ГУДАМЖНЫ ГЭРЭЛТҮҮЛЭГ ЯАГААД УЛБАР ШАР БАЙДАГ ВЭ?

Та урьд өмнө нь замын гэрэл, гэрэлтүүлэг ямар байх ёстой талаар бодож байсан уу? Ихэнх замын гэрэл улбар шар өнгөтэй байдаг, харин сүүлийн үед цагаан өнгийн гэрэл илүү түгээмэл болж буй цаанаа маш энгийн шалтгаантай.

Автомашины дийлэнх их гэрэл шар өнгөтэй байдаг. Шар гэрэл нь хөх ягаан туяаг бууруулдаг бөгөөд манан бороотой үед замын харагдах байдал илүү тодорч өгдөг. Харин замын гэрэлтүүлэг улбар шар байдаг нь өөр шалтгаантай. Учир нь улбар шар гэрлийг үйлдвэрлэхэд илүү ХЯМД байдаг.

Ихэнх гудамжны гэрэлтүүлэгт өндөр даралтын натрийн ламп ашигладаг. Ингэснээр илүү бага цахилгаанаар илүү их гэрэл үүсгэж болдог. Ажиллах зарчим нь эдгээр ламп доторх их хэмжээний натри дундуур цахилгаан дамжих үед маш ихээр гэрэл гаргаж улбар шар туяаг үүсгэдэг байна.

Ингэснээр цахилгаан хэмнэж, зардлыг бууруулдаг давуу талтай боловч замын хөдөлгөөнд оролцогч жолооч, явган зорчигч нарын хувьд ач холбогдол багатай юм. Учир нь маш олон тооны судалгаа цагаан гэрэлтүүлэгтэй гудамж - улбар шар гэрэлтүүлэгтэй гудамжнаас илүү тод харагддаг болохыг баталдаг. Гэрлийн хэмжээ нь яг ижил түвшинд байсан ч цагаан гэрэл нь илүү тод харагддаг байна.

Үүнээс гадна гудамжны цагаан гэрэл жолооч нарын харах боломжийг улбар шар гэрлээс хоёр дахин илүү болгодог бөгөөд тоормослох хугацааг 25% бууруулж, самбаачлах чадварыг нь нэмэгдүүлдэг байна.

Иймээс улбар шар гэрэлтүүлэг хямд боловч жолооч зорчигч нарын аюулгүй байдалд олон талын сөрөг талтай. Харин сүүлийн жилүүдэд ихэнх улс хотууд замын хөдөлгөөнд оролцогч, зорчигч жолооч нарын аюулгүй байдлыг бодох үүднээс LED гэрлийг илүүтэйгээр ашиглах болсноор гудамж замыг илүү тод цэвэр харагдуулах боломжтой болж байна. Мөн сүүлийн үеийн шинэ технологиуд эдгээр цагаан гэрлийг эрчим хүчинд хэмнэлттэй эко болгож байгаа нь сайшаалтай.