ТООРМОСНЫ ШИНГЭНИЙ ТҮВШИНГ ШАЛГАХ №272

Тоормосны шингэн нь байнгын өндөр ачаалалд орж байдаг чухал төрлийн шингэн юм. Ихэвчлэн капот дотор жолоочийн эсрэг талд пластик саванд байрладаг. Харин дээрх нь үеийн буюу 80-аад оны машинуудад пластик биш битүү металл саванд байх нь элбэг.

Тоормосны дөрөөг гишгэх үед төв цилиндр нь шугамаар шингэнийг шахаж урд, хойд тоормосны аппаратад очдог. Хэрвээ шингэний хэмжээ дундарсан бол дутагдал үүсэх бөгөөд үүссэн хоосон орон зайд агаар орж автомашиныг зогсоох чадваргүй болгодог. Тиймээс энэ нь маш чухал шингэн юм.

Хэрвээ таны машины ABS тоормосны системтэй бол хэрэглэгчийн гарын авлага номыг нь уншиж үзээрэй. Зарим ABS-тэй машины шингэнийг түвшинг шалгахад 25-30 удаа педал дээр дарах шаардлагатай байдгыг мартаж болохгүй.

Ингээд шингэнийг хэрхэн шалгах аргаас оруулая:

1. Савны гадар, амсар зэргийг цэвэрхэн байлга

Маш бага хэмжээний бохирдол шингэнд орвол системийн жийргэвчүүд болон төв цилиндрийн ажиллагааг муутгаж, эвдрэлд хүргэдэг. Ингэсэн үед таны тоормос муу барьна.

2. Савыг нээх

Пластик савны гадна талд MIN, MAX хэмжээс байдаг. Харагдахгүй бол цаанаас нь гар чийдэн тусгаж байгаад харах бөгөөд MIN дээр очсон бол нэмж, MAX-аас илүү гарсан бол соруулаар авч багасгах хэрэгтэй. Энэ үед хөдөлгүүрийг асаах эсвэл унтраах аль ч тохиолдолд болно. Ихэвчлэн унтраалттай үед нь үздэг. Энд нэг зүйлийг санаж аваарай.

Хэрвээ таны наклад нимгэрсэн бол тоормосны шингэн дагаад багассан байдаг. Тиймээс накладаа сольсон бол шингэний түвшинг шалгаж байгаарай.

Харин төмөр савтай бол тагыг эргэдэж гаргах бөгөөд таг нь өөр дээрээ MAX, MIN хэмжээсийг илэрхийлэх заалттай байдаг. Түүгээр баримжаа авч болно. Хэрвээ нэмэх шаардлага гарсан бол тагыг нээгээд удааж болохгүй.

3. Нэмэх

Тоормосны шингэн шаардлагатай хэмжээндээ хүрэхгүй бол нэмэх хэрэгтэй. Харин сав нь хоосон бол системийн аль нэг газраар шингэн алдагдсан байх магадлалтай тул шалгуулах хэрэгтэй. Мөн савыг ердөө 15 мин онгорхой байлгахад тоормосны шингэн агаар дахь чийгшилийг өөртөө шингээж бохирддог гэдгийг анхаараарай.

4. Өнгийг нь шалгах

Хэмжээ зүгээр ч өнгө нь харалсан бол солиулах шаардлагатай болсныг илэрхийлнэ. Авто үйлдвэрлэгчдийн зүгээс 2 жил тутамд солиулахыг зөвлөдөг бөгөөд энэ нь гидравлик эд ангиудыг хугацаанаасаа өмнөх зэврэх эрсдэлээс хамгаалдаг.

Анхаарах
  • Тоормосны шингэн нь хортой, тиймээс хэрэглэсэн сав, алчуур зэргийг даруй устгах хэрэгтэй.
  • Тоормосны шингэнийг сэв арилгагч мэтээр кузовын будганд хэрэглэх нь бий. Энэ нь сэвийг биш будгийг иддэг тул хэрэглэхгүй байх хэрэгтэй.
  • Задлаад удсан тоормосны шингэнийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ердөө 15 мин нээлттэй байхад агаарын чийгшлийг өөртөө шингээгээд ажиллах чадвар нь мууддаг гэж дээр хэлсэн.