ХУВИЙН ОРОН ЗАЙ №345
Манайхан нарны туяа бууруулагч хальсыг ихэвчлэн хувийн орон зайг бий болгох зорилгоор ашигладаг. Хэрвээ та шинэ хальс наах гэж байвал хуулийн заалтаа мөрдөөрэй.
Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 6.12-т зааснаар салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Түүнчлэн толиноос бусад хэсэгт гэрэл бууруулагчтай шил ашиглаж болох бөгөөд гэрэл нэвтрүүлэх чадвар нь салхины шилэнд 75%, урд хаалганы шилэнд 70%, бусад шилэнд 60%-иас багагүй байвал зохилтой гэж заадаг.
Зөвлөмж
Автомашиныхаа хойно орхисон эд зүйлээ далдлах үүднээс хойд гурван цонхоо бусдаасаа илүү бараан болгосон нь дээр. Харин урд хоёр цонх арай гэгээтэй байхгүй бол харанхуйд үзэгдэх орчинг хязгаарлана. Гэлээ ч сайн хальс гаднаасаа бараан харагддаг хэрнээ дотроосоо гэгээтэй байдаг болохоор аль болох чанартайг нь сонгож байгаарай.
Хэрвээ та анх удаа наах гэж байгаа бол хальстай маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Үнэтэй бараа учраас хэмжээ авах, наах зэрэгт ариун цэвэр, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлээрэй.
Шил цэвэрлэх
Дутуу цэвэрлэснээс болж бөмбөлөг үүсдэг учраас гадна доторгүй 2-3 удаа маш сайн цэвэрлэнэ.
- Шилний ойр орчим, зам зэргийг давхар цэвэрлэнэ.
- Доорх бүх үйлдлийг хийхдээ гадаргууг савантай усаар шүршинэ.
Хэмжээ авах
Шилийг бага зэрэг буулгаж гадна талд нь наах хальсаа байршуулна. Цаасны хутга ашиглан хаалганы дээд хүрээгээр багцаалж зүсээд харин доод талыг нь тэгш хэмтэй, шулуун тайрна/огтолно.
Зүсэх
Багцаалж баримжаалсан хальсыг шилэн дээрээ тааруулж байгаад цаасны хутгаар жинхэнэ зүсэлт хийнэ. Энэ үед хальс цонхноос дээш доош 5 см илүү гарах нь хэвийн.
- Шилээ хутгаар гэмтээхээс сэргийлээрэй.
- Зүсэлт хийхдээ эрхий хуруугаараа баримжаа аваарай. Долоо хэмжээд нэг огтлоорой.
Наах
Хэмжээний дагуу зүссэн хальсныхаа хамгаалалтын давхаргыг хуулж, наалттай хэсгээр дотор талаас наана.
- Шилний дээд хэсгээс нааж эхлэхдээ дээд ховилд шил ордгийг харгалзаад 0.5 Мм зай үлдээнэ.
- Доод талыг наахдаа шилээ өргөж байж хальсыг гүйцэд наана.
Цэвэрлэх
Наалттай хэсгийг цонхныхоо дотор талд зөв байршуулсны дараагаар хусагчийг алчуураар жийрэглэн голоос зах руу бөмбөлөггүй болтол нь шавхаж тэгшилнэ.
- Хусах бүртээ дарах хүчээ нэмбэл бөмбөлөг үүсэхгүй.
САНУУЛГА
Хальс наасны дараа 72 цаг цонхоо нээж болохгүйг анхаарна уу. Илүү сайн наалдуулж, бүрэн хатаахын тулд машинаа нарны тусгалд байршуулна.
Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэйгээр ЗаРулем Монголиа сэтгүүлээс бэлтгэв.