УТААГ ДАХИН АШИГЛАХ EGR СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ? №229
Ажилласан утааг бага хэмжээгээр ашиглаж агаар шатахууны холимогтой нийлүүлэх замаар цилиндр дотор шаталтын температурыг бууруулж, утааны найрлага дахь азотын ислийн хэмжээг багасгах зорилготой. Авто үйлдвэрлэгч нар хөдөлгүүрээс гарах утааны стандартыг мөрдөж, хорт хаягдлын хэмжээг багасгахын тулд EGR системийг ашиглах болсон.
Тус систем гэмтсэн, эвдэрсэн тохиолдолд доорх зүйлс хөдөлгүүрт ажиглагдана
- Хянах самбар дээр хөдөлгүүрийн шар гэрэл асна
- Утааны тестэд бүдэрнэ
- Нормал жигд бус болно
- Хурд авах үед хөдөлгүүр орилно.
EGR систем нь клапан, клапангийн байрлал мэдрэгч, температурын мэдрэгч, селенойд, хөргүүр зэрэг зүйлсээс бүрддэг. Одоо нэг бүрчлэн үүргийг нь танилцуулая.
EGR клапан
EGR клапангийн онгойлтоор хөдөлгүүрийн шаталтаас үүссэн утааны бага хэсэг шатах камер луу агаар сорох хоолойгоор дамжин орно. EGR клапанд гэмтэл алдаа гарвал хянах самбар дээр Check engine шар гэрлийг асаадаг.
EGR клапангийн байрлал мэдрэгч
EGR клапангийн нээгдсэн өнцгийг хэмжиж ECU-д мэдээлэх үүрэгтэй.
Температурын мэдрэгч
Утааны хэмийг хэмжиж ECU-д дамжуулах үүрэгтэй.
Соленойд
ECU-ээс ирсэн сигналыг вакум клапангийн туслалцаатайгаар нээж хаана.
EGR хөргүүр
Хөдөлгүүрийн шатах камер луу орох утааг агаарын урсгал болон хөдөлгүүрийн хөргөлтийн шингэнийг ашиглан хөргөх үүрэгтэй төхөөрөмж.
Эх сурвалж: www.cardoctor.mn