ЖОЛООЧ НАР ЯАГААД БУХИМДДАГ ВЭ?

Хүн болгонд бодох авьяас заяагаагүй учраас тэд зүгээр л хий хоосон шүүмжилдэг (Карл Густав Жунг)

Бид жолооны ард суугаад, хаазаа гишгэх мөчөөс авахуулаад л анхаарал болгоомж шаардсан төрөл бүрийн сорилтуудтай учирдаг. Энэ нь биднийг бухимдуулах томоохон шалтгаан болдог гэдгийг сэтгэл судлаачид батлаад байгаа билээ.

Тэгвэл энэ талаар Оросын алдарт сэтгэл судлаач Анна Хныкинатай ярилцсанаа одоо танд хүргэе.

Сур: Сайн байна уу Анна! Жолооч нар өнөөдөр маш их бухимддаг болж. Энэ юутай холбоотой гэж та боддог вэ?

Анна: Олон орны эрдэмтэд автомашин жолоодохыг хамгийн бухимдалтай ажлуудын нэгээр тодруулаад буй. Нэгэн хэмийн хурдтай олон цаг явах, гэрлэн дохион дээр байн байн зогсох, тормозлох зэрэг энгийн хирнээ ярвигтай үйлдлүүд хүнийг бухимдуулдаг.

Түүн дээр нь бусад жолооч нарын бүдүүлэг харилцаа, тэвчээргүй зан авирыг нэмбэл яг л мөдхөн дэлбэрэх галт уултай адилхан болдог гэчхэд хилсдэхгүй. Хүмүүс автомашин жолоодохыг энгийн л нэг өдөр тутмын ажил гэж боддог ч, яг үнэндээ тийм биш юм.

Хүн уурлаж, бухимдсан үедээ тэр даруй бухимдлаа гадагшлуулж байх ёстой. Учир нь хүний тархи муу зүйлтэй учирсан даруйдаа "зодолд-эсвэл-зугтаа" гэсэн механизмаар ажиллаж эхэлдэг. Харин жолооч нарын хувьд яадаг вэ?

Уур хүрлээ гээд тэд тэр болгон гараад гүйх ч юм уу, нударга зөрүүлээд байдаггүй шүү дээ. Ингээд л эдгээр сөрөг мэдрэмжүүд сэтгэл дотор бугласаар, эцэстээ бухимдал болон хувирдаг юм.

Сур: Тэгвэл жолоочийг өнөөдөр яг юу хамгийн их бухимдуулаад байгаа юм бэ?

Анна: Яг энэ талаар олон судалгаа хийгдсэн байдаг л даа. Замын түгжрэл, зам засварын ажлууд, хурдны хязгаарлалт, бусад соёлгүй жолооч нар, өөдөөс ирж буй машинуудын гэрлийн буруу тохиргоо, буруу байршуулсан автомашин гээд маш олон зүйлс жолоочийг бухимдуулахад хүргэдэг.

Сур: Ойлгомжтой. Харин одоо жолооч нар бухимдалтай хэрхэн тэмцэх талаар зөвлөгөө хүргээч.

Анна: Зарим жолооч нар автомашиндаа суусан байхдаа өөрийгөө төмөр хуягтай мэт санаж, дураараа аашилдаг ба сэтгэл хөдлөлөө шууд ил гаргадаг. Мэдээж ихэнх сэтгэлзүйч нар уур бухимдлаа гадагшлуулахыг дотроо хадгалахыг зөвлөдөг.

Ер нь стресстэй тэмцэх цорын ганц шалгарсан арга бол-юманд хандах хандлагаа өөрчлөх. Та аливаа асуудлыг яаж харж байгаагаас бүх зүйл шалтгаална. Мэдээж амьдралын чанараа дээшлүүлэхээ мартаж болохгүй. Эрүүл хооллож, эерэг бодол тээж, спортоор хичээллэн, архи тамхинаас аль болох татгалзах хэрэгтэй.   

Би жолооны шалгалтаа 30 жилийн өмнө өгч байсан бол охин маань харин 3 жилийн өмнө өгсөн. Жолооны курсын шалгалтуудын агуулга өдийг хүртэл огтхон ч өөрчлөгдөөгүй байгаад би жоохон гайхсан. Нөгөө л нэг автомашины техник тогтолцоо болон автозамын дүрмүүдээ заадаг хэвээрээ.

Өнөөгийн нийгэмд уг нь жолоочийн сэтгэлзүй болон хэрхэн бухимдалгүй байх тал дээр түлхүү анхаармаар санагддаг юм даа.

Сур: Баярлалаа Анна!

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.