БАНДГАР 120 COROLLA
Toyota Corolla бол суудлын бага ангиллын загвар дотроо нилээн урт түүхтэйд орохоор юм билээ. Миний хувьд Corolla-г бодитоор нь харсан нь тэртээ 87 он хавьд байхаа, тухайн үед монголд барууны тэрэг гэж бараг юм байсангүй, тэр байтугай оросын Лада ч харагддаггүй үе байсан юм.
Нэг өдөр их дэлгүүрийн дэргэдүүр өнгөрч явтал хаана ч хараагүй гоё цэнхэр суудлын тэрэг их дэлгүүрийн зогсоолд байсан юм. Ойр хавьд нь оросын л машинууд байсан, түүн дотор ганцаараа торойж байсан. Очиж сонирхоод ямар ч байсан TOYOTA Corolla болохыг мэдэж авсан юм.
Тухайн үеийн Чехословакийн элчин сайдын ямны машин байсан юм билээ. Одоо ч гэсэн яг тэр дүрээрээ нүдэнд харагддаг юм. Дараа нь бас хэд хэд таарсан даа. Тэр үед оросын автомашины сэтгүүлээс л гаднын автомашины тухай мэдэж авдаг байлаа. За одоо өнөөдөр өгүүлэх Corolla-ийн яриандаа орцгооё.
Энэ удаад 120 Corolla-ийн талаар тойм хийе гэж бодлоо. 2000 онд шинэчлэгдэн гарсан бөгөөд бензин 1.3, 1.5, 1.8 гэсэн 3 төрлийн, 2.1 литрийн 3С-Е дизель хөдөлгүүртэй гарсан юм. Харин хурдны хайрцаг нь 4 шатлалтай автомат болон 5 араатай механик гэсэн 2 сонголт бий. CVT автомат хурдны хайрцаг тавигдаагүй юм. Хөдөлгүүрийн хувьд янз бүрийн асуудал байхгүй.
Олон жилийн туршид сайжирсаар ирсэн болохоор дутагдалууд нь арилсан гэхэд болно л доо. Мөн 4 дугуйгаар хөтлөх системтэйг сонгож болно. Арай илүү бензин иднэ. 2000 оны дундуур дэлхийн хамгийн бага эвдрэлтэй машинаар шалгарч байсныг санаж байна. Хамгийн сүүлийн байранд лав Шкода Фелициа орж байсан юмдаг. Тэгэхээр энэ машинтай ноцтой эвдрэл гэмтэл яриад байх зүйл байхгүй дээ. Харин зай багтаамжийн хувьд жижиг гэдэг нь үнэн шүү. 120 загвар бол Corolla дотроо хамгийн бандгар хамгийн өндөр нь байх шүү.
Гадна дизайны хувьд бол яг сайхан тохируулсан илүү дутуу маяг байхгүй нүд дүүрэн гэдэг шиг л болсон байна. Түүнээс өмнөх загваруудыг хажууд нь зэрэгцүүлээд харахад нэг л жижиг хэврэг мэт харагдах байх. 120 бол нэг л цул, юм мөргөсөн ч яах ч үгүй юм шиг харагдана. 2000 оноос 2004 он хүртэлх загварын урд нүүр арай жижиг байгаа ба урд талаасаа ердийн л жижиг машин мэт. Харин 2004 оны загвар нь их гарын седануудын урд нүүр шиг том болж сүрлэг харагдах болсон байна.
Гадна талдаа багааж дээрээ X, G гэсэн үсэгүүдтэй ба G хувилбар нь арай илүү. Мөн Luxel гэсэн хувилбар бий. Гэхдээ G болон Х нь дотроо бас их олон янз байдаг. Манай хэдэн ченжүүд нэг бол G, эсвэл Х гээд л дайрчихна шүү дээ. Ерөнхийдөө мэдэгдэхүйц ялгаа нь гэвэл паарны удирдлага, автомат эйр кондишн зэрэг.
Тэгээд цаашилбал, гэрэлийн ламп, хөгжим, хивсэнцэр гэх мэт жижиг зүйлүүдээр ялгагдаад эхлэнэ. Дугуйн обод нь колпактай төмөр ободтай, авсны дараа тусд нь хайлшин обод авах хэрэгтэй болох байх. Тэгэхгүй бол колпак манах нэг ажил нэмэгдэнэ.
Одоо салон доторхыг сонирхоё. Бүх байх юм байрандаа байгаа мэт цомхон санагдана. Арай үнэтэй загваруудад навигаци, модон оруулга нэмэгдээд илүү үзэмжтэй харагдах юм. Хаалганы дотор талд том загваруудын адил хажуугийн хамгаалалтын трубан хөндлөвчтэй. Хурдны хайрцагийн рычагны зам нь эхлээд энгийн шулуун байсна сүүлд шаталсан замтай болсон нь Lexus маягийн. Мөн хянах дэлгэцүүд дотроо маш олон ялгаатай байдаг.
Сүүлийн үеийнх нь цагаан дэвсгэртэй илүү спорт маягийн ч гэмээр юмуу. G болоод ирэхээрээ хойд суудлын дунд тохойвч бууж ирэх ба түүн дээр 2 ундааны тавиуртай байх гэх мэт ялгаанууд гарна. Материалын сонголт хувьд нэг тийм зөөлөн их зүгээр материалтай юм. Голдуу цайвар шаргал өнгөтэй юм. Хойд суудлын өвдөгний зай бол бага бага. Тэгэхээр намхан хүн жолоодвол хойно нь бага зэргийн зай гарах байх. Өндөр хүн жолоодвол ч хойно суух тун хэцүүдээ.
Харин ч өмнөх загваруудыг бодвол зайтай болсон гээд байгаа, тэгэхээр өмнөхөд нь яаж багтаж байсан юм болдоо. Саяхан нэг өдөр бурхантай хөшөөн дээр байж байтал нэг Corolla ирж зогсоод дотроос нь 8 хүн буудаг юм байна, хойноос нь 6 хүн гэдэг чинь яаж багтсан юм болоо. Бүр гайхсан шүү.
Энэ загварт элдэв төвөгтэй электрон систем багатай маш энгийн, багаажны зай нь харьцангуй том, цэвэрхэн гэх зэргээрээ хэрэглээнд ойрхон гэж бодож байна. Corolla Fielder буюу комби загвар нь хойшоогоо урт болохоос ерөнхийдөө бол седан л гэсэн үг. Харин салоны өнгө нь хар, хар саарал гэх мэт бараан. Арын суудлууд 2 янзаар эвхэгдээд ачаа ачих боломжтой. Бүр ор маягийн ч болчихно. Бага зэрэг цэвэрхэн юм зөөхөд тохиромжтой. Ер нь бол Corolla-ийн суудал их доор суулттай.
Брэнд нэрийн хувьд аль хэдийн дэлхийд танил болсон учраас санаа зовоод байх юм байхгүй, шууд л авмаар байвал авахад зүгээр. Харин манайд л үнэтэй байгаад байх юм. Бараг Premio Allion-той ойролцоо үнэтэй байх юм. Арай богино гэдгээрээ туулах чадвараар арай илүү байх. Цөөн ам бүлтэй хэмнэлттэй, ажил гэр гэдэг хүмүүст бол яг тохирно.
Жинхэнэ машин сонирхдог хүмүүс бол голох байхаа. Сүүлийн үед манайхан 2, 3 машинтай болоод байгаа түүний нэг нь Corolla байвал зүгээр байх шүү. Бензин зарцуулалт бол зун цагт 8 хавьд л, өвөл бол 10 гаргах байх шүү. Манай зам ямар муу билээ, дээр нь бөглөрөл, маш ойрхон зайнд удаан явдаг зэргээс болоод их идээд байгаамаа. 120-ийн дараачийн загвар бол бөмбөгөр 2006 оны Камри шиг л болсон. Практик талаасаа бол 120 загвар зүгээр гэж бодох юм.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд