ДУУГААР ШИНЖИХ НЬ №252
Жолооч бүхэн өөрийн төмөр хүлэгтээ аятай тухтай зорчихыг хүсдэг. Замдаа жаргалтай явахын нэгэн хэсэг нь яахын аргагүй автомашинаас гарах дуу чимээ юм.
Түлхүүр түлхэх эсвэл асаах товчлуураа дарахад л хөдөлгүүрийн гаргах дуу тогтуун жигд байх ёстой байдаг. Хэрэв үгүй бол ямар нэгэн асуудал байж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд гайхалтай инженерчлэлийн үр дүнд бараг дуу чимээ гаргахааргүй болсон. Тухайлбал цахилгаан машинуудын тухайд л гэхэд ассан үгүйг нь дуугаар нь таних боломжгүй болоод байна.
Хэрвээ таны машинаас тухгүй дуу чимээ гарч байгаа бол юунаас шалтгаалж гардаг ерөнхий мэдээллийг хүргэж байна. Өөрөө мэдэхгүй бол мэргэжлийн газруудаар оношлуулж байгаарай. Таамаглаж засвар үйлчилгээ хийх нь үргүй зардал гаргах эрсдэлтэй байдаг.
1. Исгэрэх чимээ
Хэрэв таны автомашинаас ямар нэгэн исгэрэх чимээ гарч байгаа бол энэ нь хөдөлгүүрийн хөргөлтийн систем, паар эсвэл вакум шугамнаас ямар нэгэн шингэн эсвэл хий алдагдаж байж болзошгүй иймээс хөдөлгүүрийн эргэн тойронд шингэн гоожсон хий гарч буй эсэхийг шалгаарай.
Энэ нь хөдөлгүүрийн хэт халалт зэргээс шалтгаалах бөгөөд даамжирвал хийн эсвэл шингэний хоолой задрах, жолоодлого, шатахуун зарцуулалт зэрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймд мэргэжлийн механикт очиж шалгуулах шаардлагатай.
2. Харшилдах дуу чимээ
Хурд сааруулагч, овон товон газар эсвэл нүхэн дээгүүр машинаараа гарах үед ямар нэгэн харшилдах чимээ гарч байвал автомашины аль нэгэн эд ангийн ажиллагаа муудсан байж болзошгүй. Өндгөн тулгуур, гарны втулкууд эсвэл босоо тэнцүүлэгч зэрэг муудсан байх тохиолдолд ихэнхдээ харшилдах дуу гардаг бөгөөд бусад явах эд ангиудаас ч мөн шалтгаалсан байж болзошгүй. Энэ үед явах эд ангийн оношилгоонд оруулах хэрэгтэй.
3. Чахрах чимээ
Хэрэв автомашины хөдөлгүүрээс ямар нэгэн чахрах чимээ гарч байгаа бол духны рементэй холбоотой байж болзошгүй. Ремен нь муудсан эсвэл татагч гэмтсэн байж болзошгүй. Хэрэв анхаарахгүй орхивол эцэст нь ремен тасрах моторыг цохиулснаар өндөр зардалтай засвар хийлгэхэд хүрч болно.
Духны ремен солиход тийм ч үнэтэй биш бөгөөд мэргэжлийн газрууд нь хялбархан сольж өгдөг. Тиймээс жолооч нарт зөвлөхөд ийм дуу гарч байвал мэргэжлийн инженерээр шалгуулж дараа нь учирч болох эрсдэл зардлаас сэргийлээрэй.
4. Металл хавиралдаж шархирах дуу
Хэрэв тоормос гишгэхэд шархирах чимээ гарч байгаа бол таны тоормосны наклад нимгэрсэн байна гэсэн үг. Ихэнх наклад элэгдсээр тодорхой түвшинд хүрэхэд ийм чахарч шархирах дуу гардаг байхаар хийгддэг. Энэ дуу нь накладаа солих хугацаа болжээ гэдгийг сануулдаг юм.
Хэрэв үүнийг анхаарахгүй орхивол автомашины зогсолт муудахаас гадна пиланзыг зурж болзошгүй. Харин автомашин явж байх үед арай бага ийм төрлийн чимээ байнга гараад байвал цапны шарик муудсан байж болзошгүй. Мөн л явах эд ангийн оношилгоонд оруулах хэрэгтэй.
5. Ямар нэгэн пижгэнэсэн дуу гарах
Хэрэв урдаа хөтлөгчтэй машины урд хэсгээр удаан явж байгаа вагоны дуу шиг пижгэнэсэн дуу гарч байгаа бол энэ нь таван бул муудсаны дохио юм. Харин ардаа хөтлөгчтэй машины араас бага ийм төрлийн дуу гарч байгаа бол карданы нугасан холбоос муудсаны дохио юм.
6. Нижгэнэх, пиржигнэх чимээ
Хэрэв эргэлт дээр, таны машинаас хүрхрэх чимээ гарвал гидрийн насос тань хэрэгцээгүй болжээ гэсэн үг. Үүнийг орхиж болохгүй асуудал. Хэдийгээр орчин үеийн автомашинууд цахилгаан рулийн аппараттай байдаг ч үндсэн ажиллагаа нь гидравлик байдаг. Мөн он хөгшин машинуудын хувьд ажиллагаа нь ихэнх нь муудсан байдаг учраас анхаарахыг зөвлөж байна.
7. Капот дотор бөглүү тонших чимээ
Хэрэв моторт тачигнасан, хүнгэсэн эсвэл юм давтаж буй мэт дуу гарвал болгоомжлох хэрэгтэй. Энэ 3 шуугиан өөр хамааралтай боловч шаталтын асуудалтай холбоотой. Энэ нь хэт хурдлах эсвэл хөдөлгүүр хэт ачаалах үед илүү анзаарагдана. Учир нь хөдөлгүүрийн шаталтын камерт тогтвортой шаталт явагдахгүйгээс болж тогших, тарчигнах чимээг үүсгэдэг. Үүнээс шалтгаалж автомашины поршен хүртэл гэмтэж болзошгүй.
Дээрх зүйлсийн шалтгаан нь өндөр эсвэл бага октантай бензин хэрэглэснээр детонац үүсэх, агаар-бензиний холимог буруу болох, гал зөрөх зэргээс болж үүсэж болно.
8. Тогших, цохих чимээ
Хаазыг нэмэх үед тогших чимээ гаргаж байгаа бол энэ нь хүндхэн асуудал үүсгэж болзошгүй. “тап-тап-тап” гэсэн чимээ нь ерөнхийдөө нударган голын тохиргоо алдагдсантай холбоотой, үүнийг дахин тохируулснаар асуудал шийдэгдэнэ . Хэрэв ийм чимээ нь арай чангаар юм давтаж буй мэт болвол илүү аюултай учраас эрт дээр нь оношлуулж инженерт үзүүлэх хэрэгтэй.
Харин ийм төрлийн чимээ доод хэсэгт сонсогдож байгаа бол вкладыш муудсан эсвэл хүч дамжуулах эд ангиудад асуудал үүссэн байж болзошгүй.
9. Шаржигнах чимээ
Таны машин гүйлт ихтэй механик араатай бөгөөд араагаа солих үед шаржигнах чимээ гарч байвал энэ нь хэд хэдэн шалтгаантай. Ерөнхийдөө арааны хавиралт нь консны аппарат элэгдэж муудсаны шинж конс гишгэхэд арааг бүрэн салгаж чадахгүйгээс гарсан дуу юм.
10. Хүрхрэх
Хэрэв хойноо хөтлөгчтэй машины ард хэсгээс ийм дуу гарч байгаа бол дифференциалтай холбоотой байх магадлалтай. Энэ хэсгээс хурдлах, удаашрах, зогсож байхад зэрэг ямар нөхцөлд явж байгаагаас хамааран олон янзын дуу гарч болно. Араа эсвэл холхивч элэгдэх, муудах зэргээс шалтгаалж ийм төрлийн дуу гардаг.
Эх сурвалж: cardoctor.mn | autoguide.com