Би автомашины интериорыг маш их сонирхдог боловч ихэнх карьерийнхаа турш голчлон гадна дизайн дээр ажиллаж ирсэн. Volkswagen-д байхдаа мөн л гадна дизайны ахлах загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан. Харин Audi-д ажиллаж эхэлснээсээ хойш маш баяртай байгаа.

Учир нь Audi бол дотор дизайныхаа хувьд үлгэр жишээ болдог, ялангуяа материалынхаа хувьд. Гэвч өрсөлдөгчид илүү сайжирсаар байна, тиймээс бид илүү өөр зүйлсийг хийх хэрэгтэй. Миний харж байгаагаар ялгаатай архитектур байна. Би тансаг ангиллын машиныг илүү өргөн байлгах дуртай ингэснээр илүү том зайтай болж өгдөг. Бүхий л шугам хөндлөн байдаг, үүнийг сунгахын тулд хянах самбар зэргийг илүү уртасгах хэрэгтэй.

Бид мөн мэдрэгчтэй дэлгэцүүдийг ашигласан. Tesla үүнийг анх танилцуулж маш сайн ажил хийсэн, гэхдээ миний хувьд үзэмж талаасаа тийм ч гайхалтай шийдэл болж чадаагүй.

Тиймээс бид мэдрэгчтэй дэлгэцийг өөрсдийн архитектуртай хослуулах шаардлагатай болсон. Доод хэсгийн дэлгэцүүд илүү жолоочийн хэрэгцээнд нийцсэн мөн спортлог байлгахаар буюу Audi-ийн бас нэгэн онцлогийг харуулсан байдлаар хийсэн. Материалуудын хувьд илүү үзэмжтэй, натурал арьсан материалаар хийгдсэн. Хэдийгээр энэ нь нийтлэг төгс бус гэж үздэгч, миний хувьд энэ бол шинэ тэргүүн зэрэглэлийн материал.

Audi загварууд хоорондоо ялгарал багатай гэсэн шүүмжлэлийг байнга авдаг. Мөн дизайны хувьд ерөнхийдөө хуучинсаг гэсэн ойлголт байдаг ...

Миний хувьд Audi-ийн хийсэн жижиг алхмуудыг зөв гэж боддог. 2004 онд Walter da Silva-ийн авчирсан нэг хэсэг бүхий нүүрний хэсэг бол Audi-д BMW болон Mercedes-ин түвшний нүүр царайг бий болгож өгсөн маш чухал алхам байсан. Үүнээс өмнө Audi-д өөрийн гэсэн нүүр царай байгаагүй. Энэ бол маш чухал алхам байсан ч, хүмүүст хүрэхийн тулд цаг хугацаа шаардлагатай. Одоо харин хүн бүр энэ бол Audi гэдгийг мэддэг болсон бөгөөд одоо дараагийн том алхмыг хийх цаг ирсэн.

Бид өөрсдийн хүрээндээ илүү ялгарлуудыг бий болгох шаардлагатай. Ирээдүйд A8-ийн гадна төрх A6-ийнхаас ялгаатай байна гэдгийг би танд амлаж байна. Том ялгаа нь харьцаануудад байх болно – адилхан загварын хэлтэй байх боловч маш ялгаатай харьцаанууд байх болно. Урд нүүрний хэсэг бүх загваруудыг холбох боловч хэлбэрийн хувьд бүгд адил байхгүй. Бид яг одоогийн байдлаар би А1-ын шинэчлэлийн ажил дээр ажиллаж байгаа ба эрс тэс зүйлийг хйиж байгаа. Бид Q8 дээр мөн ажиллаж байгаа.

Яг адил нүүрний хэсэг гэхдээ ялгаатай. Q8-ийн загвар батлагдсан бөгөөд удахгүй танилцуулагдах болно.

- Та өөр юун дээр ажиллаж байна вэ?

Би TT-ийн гэр бүл гэсэн санаанд дуртай. Парист танилцуулсан спорт арын хэсэгтэй концепт нь өөрсдийн спорт тэрэг болон Spyder-т таарах төгс эгчийг нь бий болгохыг хичээж байна. Quattro, мөн машиныхаа хувьд амьд байсаар байгаа. Дараагийн удаад түүний худалдааны загварыг харна гэж найдаж байна. Бид энэхүү төслийг дахин эхлүүлж байгаа, учир нь миний харснаар концептуудын хувьд илүү боломж байгаа гэж бодож байна.

Гэхдээ үнэнийг хэлэхэд миний хамгийн дуртай төсөл бол цахилгаан хөдөлгүүртэй машин. Audi-ийн хувьд үүн дээр маш ухаалаг зүйлсийг хийж байгаа. Энэ бол цэвэр цахилгаан хөдөлгүүртэй машин юм. Tesla-ийн хувьд энгийн үзэмжтэй машиныг хийснээр хэрэглэгчдийг бий болгосон.

Одоо тэд цахилгаан машин гээч зүйлээс айхаа больчихсон. Тиймээс бид арай өөр зүйл хийх цаг нь болсон. Цахилгаан тэрэг гэдэг бол энгийн тэрэг шиг авч үзэж болохгүй зүйл. Хэрэв та шив шинэхэн хоосон цаасан дээр эхэлж байгаа бол энэ нь маш өөр ялгаатай зүйл байх болно.