АВТОМАШИНЫ ХАМГААЛАХ ЧАДВАРЫГ ОРЧИН ЦАГТ ХЭРХЭН ШАЛГАДАГ ВЭ?
Та Youtube сайтад байдаг хуучин болон шинэ 2 машиныг хооронд мөргөлдүүлэх энэхүү бичлэгийг үзсэн бол орчин үеийн автомашин хуучны машинаас хэр бат бөх болохыг мэдсэн байх.
Өнөөдрийн байдлаар АНУ-д автомашиныг худалдаанд гаргахаас өмнө шалгадаг Үндэсний Авто замын Аюулгүй Байдлын Удирдах газраас (NHTSA) явуулдаг Холбооны улсын Моторт Тээврийн Хэрэгслийн Аюулгүй Байдлын Стандарт (FMVSS)-ийн тест болон Шинэ автомашины үнэлгээ хэмээх 5 хүртэлх одоор үнэлдэг (NCAP), Автозамын Аюулгүй Байдлын Даатгалын Инстутын (IIHS) үнэлгээ зэрэг олон тест шалгуураар шалгаж тухайн машин зорчигчийг хэр сайн хамгаалж чадах вэ гэдгийг нь шалгадаг.
Ингээд эдгээр тестүүд автомашины аюулгүй байдлыг хэрхэн шалгадаг талаар танилцацгаая. Мөн та өөрийн авахаар сонирхож буй машинаа хэр хамгаалах чадвартайг дээрх сайтууд руу орж шалгах боломжтой.
Урд талаар саадыг бүтэн мөргүүлэх тест
FMVSS 208 стандарт тест нь нь автомашины аюулгүй байдлын ерөнхий тест бөгөөд анх 1968 оноос шалгаж эхэлснээс хойш төрөл зүйлсээ нэмж маш олон төрлөөр шалгадаг болж өөрчлөгдсөөр ирсэн.
Ингэж шууд эгц урдаас нь машины урд талын хэсгийг бүх хэсгээр нь мөргүүлж шалгахдаа 50 км/цагийн хурдтайгаар давхиулж, суудлуудад хиймэл хүнийг аюулгүйн бүсийг зүүлгэхгүйгээр суулгаж туршдаг. Харин NCAP үнэлгээнд арай хурдан буюу 55-с дээш км/цагийн хурдтай явуулдаг ба хүүхэлдэйн суудлын бүсийг бүсэлсэн байдаг байна.
Урд хэсгийн 25 хувиар саадыг мөргүүлэх тест
Энэхүү тест нь хамгийн сүүлд нэмэгдсэн тест юм. 65 км/цагийн хурдтайгаар туршилтын машины урд талын 25 хувьтай тэнцэх хэсгээр саадыг мөргүүлдэг. Автомашины энэ хэсэгт урд тэнхлэг багтах бөгөөд ослоос хамгаалах бүтэц хамгийн багатай хэсэг гэж үздэг байна.
Автомашин ийм тохиолдолд ихэнхдээ мөргөлт болсон тал руу эргэж, сууж яваа зорчигчийг урагш өнцөгтэй байдлаар шидэхээр байдаг.
Зарим тестийн үед туршилтын хүүхэлдэйг хажуу болон урд талын аюулгүйн дэрнүүд хамгаалж чадахгүй урд баганыг мөргөхөөр байжээ. Анх энэхүү тестийг нэвтрүүлэх үед 11 машинаас 3 машин л сайн үнэлгээ авч байжээ. Ийм учраас энэ тестийн үнэлгээг сайжруулахын тулд автомашины урд баганыг илүү зөөллөгчтэй хийх, зорчигч хэсгийн хөл доорх хэсгийн бүтэц болон мөргөлтийн хэсгийн хамгаалалтыг илүү сайжруулсан байна.
Урд хэсгийн 40 хувиар саадыг мөргүүлэх тест
Мөн адил 65 км/цагийн хурдтайгаар урд талын 40 хувьтай тэнцүү хэсгээр саадыг мөргүүлж шалгадаг. Тестийн үед мөргүүлж буй биетийн эвдрэлийг ажиглах үүднээс мөн мөргүүлэх зүйлийн хүрэлцэх хэсэгт хэврэг нүхтэй хөнгөн цагаануудыг байрлуулдаг байна.
Энэхүү тестээр 1995 оноос хойш шалгаж эхэлсэн бөгөөд тухайн үед маш олон машин хангалтгүй үнэлгээг үзүүлж байжээ. Иймээс автомашин үйлдвэрлэгч нар зорчигчийн хэсгийн рамыг илүү бат бөх болгон мөн цохилтын хүчийг тараан дамжуулах бүтэцтэй замыг хөдөлгүүрийн хэсэгт шинээр хийжээ.
Хажуугийн хэсгийн хамгаалалтыг шалгах тест
FMVSS 214 стандарт тестийн дагуу тестэд орж буй машины хажуу талаас 1.3 тонн жинтэй, урд хэсэг нь сүйтгэгчтэй зүйлээр 53 км/цагийн хурдтайгаар эгц хажуугаас нь мөн 63 градусын өнцөгтэйгөөр мөргөж шалгадаг байна.
NCAP тестэнд 60 км/цагийн хурдтайгаар мөргөж шалгадаг. Харин IIHS-ийн тест 1.4 тонн жинтэй зүйлээр эгц хажуугаас 49 км/цагийн хурдтайгаар мөргөж шалгадаг. Ингэхдээ жийпний адил өндөрт байрлах хэсгээр автомашиныг мөргөдөг.
IIHS-т арай жижиг биетэй хүүхэлдэйг тавьж туршдаг ба энэ үед мөргөлт хүүхэлдэйн толгой хэсэгт ирдэг байна. 2003 онд нийт автомашинуудын дөнгөж 20 орчим хувь нь сайн гэсэн үнэлгээг авч байжээ. Орчин үед ихэнх автомашины хажуу хэсэг болон хаалганы бүтцийг илүү хүчитгэн, босоо багануудад хажуугийн болон хөшгөн аюулгүйн дэрнүүдийг хийж өгөх болсон.
Дээврийн хэсгийг шалгах тест
NHTSA 2013 онд энэхүү тестийг шинэчилсэн бөгөөд хавтгай зүйлээр автомашины дээврийн ирмэг рүү дарж өгдөг. Энэ үед автомашины жингээс 3 дахин илүү жингээр дарахад 5 инчээс илүү хонхойх ёсгүй байдаг.
Харин илүү хүнд буюу 2.7 тонноос 4.5 тонн жинтэй машинуудын хувьд өөрийн жингээс нь 1.5 дахин хүнд жингээр дарж шалгадаг ба 2017 оноос бусад машины адил стандартаар шалгахаар болжээ.
Харин зарим өндөр таазтай машины хувьд дээврийн хэсэг 5 инчээс илүү доош орж болно гэж үздэг байна. Энэхүү тестэд сайн үнэлгээ авах үүднээс автомашинуудын дээврийн давхаргыг зузаатгаж, өндөр чанартай ган ашигладаг болсон.
Шатахууны системийн тест
Зорчигчийг мөргөлтөөс хамгаалах тест биш боловч FMVSS 301 стандартын дагуу бензин түлшний систем ослын үед шатахууныг их хэмжээгээр гоожуулахаас сэргийлэх ёстой байдаг.
Иймээс урд талаас мөргүүлэх тест болон бусад араас мөргөх зэрэг тестийн дараа шатахуун алдагдаж буй хэсгийг давхар шалгадаг байна. Ингэхдээ банкыг 93 хувь нь дүүрэн шатахуунтай байлгаж шалгадаг. Харин цахилгаан хөдөлгүүртэй автомашины хувьд ямар нэгэн цахилгаан хэлхээ масс үүсэж байна уу гэдгийг шалгадаг байна.