ТУСГАЛ

Юуны түрүүнд лампыг хосоор нь солих хэрэгтэй. Нэг ламп шатсан бол нөгөөх нь удахгүй ажиллагаанаас гарч л таарна. Нэмээд хуучин лампын гэрэлтүүлэх чадвар муудсанаас болж үзэгдэх орчинг хязгаарладаг.

Шинийг авахдаа шатсан лампаа жишээ болгож байгаарай. Бүр болохгүй бол каталогоос харж худалдагчаас лавлаж болно. Ламп авахдаа Phillips, Narva, OSRAM, GE гээд нэр хүндтэй брэндийг сонгож байхыг зөвлөе. Буруу ламп авахгүйн тулд савлагаа дээрх тайлбарыг анхааралтай уншина уу.

Ашиглалтын хугацааг бичээгүй тохиолдолд лампыг хэр удаан хэрэглэх вэ?        

Халоген лампын ашиглах хугацаа ойролцоогоор 600 цаг байдаг. Энэ хугацаа тэжээлийн хүчдэлээс хамааралтай юм. Дундаж хүчдэл 13,2 Вольт байх ёстой. Энэ үзүүлэлт 5% илүү байхад лампын ашиглах хугацаа 40% буурах ч гэрэл 18% тодордог. Харин хүчдэлийн хэмжээ 5% буурвал лампын ашиглах хугацаа 60% өсөхийн зэрэгцээ гэрлийн тусгал 10% буурч бүдгэрдэг. Ксенон ламп 3000 цаг, LED гэрэл 10000 цаг харин хамгийн сүүлийн үеийн технологийн OLED гэрэл 30000 цаг ажилладаг.

Лампын насыг уртасгах зорилгоор утсыг нь зузаалж вольфрамын атомын ууршилтыг удаашруулахын тулд ксенон, криптон хийгээр лампыг дүүргэдэг. Ямартай ч ашиглалтын хугацаа болон гэрэлтүүлэг хоорондоо уялдаа холбоотой. Өөрөөр хэлбэл тод гэрэлтэх тусам ашиглах хугацаа буурч эсрэгээрээ сул байх тусам удаан ажилладаг гэсэн үг.

Зарим үйлдвэрлэгч нар хуучин загварын гэрэлтэйгээ харьцуулаад “50% тод хэрнээ хоёр дахин удаан ажилладаг” гэж савлагаа дээр бичиж заль хэрэглэдэг байна.

Beam Performance +60% эсвэл +50% Light гэж юу гэсэн үг вэ? Ийм ламп ямар нэгэн сөрөг   нөлөөтэй юу?

Жирийн ламптай харьцуулахад эдгээр ламп нь замын зарим хэсгийг илүү гэрэлтүүлдэг юм. Харин ашиглалтын хугацаа бага байдгаараа сул талтай. Нэмэлт үзүүлэлт бүрт илүү мөнгө төлөх болдгийг мартуузай.

Халоген лампын оронд диодон гэрэл ашиглаж болох уу?         

Яав ч болохгүй! Олон талаасаа гэрлэн диодтой зарим хулхи ламп улайсах утасны тусгай бүтцэд таардаггүй юм. Диодон лампын ажлын хэм бага учраас гэрэл цантах, хөлдөх сул талтай.

Зааврын дагуу 60/55Вт ламп хэрэглэнэ гэсэн байхад илүү хүчтэй 100/90Вт ламп тохирох уу?

Бас л болохгүй!  Автомашины цахилгаан хэлхээг өндөр гүйдэлд тохируулж хийдэггүй болохоор гал гарах аюултай. Ийм гэрлийг зөвхөн тусгайлан бэлдсэн уралдааны автомашинд хэрэглэдэг.

Шинийг авахдаа шатсан лампаа жишээ болгож байгаарай.

2600 К гэсэн бичиг юу заадаг вэ?                       

Хүний нүд нартай, байгалийн гэрэлд орчин тойрноо илүү тод хардаг. Өдрийн цагаар гэрлийн өнгөний температур 4000-6000 Kельвины хооронд байдаг. Автомашины лампын өнгөний температур өдрийн гэрэлтэй ойрхон байх тусам нүд ядрахгүй, жолооч үргэлж сэргэг байна гэсэн үг.

Харин гэрэл усны дусалд ойдгоос болж ийм ламп бороо, манантай үед зам муу гэрэлтүүлдэг. Шар гэрлийн өнгөний температур 3000 К-аас бага учраас үүнийг бороотой үед хэрэглэж манангийн шар гэрэл гэж нэрлэдэг.

Өнгөний температурыг нэмэхийн тулд лампын шилийг зориуд цэнхэр өнгөөр хийдэг. Тухайлбал, Phillips DiamondVision лампын өнгөний температур 5000 К байх жишээтэй. Зарим лампыг сонирхолтой, гоё харагдуулахын тулд шилэн бүрхүүлийг янз бүрийн өнгөөр хийдэг тохиолдол ч бий. Иймд, Phillips ColorVision ламп нь дөрвөн өнгөтэй хэрнээ зам руу цагаанаар тусдаг.