ТООРМОСНЫ СИСТЕМИЙН ХИЙ АВАХ №177
Тоормосны системийн гэмтлийг засварлах, эд ангийг солих үед тоормосны системд хий орж тоормос барих нь мууддаг. Хий орсноор дөрөөг гишгэхэд систем дахь хий шахагдан тоормосны дөрөөний явалт нэмэгдэж, зөөлөрч тоормослох хүчийг багасгана. Иймд аливаа эд анги сольсны дараа тоормосны системээс хий авах хэрэгтэй.
Төв цилиндрийн хийг авах
- Нөөц сав дахь тоормосны шингэн дундарсан байвал шингэн нэмж хийнэ. Хий авсны дараа ч гэсэн энэ савыг МАХ зураас хүртэл шингэнээр дүүргэх хэрэгтэй.
- Эхлээд тоормосны төв цилиндр буюу хүчлүүрээс хий авах хэрэгтэй. Үүний тулд төв цилиндрээс хоолойг салгаж асгарсан шингэнийг тосож авна.
- Дөрөөг алгуурхан жигд тултал гишгэнэ.
- Гишгэсэн чигээрээ төв цилиндрийн сувгуудыг хуруугаараа таглана.
- Хуруугаараа тагласны дараа дөрөөг буцаана.
- Дээрх маягаар 3-4 удаа ажиллагааг давтсаны дараа металл хоолойнуудыг буцааж холбоно.
Дугуйнд очих шугамын хийг гаргах
- Дугуйны тоормосны аппаратад байх хий авагчид тохирсон резин хоолой бэлдэж түүнийгээ углаад нөгөө үзүүрийг тал тоормосны шингэнтэй саванд хийнэ.
- Тоормосны дөрөөг хэд хэдэн удаа жигд тултал гишгэнэ.
- Тултал гишгэсэн чигтээ хий авагчийг суллаж хийг гаргана. Хий савтай шингэнд бөмбөлөг үүсгэн гарна.
- Дөрөөг гишгэсэн чигтээ хий авагчийг чангална.
- Дээрх ажиллагааг савтай шингэнд хийн бөмбөлөг үүсэхгүй болтол нь хийнэ.
- Энэ мэтчилэн бусад дугуйнд давтан хийнэ.
- Хэрэв таны машин ачаалал тооцоолох мэдрэгчтэй бол түүнээс бас хий авна.
Эх сурвалж: www.cardoctor.mn