АВТОМАШИНЫ ХАЛААЛТЫН ШИЙДЛҮҮД
Тэсхийм хүйтэнд хөдөлгүүрийг хөнгөн асахад бэлдэж, салоныг дулаан байлгах төхөөрөмжүүд тансаг хэрэглээ мэт байдаг байлаа. Ийм шийдлүүд таны эрүүл мэнд болон автомашины хөдөлгүүрийн насыг бодитойгоор уртасгаж чадах юм.
Хөдөлгүүрийн хүйтэн асалт гэдэг бол түүний бүхий л системд тулгардаг маш хүнд даваа байдаг. Хүнд нөхцөлд хэдэн арван километр явсантай адилхан. Жолооч болон зорчигчдод ч гэсэн таагүй бөгөөд хөлдүү руль барихад гар даарах, нуруунаас суудал хайрах, амнаас гарч байгаа уур шил цантуулж зам харагдахгүй болно. Харин гэртээ байгаа юм шиг дулаахан салонд бээлий малгай ороолтоо тайлаад тухтай гэгч давхих юутай сайхан.
Өвлийн улирал урт манай орны нөхцөлд урьдчилан халаах шийдэлд хөрөнгө оруулалт хийчихвэл хөдөлгүүрийнхээ насыг ч уртасгана, шатахуунаа ч хэмнэчихнэ.
ХАРААТ БУС БАЙДЛЫГ ДЭМЖЬЕ
Шингэнт халаагуур өргөн хэрэглэгддэг шийдлийн нэг юм. Энэ нь бензин эсвэл дизель түлшээр ажилладаг жижиг зуух гэсэн үг. Халаагч нь автомашины хөргөлтийн системээс антифризийг солилцох хэсгээр дамжуулж халаана. Ингэснээр автомашины радиатор болон хөдөлгүүр дулаацаж эхэлнэ.
Антифриз 30С хүртэл халмагц салоны агааржуулагч ажиллаж дулаан агаараар салоныг дулаацуулна. Харин урьдчилаад салоны агааржуулагчийг халуун үлээх байрлалд тавьсан байх шаардлагатай.
Антифризын температур 70С хүрсний дараа халаагч нь хүлээлтийн горимд шилжиж зөвхөн шингэний шахуурга, автомашины агааржуулагчийг ажиллагаатай үлдээнэ. Антифриз 20С хэм хүртэл хөрөхөд халаалтын цикл дахин давтагдана. Халаагчийн асаах горимыг хугацааны тохируулга эсвэл гар утас ашиглан тохируулж болно. Монголд Webasto брэндийн халаагч түгээмэл байдаг.
+ Гадны тэжээлийн эх үүсвэрээс хамааралгүй
+ Удаан хугацаагаар ажиллах боломжтой
+ Асаалтын горимын өргөн сонголттой
- Аккумуляторын цэнэгээс хамааралтай
- Өндөр үнэтэй
ЗАЛГУУРЫН ЭРЭЛД
Цахилгаанаар халдаг элементийг автомашины хөргөлтийн системд суурилуулдаг халаагчийн шийдлийг авч үзье. Эдгээр халаалтын системүүд хөдөлгүүрийг халааж автомашины аккумуляторыг цэнэглэж өгдөг. Бүрэн тав тухтай байхын тулд салоны цахилгаан халаагч байрлуулж дулаанаар хангах боломжтой.
Жирийн 220Вольтоор ажилладаг бөгөөд автомашины гуперт суурилуулсан халаагчийн залгуураар тэжээлд холбогдоно. Хүйтэнд залгаж салгах түвэгтэй санагдвал таймер болон алсын удирдлагын систем нэмэлтээр холбож болно. Европд ихээр хэрэглэгддэг Норвеги улсын DEFA халаагуур Монголд орж ирсэн байна.
+ Аккумуляторын цэнэгээс хамааралгүй
+ Халаахад шатахуун зарцуулагдахгүй
+ Суурь төхөөрөмж боломжийн үнэтэй
- Цахилгааны эх үүсвэр шаардлагатай
ХАМГААЛНА БАС ХАЛААНА
Өргөн хэрэглэгддэг бас нэг шийдэл бол автомат асаагчтай дохиоллын систем юм. Дохиоллын төхөөрөмжийн тусламжтайгаар зайнаас болон цагийн тохируулгаар автомашины хөдөлгүүр болон бусад төхөөрөмжүүдийг асаах боломжийг олгодог. Дохиоллын удирдлагаас хөдөлгүүрийг асаах команд ирэхэд систем нь стартерыг эргүүлж хөдөлгүүрийг асаана.
Хөдөлгүүр асаахад дохиоллын удирдлага дээр амжилттай ассаныг баталгаажуулж мэдээлэл ирнэ. Автомашин асаагүй тохиололд нэмэлт 3-4 оролдлого хийгээд дохиоллын удирдлага дээр мэдээлэл явуулна. Цагийн тохируулгаас гадна орчны температураас хамааруулан автоматаар асах үйлдлийг хийж болно. Жишээ нь: 3 цаг тутамд эсвэл гаднах температур -30С болоход асаах гэсэн тохируулга хийж болно. Монголд Steelmate, Prestige дохиоллыг өргөн ашиглаж байна.
+ Үнийн хувьд тун боломжийн
+ Дохиоллыг өөрийн хэрэгцээнд тааруулж тохируулж болно
- Хүйтэн асаалтын үед аккумуляторт өндөр ачаалал ирж цэнэггүй болох аюултай
- Шатахуун зарцуулалт нэмэгдэнэ
Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэйгээр ЗаРулем Монголиа сэтгүүлээс бэлтгэв.