TOYOTA LAND CRUISER 200 МАШИНД ҮҮСДЭГ НИЙТЛЭГ ГЭМТЭЛ
Шинэ үеийн Land Cruiser 200 загварыг цоо шинэ явах эд анги, хөдөлгүүр зэрэгтэйгээр үйлдвэрлэж эхэлсэн. Гол онцлогуудаас дурдвал хуучин лоомон гарыг ашиглахаа больж урд тэнхлэгийг пүрштэй болгосон, зэрэглэлтэй өндөртэй загваруудад KDSS буюу тэнхлэгийн явалтыг энгийнээс илүү суналттай болгох системийг суурилуулсан, Ланд 100 болон Лексус 470-аас илүү бахим гар, рулын шарнертэй, рамны бат бэх чанар, зузаан нь нэмэгдсэн байв. Хэдий ингэж сайжирсан ч гэсэн ашиглалтын явцад доорх эвдрэлүүд гардгийг мэдэхэд илүүдэхгүй.
Амартизатор
Шинэ хөдөлгүүртэй (дизель мотор) жин ихтэй болсноор урд тэнхлэгт ирэх ачаалал ихсэж явдалдаа савалгаатай мэдрэгддэг сул талтай. Энэ нь хот доторх замд төдийлөн мэдрэгдэхгүй байдаг. Өөрийн амартизатороор удаан явсан (40,000 км дээш) бол тос хаяхгүй ч ажиллагаа суларсан байдаг. Иймээс жолооч хэрэглээнээс хамаарч энгийн эсвэл спорт амартизатороор сайжруулж тавьж болно. Хэрвээ та ихэвчлэн хөдөө явдаг бол спорт буюу шороон замд тохирсон амартизатор суурилуулбал савалгаа багатай.
Рулийн хөндлөн аппарат
Эхэнд үйлдвэрлэгдсэн загваруудын хувьд рулын аппаратаар тос хөлрөх согог одооноос илрэх болсон. Шалтгаан нь хүйтэн нөхцөлд рулын аппаратанд ачаалал өгснөөр царцсан эд ангийн ачаалал даралтыг даалтыг тос алдаж, хөлрүүлдэг. Засварлахын тулд хөндлөн аппаратыг комоор нь солихоос наашгүй учир нь сальникууд нь дангаараа борлуулагдахаа байсан. Тиймээс засварын зардал өндөртэй. Мөн рулын хөндлөн аппаратны лап резин хагарах, цуурах, бяцарсан байдалтай оношлогдох нь түгээмэл болсон. Ингэснээр руль салгалах шинж тэмдэг хөдөлгөөний үед мэдрэгддэг. Энэ үед мөн л рулын хөндлөн аппаратыг комоор нь солих шаардлагатай.
ABS мэдрэгч
Урд хойд тэнхлэгийн ABS тоормосны системийн утас илэвтэр байрлалтай байдаг. Хөдөө замд гадны хүчин зүйлсээс болж утас тасарснаас болж хянах самбар дээр ABS/VSC/4Lo индикаторууд анивчиж мэдэгддэг. Засварлахын тулд ABS-ийн утсыг шинээр солих шаардлагатай.
Цаапны шаарик
Өмнөх үеийн TOYOTA Ланд Круйзер 80 болон 100 шиг цаапны шаарикыг нь тайлж тослох, үйлчилгээ хийх боломжгүй үйлдвэрийн цутгалттай болсон. Тиймээс аль болох гамтай, ачаалал бага өгөхөөр явах хэрэгтэй. Үүний тулд гол усаар их гарахгүй, усанд удаан зогсохгүй байх, аль болох хөнгөн жин багатай дугуй хэрэглэх шаардлагатай. Хэрвээ таны шаарик эвдэрсэн бол оригинал бүтээгдэхүүн хэрэглэж 2 дахин зардал, ажил болохоос сэргийлээрэй.
Тэнцүүлэгч, даравч резин
Хэрвээ таны машины амортизатор, гар, өндгөн тулгуур хэвийн атлаа дуугараад байвал хэвтээ тэнцүүлэгчийн даравч резин муудсан байх магадлалтай байдаг.
ШАРИК
Бензин хөдөлгүүрийн хувьд олон шариктай болсон. Хэрэглээний явцад муудаж хүнгэнэсэн дуу ордог. Энэ үед заавал шинээр оригинал шаарикаар солиулах шаардлагатай.
Бензин насос, шүүр
Том мотортой хөдөлгүүрийн форсункны ажиллагаа нарийн технологитой болж улмаар бензин насосны даралт сайжирч, шүүрний шүүх чадвар нарийссан. Бохирдол ихтэй бензин хэрэглэвэл шүүрийг бөглөж насосны ажиллагааг хүндрүүлэх бөгөөд үүнээс үүдэн хөдөлгүүр бензинээр дутагдаж хүчгүй болох нь мэдрэгддэг. Энэ нь зуны халуунд бүр их мэдрэгддэг. Учир нь бензин халуунд сийрэгжиж+насосны дутуу шахалт нөлөөлнө. Харин сэрүүн нөхцөлд энэ догол мэдрэгдэхгүй болдог.
Эх сурвалж: www.cardoctor.mn