ЭЙРКОНДИШНИЙ ХЭРЭГЛЭЭ №173
Салгасан салгаагүй адил бөгөөд кондишнийг хэрэглээгүй үед кондишний насосны дамар хоосон ачаалалгүй эргэж байдаг
Сүүлийн үеийн автомашинууд эйр кондишнээр тоноглогдох болсон бөгөөд манай орны хуурай, тоосжилттой нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой юм. Зарим хүмүүс эйркондишнийг хэрэглэх нь биед муу мэтээр ярьдаг бөгөөд энэ нь ор үндэсгүй юм. Харин эйр кондишний доторх хөргөлтийн шингэн нь ил задгай үедээ биед нөлөө үзүүлэхээс биш битүүмжлэгдэн ашиглагдаж байх үед аюулгүй. Хамгийн ихээр кондишн хэрэглэдэг япон улс гэхэд л иргэд нь дэлхий дээр хамгийн урт насалж байгаа билээ.
Манай зарим хэрэглэгчид эйр кондишнийг бензин илүү иднэ гээд хөдөлгүүрээс нь салгаж авах, ременийг нь мултлах зэргээр салгадаг.
Гэтэл үнэндээ бол салгасан салгаагүй адил бөгөөд кондишнийг хэрэглээгүй үед кондишний насосны дамар хоосон ачаалалгүй эргэж байдаг юм. Бензин илүү иддэг гээд байвал товчлуурыг дарахгүй байхад л болох ба түүнийг хөдөлгүүрээс салгаад байх шаардлага байхгүй. Харин ч салгах үед алдагдах хийд хордох магадлалтай юм. Ингээд эйркондишн хэрэглэх практик аргуудаас дурдъя.
1. Мэдээж дулааны улиралд автомашин тань битүү хаалттай байснаас дотроо бүгчим халуун байгаа. Тийм үед илүү хурдан хөргөхийн тулд асаасны дараа хэсэг хугацаанд цонхоо нээх хэрэгтэй. Зарим жолооч нар хаалттай чигээр нь дан кондишноор сэрүүцүүлдэг. Үүнд хугацаа зарцуулна.
2. Дулаан цагт хотын түгжрээн дунд эйркондишнийг гадна биш дотор агаар дээр тавьж хэрэглэх хэрэгтэй. Учир нь олон автомашинууд бөглөрөн нормальдаж зогссон үед та онгорхой цонхоороо азотын давхар исэл, нүүрс төрөгчтэй агаараар амьсгалж байгаа юм. Тиймээс эрүүл мэндийнхээ төлөө жаахан бензин илүү зарцуулахад болохгүй нь юу байхав.
3. Нөгөө талаар агаар үлээлгэх нүхнүүдийг зохицуулж ашиглавал илүү хурдан сэрүүцнэ. Тухайлбал та ганцаараа явж байвал зорчигчийн талын агааржуулах нүхнүүдийг багасгах эсвэл хааснаар тань руу үлээх хүйтэн агаар хүчтэй болж төвлөрөх юм.
4. Салон дотор гаднахаас сэрүүн болж ирэх үед салоны агаарын оролтыг дотор агаар дээр тавьбал илүү хурдан сэрүүхэн болох ба үлээх хүч ч нэмэгддэг. Мэдээж гадна халуу агаарыг хөргөхөөс салоны сэрүүн агаарыг ашиглах нь илүү хурдан. Гэхдээ агаарын солилцоо хийхийн тулд хэсэг хугацаанд гадна агаарыг ашиглах ёстой.
5. Жолооч нар ихэвчлэн хамгийн бага температур дээр тавьдаг ба эхэн үедээ ингэж болох ба удаан хугацаагаар явах үед температурыг дээшлүүлэх хэрэгтэй. Хэт хөрснөөс даарч магадгүй юм. Нөгөө талаар эйркондишний насосны ажиллах амрах хугацаа нь тохируулсан температураас хамаарч байдаг.
6. Бороотой өдөр эйркондишн хамгийн хэрэгтэй байдаг. Учир нь гадаа бороо орж сэрүүн болж агаарын чийгшил нэмэгдэхэд салоны дулаан чийгтэй агаар хүйтэн шилэн дээр конденсацлагдаж шил цантдаг.
Иймд гадна температураас бага температуртай агаарыг шил рүү үлээлгэх шаардлагатай тул эйркондишныг ашиглана. Тиймээс бороотой өдөр дулаан хувцаслах хэрэгтэйг анхаараарай.
7. Эйркондишн хэрэглэж байхад машины гадна урд хянах самбарын харалдаа доор ус дусаж байдаг. Энэ нь эйркондишны салоны хөргөх радиаторт конденсацлагдсан халуун агаараас үүссэн усан дуслууд ус гаргах нарийн хоолойгоор гарч байгаа хэрэг. Үүнд санаа зовох хэрэггүй юм.
8. Эйркондишнийн насос хөдөлгүүрээс эргэлт авч ажилладаг бөгөөд зарим үед хөдөлгүүр ердийн үеийнхээс хүчгүй мэт санагдах нь бий, энэ бол хэвийн ажиллагаа юм. Ялангуяа өгсүүр замд илүү мэдэгддэг.
Иймд нэгэн практик бий бөгөөд холын замд явах үед өгсүүр газарт эйркондишнийн товчлуураар салгах ба өгсөөд уруудах юм уу тэгш явах үедээ буцааж залгах зэргээр явж болно. Ингэвэл өгсүүр газарт хүчгүй мэт болохгүй. Өгсөх хооронд салонд халаад бүгчимдээд байх явдал байхгүй бөгөөд нэгэнт хөрсөн салоны радиатор нилээн хугацаанд сэрүүнээ барьдаг.
Эх сурвалж: www.cardoctor.mn