ТАНЫ АВТОМАШИН 80 ЭСВЭЛ 100 КМ/Ц ҮЕТЭЙ ЯВЖ БАЙХ ҮЕД РУЛЬ ЧИЧРЭЭД БАЙНА УУ? №136

Хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж жигд хурдтай явж байхад, эсвэл тодорхой хурданд хүрээд гарт чичиргээ мэдрэгдэх мөн тоормослох үед чичиргээ мэдрэгдэх. Нэг үгээр хэлвэл 70, 80, 90, 100 км/ц хүрээд руль чичрээд байна уу?

Шалтгаан

  • Урд дугуй хавагнасан
  • Рулийн тяг, жолооны механизмд холхио үүссэн
  • Рулийн чичиргээ дарагч амортизатор ажилгүй болсон
  • Дугуйн баланс алдагдсан, манжетка тавьсан
  • Чагтан гол баланс тохиргоо алдагдсан
  • Кардан гол баланс тохиргоо алдагдсан
  • Пеланз сэнсэрсэн
  • Дугуйн боолт сулрах
Засварлах
  • Дугуйг хэвийн гэмтэлгүй дугуйгаар сольж баланс хийлгэх
  • Холхио үүссэн эд ангийг сольж тэнхлэг тохиргоо хийлгэх
  • Рулийн амортизаторыг солих
  • Дугуйн баланс хийлгэх
  • Тоормосны дискийг солих
  • Чагтан гол, кардан голыг шалгах, шаардлагатай бол солих
Дугуйн баланс

Дугуй бол эргэлтийн бие, хүндийн төв нь эргэлтийн тэнхлэг дээрээ таарч байх ёстой. Обудыг үйлдвэрлэж байх явцад жин харилцан адилгүй байдаг тул эсрэг талд ачаа зүүж өгдөг. Дугуйн баланс тохироогүй автомашины тулгуур эд анги буюу амортизатор, өндгөн тулгуур, тяг, шарнер, цап, эх биед хөдөлгөөн доргилт өгснөөр тэдгээр эд ангийг шууд муутгадаг.

Кардан голын баланс

Үйлдвэрээсээ хийхдээ баланс таарсан байдаг. Засвар үйлчилгээ хийхдээ анхны байрлалд нь хийгээгүйгээс болж баланс нь зөрдөг.

Пиланз сэнсрэх

Тоормосны системийн үрэлтийн нөлөөллөөр пиланз зогсдог. Ингэж халсан үед нь ус туулах буюу халуун хүйтэн харшилсан үед хэв гажилтад орж сэнсэрдэг. Иймээс тоормос гишгэх үед руль дээр савалгаа мэдрэгддэг.

Дугуй хавантай буюу манжетка тавих

Хуучин муудсан дугуйгаар юм дайрах, хүчтэй мөргөх, бөөрөөрөө чулуу, хашлага хавирах тохиолдолд дугуйны доторх тросс тасарч хаван үүснэ. Дугуйн хийг хэт сул эсвэл хэт чанга байлгаж болохгүй бөгөөд өөрт заасан стандарт хэмжээний дагуу хийлэх хэрэгтэй.

Дугуйны боолт сулрах

Машин унаж байх явцад сулралт явагдаж байдаг тул байнга шалгаж байгаарай, мөн дугуйг тайлсны дараагаар өөрөө чангалж шалгаж байгаарай.