LAND CRUISER PRADO 150

2009 оны 10 сард 4-р үеийн 150 цувралын Тоёота Ланд Круйзер Прадо загвар худалдаанд гарч эхэлсэн бөгөөд өмнөх 120 цувралаас хэмжээ болон хүндийн жингээрээ илүү болсон байна. Тодруулж бичвэл 120 цувралаас 80 мм урт, 10 мм өргөн, 15 мм нам болж өгсөн бөгөөд цоо шинэ их бие, цоо шинэ Япон дизайнтай болж, үндсэн рам болон урд хойд тэнхлэг, явах эд ангийг сайжруулсан мөн аюулгүй байдал, нэмэлт тоноглол зэргээс болж 150-200 кг орчим хүнд жинтэй болсон байна.

3 болон 5 хаалгатай хувилбарын хамтаар хэрэглэгчдэд санал болгож байгаа бөгөөд үндсэн үйлдвэрлэл нь Япон улсын Тахарад байрлах Тоёотагийн үйлдвэр байрлаж Колумб, Энэтхэг, БНХАУ-д угсардаг байна.

Салоны хувьд өмнөх үеэс 35 мм урт 5 мм өргөн болж жолооч болон зорчигчийн суудлын хэмжээг 30 мм томруулсан байна. 3-р эгнээний суудал шалтэй нэг төвшинд хураагддаг болсноор тээшний хэсгийн өндрийн хэмжээ багасаж мөн 7 хүн суух зориулалттай болжээ.

Арын хаалган дээрээ нөөц дугуйгаа зүүдэг хувилбарууд нь ихэнхдээ 150 л орчим түлшний савтай байдаг бол нөөц дугуйгаа доороо зүүдэг хувилбарууд нь 87 л орчим шатахууны савтай байдаг юм. Гэхдээ энэ нь нэмэлт сонголтоор гэдгийг анхааран үзэх хэрэгтэй байх.

Анх Тоёотагийнхан танилцуулахдаа кузовын гажилтыг бууруулах мөн аюулгүйн байдлыг дээшлүүлэхийн тулд бат бэхийг сайжруулж мөн багануудын хийцийг олон үетэй болгосноо зарлаж байсан юм. Урд бага өндөр чадвартай сунадаг төмөр бол голын багана хажуу талаас цохисон хүчинд дээд зэргийн суналт үзүүлэх чадвартай юм байна ингэснээр цохилтын хүчийг өөртөө шингээх өндөр чадвартай болсон байна.

Нийт 7 ширхэг агаарын аюулгүйн дэр стандартаар ирэх бөгөөд жолоодлогын аюулгүйн байдлыг хангах VSC электрон тэнцвэржилтийн систем, бүх нөхцөлийн трэйкшн контрол (A-TRC), электрон тормозны хүчлүүр EBD-тэй ABS, тормозны туслах систем (BA)-тай ирдэг байна.

Прадо худалдан авагчдын 44% нь сард нэг удаа оффроад жолоодлого, аялал хийдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд мөн шинэ прадо худалдан авагчдын 50%-аас илүү нь урд төмөр хамгаалалт хийлгэдэг гэсэн Австрали хэрэглэгчдээс авсан судалгаа байдаг байна.

Энэ нь Прадо загвар оффроад чадвартайг харуулах нэгээхэн үзүүлэлт болж чадаж байна. 150 цувралын 5 хаалгатай Прадо нь дотроо GX, GXL, VX хувилбаруудтай байх бөгөөд эдгээр хувилбарууд нь европ болон австрали улсуудад экспортлогддог бол Японд TZ-G, TZ, TX, TX-L гэх хувилбаруудаар үйлдвэрлэгддэг байна.

Аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, дуу чимээ багатай, тухтай.

Замын нөхцөлд тааруулан Torsen LSD дифференциалын туслалцаатай дугуй бүрд харилцан адилгүй хүчийг дамжуулах чадвартай.

Өмнө нь хэлсэнчлэн Прадо загварын үйлдвэрлэл Япон улсад голчлон хийгддэг бөгөөд буруу талтай рультэйг нь дотоодын зах зээлдээ гаргаж зөв рультэй загваруудыг нь экспортолж гаргадаг байна. Худалдан авагчдын дунд арабаас орж ирсэн ланд круйзер загваруудыг нимгэн төмөртэй, хүйтэн гэх зэргээр голж европ стандартын ланд круйзерүүдийг илүүд үзэх хандлага TLC 150, 200 цуврал орж ирснээс хойш сүүлийн үед ихээхэн гарах болсон юм.

Угтаа бол нэг л газар үйлдвэрлэгддэг учир чанарын ялгаа кузовын төмөрийн нимгэн зузаан байхгүй бөгөөд харин аль орны стандартад зориулж хийсэн бэ гэдгээс шалтгаалж нэмэлт зүйлсийг хийдэг учиртай юм. Японоос Арабын улсуудад импортолж оруулж ирсэн автомашинуудыг хоёр зэрэгт хувааж үздэг бөгөөд нэг нь дотоодын хэрэгцээнд, нөгөөх нь бусад оронд дахин экспортлох журмаар дилерүүд орж ирдэг юм билээ.

Дотоодын хэрэгцээнд багтаж байгаа нь бидний хэлдгээр хүйтэн, дулаалга муутай тэр хэрээрээ үнэ хямд байх бөгөөд харин дахин экспортонд гаргах загваруудад ямарч гар хүрдэггүй, тийм ч учраас кузовын битүүмжлэл сайн, халаалтын асуудалгүй байдаг юм. Харин кузовын төмрийн нимгэн зузааны тал дээр тийм зүйл огт байхгүй гэж хэлье...

Манайд араб стандартын TLC-уудын хүйтнийг одоо хүртэл тодорхой хэмжээнд шийдээгүй бөгөөд термостатыг солиод ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Мөн 2.7 литрийн 2TR-FE хөдөлгүүрийг хурдан хөрдөг, удаан халдаг гэж ярьдаг нь ч үнэний ортой бөгөөд энэ нь түүний хөдөлгүүрийг хийсэн материалтай шууд хамааралтай юм.

Дулааныг хурдан алдуулахын тулд, мөн хөдөлгүүрийн жинг хөнгөн болгохын тулд хөнгөн цагаан цилиндрийн блоктой мөн зарим нэгэн онц шаардлагагүй металл эд ангиудыг пластик материалаар хийснээс шалтгаалдаг болсноор монголын хүйтэнд дээрээс нь хөдөлгүүрийн хийцээс шалтгаалж энэ яриа гарсан гэж бодож байна.

Угтаа бол хөдөлгүүр дулаанаа хурдан алдах нь сайн бөгөөд үүнийг дагаад бензин зарцуулалт, эд ангийн элэгдэл мэтчилэн багасах учиртай юм.

Прадо загвар нь урт хугацааны түүхтэй дэлхийд танигдсан чанартай брэнд хэдийнээ болсон бөгөөд чадвартаа таарсан үнэтэй билээ. Шинэ Прадо загвар Ланд Круйзер 200-тай ижил төвийн Торсен LSD дифференциалтай бөгөөд эргэлтийн зөрөөнөөс хамааран дугуй бүрд харилцан адилгүй хүчийг дамжуулах чадвартай юм.

Улмаар төвийн дифференциал түгжигчийг залгаснаар урд хойд тэнхлэгүүдэд очих хүчийг 50/50%-аар хуваарилж өгөх юм. Үүнээс цааш оффроад жолоодлогод A-TRC систем туслах бөгөөд үрэлтгүй болсон дугуйг гацааж тэнхлэгийн нөгөө дугуйнд хүчийг дамжуулах давуу талтай юм.

  • Урд хойд дифференциал түгжигч стандартаар ирдэггүй бөгөөд үүнийг та захиалж авах эсвэл нэмэлт афтермаркет бүтээгдэхүүн худалдан авч суурилуулснаар оффроад жолоодлогын чадвар үнэмлэхүй нэмэгдэх учиртай юм. Хөдөлгүүрийн хувьд 2.7 литрийн цуваа 4, 16 клапан VVT-i системтэй 2TR-FE хөдөлгүүр, 4.0 литрийн V6 хос VVT-i клапан удирдах системтэй 1GR-FE хөдөлгүүр, 3.0 литрийн цуваа 4 5L-E хөдөлгүүр, 3.0 литрийн турбо 1KD-FTV хөдөлгүүрийн сонголттой.
  • Монголд голцуу орж ирдэг 2.7 литрийн хөдөлгүүр нь 160 морины хүчийг хөдөлгүүрийн 5200 эрг/минутанд, 244 Нм эргүүлэх хүчийг 3800 эрг/минутанд гаргах чадвартай хэмнэлттэй хөдөлгүүр юм. Энэхүү хөдөлгүүрийг Хайлакс Сөрф, Фортюнер, Такома, Хайяк, Хайлакс, 4Runner загваруудад мөн суурилуулдаг ажээ.
  • Хурдны хайрцаг нь 2.7 литрийн хөдөлгүүртэй TX, TX-L хувилбарт 4 шатлалт автомат эсвэл 5 шатлалт механик хурдны хайрцаг стандарт байдаг бол 1KD-FTV, 1GR-FE TX-L, VX хувилбарт стандартаар 5 шатлалт автомат/6 шатлалт механик хурдны хайрцагтай байдаг юм байна.
  • Нийт кузовын жин 2340-2435 кг байдаг ажээ. Нэг үгээр хэлбэл TX бол үндсэн суурь хувилбар бөгөөд TX-L гэвэл арьсан суудал, хаалганы бариулын өнгө, урд нүүр, ухрахын мэдрэгч гэх мэтчилэн зүйлс нэмэгддэг бол хамгийн дээд VX хувилбарууд ихэвчлэн 4.0 литрийн хөдөлгүүртэй байх нь элбэг бөгөөд гол онцлог зүйлүүд нь салонд 220 вольтын гаралт, хойд спойлер, хөндлөн ачаа, их гэрэл угаагч, хөргөгч, 9 спийкер 6 CD чэйнжертэй аудио систем, рулын автомат өргөгч, олон цэстэй мэдээллийн дэлгэц, 18 инчийн хайлшин обуд, HID их гэрэл, круйз контрол, KDSS тэнцвэржүүлэлтийн систем зэрэг нэмэлтүүдтэй болдог байна. Мөн VX 2, VX-L хувилбарууд байгаа бөгөөд энэ нь бидний ярьдгаар Лексас тоногтой дүйцэхүйц тэр ч утгаараа үнэтэй болоод ирж байгаа юм.

3-р эгнээний суудлууд доош эвхэгдэж шалтай нэг төвшинд очно.

Салон классик залуу хэв маяг агуулсан.

Хянах самбар цэгцтэй.
Хянах самбар цэгцтэй.

VX 2 хувилбарт VX-ийн тоноглол дээр нэмэгдэж урд хойд хажуу харах камер, тээшний саравч, суудал халаагч, навигэйшн систем, JBL брэндийн 14 спикертэй дууны систем байдаг бол VX-L хувилбарт стандартаар CRAWL Control, хийн уутат амортизатор, Multi-Terrain Select (замын нөхцөлд тохируулан бэлэн өгөгдөлтэй горимуудаас сонгосноор хаазны гишгэлт, тормозны удирдлагыг систем автоматаар замд тохируулах юм. Улмаар оффроад жолоодлого зэрэгт дээд зэргээр тусалж замаа бүрэн мэдрэхэд чухал түлхэц болох ёстой туслах систем юм) системүүдтэй ирдэг ажээ.

Дээрх бичсэн тоноглолууд нь арабаас орж ирдэг загварт хамааралтайг , мөн TX хувилбарт ч гэсэн VX хувилбарын стандарт нэмэлтүүдийг нэмэлт өртөг төлөн авч болохыг санагтун.

Гадна дотно дизайн: 150 цувралын Прадо нь өмнөх 120 цувралын хэв шинжийг агуулсан хэлбэрийн хийцтэй бөгөөд урд талд манангийн гэрлийг өөртөө агуулсан шинэ бамперийн дизайн, шинэ урд нүүр, гоёмсог их гэрэл гэх мэтчилэн урд талаасаа сүрдмээр сүрлэг хийцтэй болж чадсан юм. Их гэрлийн дизайн нь том жижиг 2 цилиндрээс тогтох бөгөөд үнэтэй тансаг харагдуулах болсон байна. Харин зэрэглэл өндөртэй хувилбарт хромон оруулгуудыг хийж өгсөн харагддаг юм. Тоёота Ланд Круйзер нь ерөнхийдөө шингэн болон хурц шулуун зураасыг нэгтгэснээр одоо байгаа хурц төрхийг олж авсан бөгөөд ерөнхий инженер Макомото Армото-гийн хэлснээр оффроад болон хотын нөхцөлд төгс зохицохуйц бүтээл болж чадсан загвар юм.

Урд саадыг давах өнцөг болон хойд саадыг өнгөрүүлэх өнцөг нь шинэ бамперийн тусламжтайгаар ихэссэн мөн газраас тэнхлэг хүртэлх зай 215 мм болсон, үндсэн суурийн бат бэхийг өмнөх үеэс 11% сайжруулахаас гадна урд, хойд амортизатор болон пүршийг дахин сайжруулж амортизаторыг өмнөх үеэс илүү том болгосон пүршний үеийг шинэчилсэн, мөн доод гар, хойд тэнхлэгийн тулк, резиний бат бэхийг сайжруулсан ба ингэснээр жолоодлого сайжирч илүү тэнцвэртэй болсон байна.

Кабины дуу чимээ, чичиргээ нь кузов-рам хийцтэй учир бага хэдий ч Тоёотагийнхэн үүнд сэтгэл ханасангүй илүү сайжруулалтыг хийж салхи болон замын дууг кабинд бага сонсогдох болгосон байна. Дуу тусгаарлагч материалыг А, Б, С, Д багануудад байршуулсан мөн хаалганы хавтас болоод дрож, хаалганы жийргэвч, дээвэр, багаж, урд самбарын хэсэгт ашигласан байна.
Салоны урд самбарын хийц эгц босоо хийцтэй бөгөөд ингэснээр салон том харагдах болсон мөн дуу болон эйр кондишний удирдлага гарт эвтэйхэн байрлалтай нь таалагдлаа. Эйр кондишн болон дууны удирдлагын товчлуурууд том товчлууртай учир бээлийтэй үед хэрэглэхэд амар санагдлаа.

Суудлын хувьд зэрэглэлээс хамаарч автомат болон механик тохиргоотой мөн санамжтай байх бөгөөд урд суух зорчигчдод босоо самбарын тусаар өвдөг болон шилбэ нь тухтай явах боломж бүрдсэн мөн голын тохойн түшлэг зөөлхөн, оффроад удирдлагын товчлуур урд самбарын голд, доор байрласан тул хэрэглэхэд амархан байлаа.

Жолоодлого: Хамгийн сүүлийн загварыг жолоодож байгаа гэхэд өмнөх загвартайгаа ижилхэн жолоодлого нь тааруу, хүнд яг л трактор жолоодож байгаа мэт. Үүнээс гарах арга зам нь нэмэлт тоноглол буюу эсвэл үнэтэй загваруудад нь байдаг Variable Flow power Steering буюу хурднаас хамаарч рулын эргэх өнцөг адилгүй байх системийг суулгах, KDSS систем суулгах зэргээр энэ асуудлыг шийдэж болох юм. Хотын нөхцөлд 2.7 литрийн бензин хөдөлгүүр нь ойролцоогоор 19-22л/100км-т шатахуун зарцуулалттай ба шулуунд 11л/100км байдаг байна.

H4F=хүндрүүлэгч залгаагүй, өндөр эргэлтэнд H4L=хүндрүүлэгч залгасан өндөр эргэлтэнд. L4L=хүндрүүлэгч залгасан хурдны хайрцагийн бага эргэлтэнд

2.7 литрийн 2TR-FE хөдөлгүүр

Прадо 150 загварын хэмжээс