ELON MASK-ИЙН БАРЬЖ БУЙ ТЕСЛАГИЙН СТРАТЕГИ: ШАХУУ ХУГАЦАА ТАВЬЖ ТОМ ХОЖИХ

Маскийн онол: Өөрийн боломжтой гэж бодож буй хугацааг битгий төлөвлө

Тесла Моторсын гүйцэтгэх захирал Элон Маск нь ирээдүйг наашлуулж байдаг гэдгээрээ алдартай нэгэн билээ. Гэсэн хэдий ч түүний төлөвлөсөн хугацаа нь үргэлж цагаасаа хоцорч байдаг. Олон нийтийн дунд асар их хүлээлтийг үүсгээд байсан бүрэн цахилгаан SUV загвар болох Model X гэхэд л анх зарлаж байсан хугацаанаасаа бүтэн нэг жил хагасын дараагаас үйлдвэрлэгдэж эхэлсэн.

Тэгвэл өнгөрсөн 4-р сарын нэгэнд танилцуулсан, дараагийн загвар болох Model 3-н хувьд 2017 оны 7-р сарын нэгнээс үйлдвэрлэгдэж эхэлнэ гэж байгаа боловч мөн л хоцрох бололтой. Зарим нэгэн нь үүнийг менежментийн алдаа гэж үзэж байгаа бол энэ нь эсрэгээрээ бизнесийн стратеги байж болох юм. Үүнийг олон нийтийн медиа - Маскийн онол гэж нэрлээд байгаа юм.

Энэ онолын зарчим нь: Хүмүүс асар их дарамтын дор ажиллаж байгаа үедээ л өөрчлөлтийг авчрах зүйлийг бий болгодог. Тиймээс үүний түлхүүр нь хэзээд боломжгүй шахуу эцсийн хугацааг төлөвлөж байх юм. Энэ бүхэн магадгүй Элон Маск яагаад өөрийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд төлөвлөсөн цагтаа гаргаж чаддаггүйн учир нь байж болох юм. Энэхүү байдал нь цаашлаад хувьцааны зах зээлд маш ээдрээтэй байдлыг бий болгосоор байна.

Элон Маск өөрийн “бүтэлгүйтлээр ялах” гэсэн энэхүү стратегийн талаараа компанийн дараагийн загвар болох Model 3-н үйлдвэрлэгдэж эхлэх хугацааг зарлахдаа дурдсан байна. Учир нь энэхүү загварыг хүмүүсийн бодож байснаас хамаагүй эрт буюу ирэх оны 7 сарын 1-ээс үйлдвэрлэж эхэлнэ гэж зарласан юм.

Тэрээр хэлэхдээ:

Бид дараа жилийн 7 сарын 1-н гэхэд шинэ загвараа маш их хэмжээгээр үйлдвэрлэж чадах уу? гэвэл мэдээж хэрэг чадахгүй. Харин бидний боломжтой хугацаа гэвэл 2017 оны эцсээр  л боломжтой. Тийм учраас бид хугацааг оны дундуур болгон төлөвлөснөөр, компанийн дотоод ажилчид гэлтгүй бусад бүх хүмүүсийг эрчимжүүлж байгаа юм.

Тэрээр энэхүү төлөвлөгөөт хугацааг зарлахдаа шууд олон нийтэд нээлттэйгээр зарладаг нь хөрөнгө оруулагч нарын анхаарлыг мөн ихээр татдаг байна. Дээрх хугацаанаас гадна тэрээр мөн Tesla компанийн талаарх, автомашины үйлдвэрлэлийн түүхэн дэх хамгийн том амбицтай үйлдвэрлэлийн хугацааг зарласан байна.

Тэрээр хэлэхдээ Tesla компани жил бүр 50 мянган ширхэг цахилгаан машиныг илүү үйлдвэрлэсээр, 2018 он гэхэд нийт 500 мянган цахилгаан машиныг нэг жилд зах зээлд нийлүүлэхийг төлөвлөж байгаа гэнэ. Энэхүү төлөвлөгөө нь тэдний анх тавьсан зорилгоос бүтэн 2 жилээр наана хугацаа юм.

Тэдний анхны тавьсан төлөвлөгөө буюу 2020 он 500 мянган автомашин үйлдвэрлэдэг болохоор төлөвлөж байсан шиг өндөр үйлдвэрлэлийн өсөлтийг анх алдарт Ford компани 1900-иад онд Model T Загвараараа хийж байсан бол бараг 100 жилийн дараа Tesla компани бүрэн цахилгаан Model 3 загвараараа хийхийг оролдож байгаа юм.

Гэвч энэхүү төлөвлөгөөг зах зээл шинжээч нар бүтэшгүй хугацаа гэж үзэж байгаа бөгөөд зарим судлаачдын үзэж байгаагаар энэ арга нь хүмүүсийг идэвхжүүлж байгаа гэхээсээ илүү санхүү хөрөнгө оруулалттай холбоотой асуудал гэж харж байгаа юм.

Харин үүнийг тайлбарлах бас нэгэн тайлбар бол өмнө дурдсан Маскын онол юм. Өөрөөр хэлбэл тэдний эхэлж тавьсан 2020 оны зорилго хүрч болохуйц зорилго байгаа бол, хэрэв хүн болгон илүү хичээж, шаргуу ажилласнаар энэ зорилгыг наашлуулах боломжтой гэсэн үг. Иймээс Элон Маск энэ зорилгын төлөвлөгөөт хугацааг нь наашлуулж, харин 2020 он гэхэд нийт 1 сая цахилгаан автомашиныг борлуулах шинэ зорилгын төлөө ажиллаж байна гэсэн үг.

Уг машиныг хийх үйлдвэрлэлийн хугацааг зарласны дараагаар шинжээч нарын тооцоо 2020 он гэхэд Tesla-г 620 мянган цахилгаан автомашин зах зээлд нийлүүлэх боломжтой гэж таамагласан байна. Гэтэл энэ нь Tesla-н анхны төлөвлөгөөнөөс ч өндөр тоо байгаа юм. Иймээс Маскын онол ажиллах боломжтой болохыг харуулж байж болох юм. Хэдийгээр Элон Маск ч гэсэн өөрийн энэхүү шинэ зорилгодоо хүрч чадахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа ч төлөвлөгөө нь  хөрөнгө оруулагч болон худалдан авагч нарын хүлээлтийг орвонгоор нь өөрчилж байгаа юм.

Учир нь Tesla компанийн хувьд үйлчлүүлэгчдийг цахилгаан машин сонгуулах нь асуудал байхаа аль хэдийн больсон бөгөөд одоо харин үйлчлүүлэгчдийн тэр их хүлээлт болон эрэлтийн хангах асуудлыг шийдэх нь маш том асуудал болоод байгаа юм. Мөн мэдээж хэрэг Элон Маскийн энэхүү том зорилго цахилгаан машины эрин үеийг асар хурдтайгаар наашлуулж байгаа бас нэгэн том алхам болох нь ойлгомжтой билээ.