2008 ТОЁОТА ЛАНД КРУЙЗЕР 200
2008 онд Ланд Круйзер цувралыг бүрэн шинэчилж өгсөн бөгөөд үүн дээр илүү хүчирхэг V8 хөдөлгүүр болоод сайжруулсан жолоодлого, шинэ дээд зэрэглэлийн люкс байдал, аюулгүй байдлыг сайжруулсан юм.
Тоёота компанийн түүхэнд хуудаснаа урд удаан хугацаанд нэрээ мөнхөлсөн Ланд Круйзер SUV буюу манайхаар жийп оффроад жолоодлогоороо шалгарсан төмөр хүлэг билээ. Өнөөдөр хүртэл Ланд Круйзер хэд хэдэн үеийг дамжин өнгөрөөд байгаа ба энэ шинэчлэлтээрээ түүнийг илүү том, илүү люкс, илүү хүчирхэг мөн илүү үнэтэй болгон зах зээлд гаргасан юм.
Танилцуулга:
Тоёота-гийн нэрийн хуудас болох энэхүү автомашин оффроад туулах чадвараараа сайн (гадаадад) гэдэг нь батлагдсан төдийгүй бат бөх байдал болон таны нэр төрийг илэрхийлэх унаа болжээ.
Өмнөх үеийн Ланд Круйзер нь 1998 оноос эхлэн борлуулагдсан бөгөөд шинэ үеийн Ланд Круйзерт Тоёота компани илүү их итгэл хүлээлгэн зах зээлд гаргасан юм. Өмнөх үеийн загвараас тэнхлэг хоорондын зай 6 см-ээр урт болж үүнийг дагаад илүү өргөн өндөр болж өгчээ. Гадаад байдал нь шинэчлэгдсэн ч хуучны шинжийг шингээж өгсөн ба түүний доод хэсэг нь үндсэн рам-кузов гэсэн зохион байгуулалттай.
Мэдээжийн хэрэг үндсэн рамыг өмнөх үеийнхээс илүү хатуу сайжруулсан гангаар хийж өгснөөр чирэх чадал болон ослын үед аюулгүй байх чадварыг нэмэгдүүлсэн байна. Улмаар урд тэнхлэгийг шинээр загварчилж өгснөөр засмал замын жолоодлого мэдэгдэхүйц сайжирсан байна.
Үүнээс гадна шинээр KDSS (Kinetic Dunamic Suspension Sustem)-ийг нэвтрүүлж өгснөөр энэхүү шинэ систем нь урд болон хойд тэнцүүлэгчийг замын нөхцөл байдалд тохируулан гидравлик шахуургын туслалцаатай хатууруулж эсвэл зөөлрүүлснээр бартаат замд дугуйн дээш доош явалтыг нэмэгдүүлэх, эсвэл эргэлт дээр тэнцвэрийг илүү сайжруулж өгдөг байна. Оффроад нөхцөлд дугуй болон газрын хооронд үрэлт бий болж туулах чадварыг дээшлүүлэх ач тустай систем ажээ.
Мөн электрон удирдлагатай "Crawl Control" горимыг суурилуулж өгснөөр жолоочийн туслалцаагүй оффроад нөхцөлд маш бага хурдаар систем дугуй бүрт хөдөлгүүрийн эргэлтийг харилцан адилгүй хуваарилж мөн тоормозлож өгснөөр явах чадварыг эрс нэмэгдүүлдэг ажээ.
Мөн шинэ 200 цуврал өмнөх үеэс 120 гаруй кг-аар жин нэмэгдсэн бөгөөд энэ нь шинэ хөдөлгүүртэй холбоотой юм. 5.7 литрийн V8 хөдөлгүүр бол Тоёота Тундра загварын хамгийн төгс сонголт бөгөөд энэхүү 381 морины хүчтэй хөдөлгүүрийг 6 шатлалт автомат хурдны хайрцагны хамтаар суурилуулсан байна. Фуллтайм буюу байнгын 4 дугуйгаар хөтлөх бөгөөд 2 горимтой туслах хурдны хайрцагтай (хүндрүүлэгч буюу High ба Low горимтой) юм. Залгах товчлуур нь суудлын хоорондох доод тавцан дээр байрлана. Улмаар төвийн дифференциалыг стандартаар суурилуулж өгсөн ба түгжсэнээр хүчийг 50/50%-аар урд, хойд тэнхлэгт хуваарилах юм. Шинэ хөдөлгүүр нь хорт хийн хаягдлын стандартыг хангасан төдийгүй өмнөх 265 морины хүчтэй 4.7 литрийн V8 хөдөлгүүрээс шатахуун зарцуулалтаараа бага зэрэг багасчээ.
Салоны тухайд мөн л шинэлэг дизайн болон шинэ тоноглолыг оруулж өгсөн ба нэгдүгээрт шинэ 4 байрлалын агааржуулагчтай болсон, дууны систем сайжирсан, мөн нэмэлт аюулгүйн дэр болоод Pre-Collision System-ийг (суурилуулваас радарын тусламжтайгаар мм-ийн хуваариар мэдэрч, аюул тохиолдож болзошгүй гэсэн үед систем нь автоматаар суудлын даруулгыг чангалдаг) санал болгох болжээ.
3 эгнээ 8 хүртэл хүн суух суудалтайгаар стандартчлагдсан ба өмнөх 100 цувралын 3-р эгнээ хүүхэд болон бусад хүн суухад хэт шахцалддаг байсан асуудлыг арилгаж өгсөн байна. Мэдээж Лексас LX 570 шиг 3-р эгнээний суудал автомат ажиллагаатай биш төдийгүй тээшний хэсэг бусад SUV-ээс тийм ч том биш ажээ.
Тоёота-ийн шинэчилсэн Ланд Круйзер цуврал цаг үеэ мэдэрсэн хийцтэй ба тэр болгон SUV-д байгаад байдаггүй оффроад болон хотын хийц, жолоодлого, ая тухтай болсон байна.
Үнийн хувьд $60,000 ам.доллар гарсан өртөгтэй болсон ба ингэснээр Тоёота-гийн хамгийн үнэтэй автомашин болж улмаар хувилбараасаа хамаарч Мерседес-Бенз GL450-ийн хүрээний үнэд багтах болсон байна (Австалид зарагддаг SAHARA хувилбарын үнэ бол Лексас 570-тай ижил шахуу үнэтэй байдаг.). Гэхдээ хамгийн чухал нь хэрэглээ шүү дээ. Хэрвээ та SUV-аа гэр бүлтэйгээ хотод хэрэглэх гэж байгаа бол түүнийг авах хэрэггүй . Харин Ланд Круйзер цуврал бол маш эрэмгий дайчин юм үүнийг зөвхөн хотод хэрэглэнэ гэдэг утгагүй асуудал.
Үндсэн харьцаанууд
Доод тэнхлэгийн байдал
Их биеийн загвар, хувилбар, ба сонголтууд:
Ланд Круйзер 200 цуврал нь хойд Америкт ганцхан хувилбартайгаар гардаг буюу VXR хувилбараар л гардаг юм. Түүний стандарт тоноглолд 18 инчийн хайлшин обуд, автомат тохируулгатай халдаг суудал, арьсан бүрээс, 4 бүсийн автомат агааржуулагч, 14 спикертэй 6 диск чэйнжертэй нэмэлт аудио оролттой JBL дууны систем, люк, гэрэл бууруулагчтай толь, зогсоолын мэдрэгч болон түлхүүргүй асаалтын систем зэрэгтэй. Мөн KDSS нь стандартаар дагалдаж ирдэг байна.
Олон Ланд Круйзерүүдэд сайжруулсан багцаар хойд спойлер, хойд суудлын 9 инчийн дэлгэцтэй интэртайнмэнт систем, цэнхэр шүд болон ухрахын камертай навигэйшн систем, модон оруулга, дууны удирдлагын товчлууртай руль, 2-р эгнээний халдаг суудал, хөргөгч зэрэг тоноглолоор сайжруулалт хийх боломжтой байдаг бөгөөд үүнээс зөвхөн навигэйшн систем болон хойд спойлерийг дангаар нь захиалан хийлгүүлж болдог байна.
Харин Монгол оронд маань ихэнхдээ Арабаас орж ирсэн Ланд Круйзер 200 цувралууд байдаг ба эдгээр Ланд Круйзер нь дотроо хамгийн энгийнээс энгийн үндсэн суурь загвар болох G-ээс өгсүүлэн GXR, GXR M/R, GXR Winch, GXR Moon Roof 60th, VXR, VXR Leather, VXR Leather 60th, G Diesel, GXR Diesel гэх мэтчилэн хувилбаруудтай байдаг байна. VX-R-ууд савхин салонтай бол GX-R даавуун салонтай.
Үүнээс явах эд ангийн хувьд ялгаатай нэмэлттэй, оффроад нөхцөлд илүү тохиромжтой нь 1GR-FE 4.0 литрийн хөдөлгүүртэй GXR хувилбар, 2UZ-FE 4.7 литрийн хөдөлгүүртэй GXR, 2UZ-FE 4.7 литрийн хөдөлгүүртэй GXR Winch (Winch болон 2 нөөц дугуйгаа хойд хаалга болон доороо зүүдэг) хувилбарууд бөгөөд эдгээр нь төвийн дифференциал цоожлогчоос гадна хойд тэнхлэгийн LSD дифференциалтай байдаг юм байна.
- Харин VX хувилбарууд GX дизель хөдөлгүүртэй хувилбаруудад энэ нэмэлт байхгүй ажээ. KDSS системийн хувьд GXR Moon Roof 60th Anniversary, VXR, VXR Leather хувилбаруудад стандартаар тоноглогдсон байдаг байна. Сүүлийн үед манайд үнэн худал нь мэдэгдэхгүй Ланд Круйзер цувралын 60 жилийн ойг тохион тоноглогдсон Ланд Круйзер 200 цувралууд олширсон бөгөөд гаднаа нэг л 60th anniversary гэсэн логотой Ландууд хотоор холхилдох болсныг анзаарсан байх.
- Тэгвэл 60 жилийн ойн хязгаарлагдмал хувилбартай Ланд Круйзер 200 цуврал нь дараах шинж тэмдгүүдээр бусдаас ялдардаг байна. Үүнд: лого, саарал өнгийн хэвтээ ачаа, их биеийн өнгөтэй шаврын хаалт, дрожон хивсэнцэр, түлхүүрний гэр, босго дээр байрлах 60 жилийн бичээс, тусгай металл цэнхэр их биеийн өнгийн сонголт, салонд байрлах 60 жилийн лого, мэдрэгчтэй дууны систем, VXR загварын жолоочийн суудал нь даавуун материалтай зэрэг зүйлс ордог байна. Мөн Араб-д Ланд Круйзер 200 цуврал нь 11 өнгийн сонголттойгоор худалдаалдаг бол Хойд Америкт 8 төрлийн өнгийн сонголттойгоор худалдаалдаг ажээ.
Хүчин чадал:
Ланд Круйзерийн VX хувилбар 5.7 литрийн хөдөлгүүр нь 381 морины хүч болон 543 Нм эргүүлэх хүчтэй V8 цилиндртэй 3UR-FE хөдөлгүүртэй. Заримд нь жишээ нь БНХАУ-д үйлдвэрлэдэг загварт бол 1GR-FE V6 хөдөлгүүртэй VXR загвар байх нь бий.
G болон GXR, GXR M/R зарим хувилбарууд 1GR-FE 4.0 литрийн 236 морины хүч болон 316 Нм эргүүлэх хүч бүхий V-6 хөдөлгүүртэй.
Мөн GXR (Араб), GXL (Австрали), VX (Австрали) & SAHARA (Австрали) GXR M/R (Араб), GR M/R 60TH Anniversary (Араб), GXR Winch (Араб) хувилбарууд 4.7 литрийн 2UZ-FE V-8 бензин хөдөлгүүртэй. Энэхүү хөдөлгүүрийг Японы Айчи дахь Тахара-н үйлдвэр, АНУ-ын Алабама үйлдвэрт үйлдвэрлэдэг бөгөөд 232 морины хүч, 422 Нм эргүүлэх хүчийг гаргах чадалтай. Харин Австралийн загварууд 230 морины хүч 410 Нм эргүүлэх хүчийг гаргадаг байна.
Харин G (Араб) болон GXR(Араб), GXL(Австрали), VX(Австрали) & SAHARA(Австрали) дизель хувилбаруудад хос турбо бүхий 4.5 литрийн багтаамжтай Тоёота-ийн анхны V8 дизель хөдөлгүүртэй бөгөөд 1VD-FTV хөдөлгүүр нь Common Rail түлш цацах системтэй. Хамгийн ихдээ 261@3400эрг/мин морины хүч гаргаж, 650Нм@1600-2600эрг/мин эргүүлэх хүчийг гаргах чадалтай.
Япон улсад 4.6 литрийн V8 1UR-FE хөдөлгүүрийг санал болгодог бөгөөд энэхүү хөдөлгүүр нь 1UR-FSE хөдөлгүүр дээр суурилсан гэхдээ түлшний шууд цацалттай D4-S технологийг авч ашиглаагүй хөдөлгүүр юм. 2010 онд танилцуулагдаж 2UZ-FE хөдөлгүүртэй SUV-ийг орлох зорилгоор гарч ирсэн бөгөөд түүнд 6 шатлалт автомат хурдны хайрцагийг суурилуулж өгчээ.
Хэдийгээр 4.6 литрийн 1UR-FE нь 4.7 литрийн 2UZ-FE хөдөлгүүрээс жижигхэн ч гэсэн хүчний хувьд илүү болж 284-314 м.х болоод 448-460 Нм эргүүлэх хүчтэй болсон төдийгүй бензин зарцуулалт ч мөн адил 6.6л-ээс 7.1км/л болж сайжирчээ.
Аюулгүй байдал:
Ланд Круйзер 200 цуврал нь замын нөхцөл байдалд тохируулан программчлагдсан ABS тормозны систем, мөн тэнцвэрийн болон трэйкшн контрол системтэй. Урд болон 2-р эгнээний суудлыг хамарсан хажуугийн дэртэй, жолооч болон урд зорчигчын өвдөгний аюулгүйн дэртэй, цохилтын үед толгойг доргилтоос хамгаалах ажиллагаатай толгойн түшлэгтэй болсон байна.
Салоны дизайн, тусгай тоноглолууд:
Ланд Круйзер 200 нь 8 зорчигчийн суудалтай бөгөөд 2-р эгнээний суудал урагшаа болдог ба өмнөх загварт 50/50-аар 3-р эгнээний суудал хуваагддаг байсан бол энэ удаа ч адилхан болжээ. Гэхдээ 3-р эгнээний суудлыг хураах болон буулгахад илүү амархан болсон ба том хүн суухад өвдөг бие хоёр нэг төвшинд очихоор зохион байгуулалттай. Тиймээс хүүхэд суувал илүү тохиромжтой. 3-р эгнээний суудлыг авч тээшний зайг нэмэгдүүлэх боломжгүй ажээ.
Жолоодлого:
Өмнөх үеийн Ланд Круйзер загвараас шинэ 200 цуврал нь мэдэгдэхүйц оффроад чадвар (Crawl Control, гидр тэнцүүлэгчтэй болсноор) нь дээшилж, засмал замын жолоодлого нь маш том дэвшилттэй болж чаджээ. Шинэ загвар нь эргэлт хийхэд тэнцвэртэй, илүү тогтвортой болсон төдийгүй жолоодлого ч дуулгавартай болсон байна. 5.7 литрийн V8 хөдөлгүүр бол хурд авалтаараа, хүчтэй байдлаараа маш сайн болж өгсөн байна.
Ланд Круйзерийн Краул Контрол системийн ажиллагаа ч уруудах, өгсөх, оффроад жолоодлогын үед маш ихээр туслалцаа үзүүлж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
Бусад:
- Ланд Круйзер 200 цувралын өрсөлдөгч нарт Ренж Ровер болон Мерседес-Бенз GL-Class орох билээ. Ланд Круйзер нь дотроо хамгийн энгийн G хувилбараас авхуулаад хамгийн үнэтэй Лексас-ийн түвшинд хүрэхүйц тоногтой VXR хувилбаруудтай бөгөөд түүний бат бөх байдал, ажиллагаа зэрэг нь хэдийнээ хэрэглэгчдийн талархлыг хүлээж авсан юм.
- GXL бензин хувилбаруудын биеийн жин 2555-2635 кг байхад VX хувилбар 2610-2665 кг, харин GXL турбо дизель хувилбарууд 2675-2720 кг байдаг билээ. Мөн стандарт тоноглолтой хувилбаруудыг нэмж тоноглож болох бөгөөд жишээ нь KDSS системийг GLX турбо дизель хувилбарт хийлгэе гэж бодоход та $2500 ам.долларыг нэмж төлөх хэрэгтэй болох юм. Бүх хувилбаруудад стандартаар TORSEN LSD төвийн дифференциалыг тавьж өгсөн бөгөөд үүний ачаар замын нөхцөлд тохируулан фуллтайм 4WD системийг удирдаж, тэнхлэг бүрд очих хүчийг зохицуулах боломжтой болжээ.
- Жишээ нь: Мөстсөн, шавартай үед бөгсөө шидэж явах үедээ урд тэнхлэгт хүчийг 50%-аар хойд тэнхлэгт хүчийг 50%-аар шилжүүлж өгдөг бөгөөд хурдаа хасах үед хүчийг урд 30%, хойно 70% шилжүүлдэг байна. Харин эргэлт хийж байхдаа хурдатгал авснаар урд тэнхэлгт 30% хойд тэнхлэгт 70% хүчийг хуваарилдаг бол хурдаа бууруулах үед урд 60%, хойно 40% болж буурдаг ажээ. Шулуун замд хурдлах үед аль алинд нь урд 40%, хойд тэнхлэгт 60%-ийн хүчийг шилжүүлдэг байна.
- Наймаачид худалдан авагч нарт фултаймтай автомашиныг 40 км/ц эсвэл 60 км/ц хүрэхээрээ урд тэнхлэг салж бензин хэмнэдэг гэдэг нь худлаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хэрвээ ингэдэг бол таны аюулгүй байдал 100-0% хүртэл буурч байна гэсэн үг юм. Харин парт тайм 4WD системтэй автомашин бол хамгийн дээд талдаа 15 км/ц хурдтай явж байх үедээ 4WD системийг залгаж салгахыг зөвшөөрдөг. Гэхдээ энэ нь зайлшгүй нөхцөлд бөгөөд авто үйлдвэрлэгч нар хөдөлгөөнөө зогсоож байж 4WD системийг залгаж салгахыг зөвлөдөг билээ.
- Манай оронд орж ирдэг ихэнх Ланд Круйзер цувралууд Арабаас орж ирдэг бөгөөд паарны асуудал нь яах аргагүй олон худалдан авагчдын сонирхлыг татдаг юм. Арабын улсуудад Японоос импортолж ирсэн автомашиныг 2 хуваадаг бөгөөд үүнд дотоодын хэрэгцээнд ашиглах болон дахин экспортлох автомашинууд гэж хувааж өгдөг. Хэрвээ ченжүүд дотоодын хэрэгцээнд ашиглах автомашиныг авчирсан бол паарны өвчин гэдэг нь ойлгомжтой байх асуудал. Харин дахин экспортлох бүтээгдэхүүн авчирсан бол энэ асуудал огт байхгүй юм.
- Суугаад явахад тухтай нь танд мэдрэгдэх бөгөөд удирдлагын товчлуурууд томтой, зай талбай ихтэй үүнийг дагаад элдэв ундааны савны тавиур, нэрийн хуудас, картны карматай. Бас болоогүй ээ хөргөгчид нь 2л кола ундаа төвөггүйхэн орчихно. Манай энэ загварын хувьд арын хаалга нь сөхөгдөж онгойдог бөгөөд ачаа ачих болгон буулгахад амар, хөдөө гадаа амралт зугаалгаар явхад ашигтай хэрэглээтэй, мөн цаашлаад хажуу тийш нээгддэг хаалга шиг дуу ороод байхгүй нь давуу тал юм.Арын хэсэг бол яг л ус залгисан юм шиг л дуугүй.
- Жолоочийн суудалд метр 80-тай хүн суухад тааз хүртэл 1 атга зайтай, 2-р эгнээний суудал нь 2 атга зайтай ба 2-р эгнээний 60/40 суудлыг урагш нь түлхээд суухад, урд суудал өвдөгний хооронд 1 атга зай гарч байв. Үүгээр ч зогсохгүй 2-р эгнээний суудлын түшлэг хангалттай налдаг нь хойно сууж байгаа хүн хол замд унтаад явахад тун тохиромжтой. 4 бүсийн халаалтын талаар ярих нь илүү байхаа.
- Энд тэндгүй л паарны нүх харагддаг юм. Халуунд хөргөж, хүйтэнд халууцуулах сайхан паартайг нь тэмдэглэн хэлэх хэрэгтэй. За тэгээд хурд хүчний хувьд том данхар биетэй болоод ч тэр үү 4.7 литрийн багтаамжтай 2UZ-FE хөдөлгүүртэй загвар нь 0-100 км/ц хурдыг 9.1 секүндэд авч байлаа. Тоормозны зай нь харин ухаалаг ABS системийн тусламжтай дажгүй ердөө л 42.5 м байсан юм, ерөнхийдөө энэ үзүүлэлт бол алтан дундаж л даа.
Монголд
2008 онд шинэ загварын Ландкруйзер гарах нь гэж бараг л ёслолын буудлага хийх нь холгүй юм болж бүх эд анги деталиуд 100 хувь шинэчлэгдсэн гээд л Тоёота-гийн албан ёсны дистрбютер болох японы Itochu компанийн монгол дахь төлөөлөгч зарлаж байсан цаг саяхан.
Сэтгэл нь хөөрсөн монголчуудад хамгийн хямд GX гэх 4.0 литрийн хөдөлгүүртэй механик кроптой ямарч никельгүй нүүгэлтсэн пад хар нүүртэй хувилбарыг нь оочерлуулж байгаад нилээн үнэтэй зарчихсан гэж боддог юм. Нөгөөх нь өвөл хөлдөөж алах шахаж байсныг санадаг юм. Эхлээд авсан нилээд нь шинэ 200-аа буцааж зарсан гэж дуулдсан шүү.
Мотор нь ч гэсэн жижгэрчихсэн “өө” л гэхээр байлаа. Тэр үед дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлээд жижгэрүүлсэн юм байлгүй гээд л ихэнх нь бодсон байхдаа. Гэтэл хамгийн миаг нь аваад ирсэн байгаамдаа. За энэ ч яахав монголчууд мэдэхгүйдээ, хөөрүүдээ баахан авч шатсан байх. Гэтэл жинхэнэ лагууд нь байж л байсан.
Монголд ирээд хамгийн түрүүнд гологдсон зүйл нь урд тэнхлэг нь намхан гэдэг нь ба дараа нь өвөл хүйтэн гэдэг асуудал байсан юм. Дараа нь 4 байрлалд үлээдэг нь ирээд арай дулаахан байсан гэдэг. Магадгүй дулаан орны хямдаас нь баахан туусан байх манай наймаачид. Эсвэл салоны фильтр нь хэт сайн шүүх гээд нягтралтай шүүлтүүр хийсэн байж магад. Монголын нарийн шороо фильтрийг нь бараг өдөрт нь таглаа байлгүйдээ, тэгээд тэр чигээр нь өвөлтэй золгохоор хүйтэн байлгүй яахав. Болвол өвөл фильтрийг нь аваад хаячих хэрэгтэй.
Жирийн үедээ угаасаа нэг араг үүрсэн эмгэн шиг уруу тонгойсон байдаг нь түүнийг доогуураа тулахад хүргэсэн байх. Гадаадад ховил байдаггүй байх л даа, манай ховилтой замд элгээрээ зураад явдаггүй ээ. Урд тэнхлэгийн хөндлөвч нь дэндүү доор байрласан 227мм гэнүү. Юу вэ жирийн үедээ ийм байгаа юм чинь донслоод доош суухаар багадаа л 5 см доошилно биздээ. Ингэхээр хэд гарахнуу 173мм. Энэ чинь жийпэнцэрийн өндөр шүү дээ.
Тэгэхээр чинь тэр их моторын хүчийг хаана ашиглах болж байна аа. Засмал дээр үү, тэгвэл шороон замд мөлхөөд байж дээ. Бараг тэр “Crawl Control” (мөлхөөг хянах) гэдэг нь оносон нэр ч юм шиг. Харин хойд тэнхлэгийг хуучны 80, 100 шиг үлдээсэн нь яамай.
Шинэ Patrol шиг үл хамаарах болгоод хаячихсан бол юм ачихаар доошоо алцайж хэвтээд бүүр өнгөрөө. Тиймээс та 200 авах л юм бол өндөр пүрш амортизаторыг сольж хийх хэрэгтэй. Дор хаяж 300 мм болгож байж сайхан явна шүү. Тэгэхгүй бол энэ машины ид шид гарахгүй гэхэд болно.
За тэр тохь тух энэ тэрийг яриад яах вэ дээр баахан бичсэн байгаа, сүүлийн үеийн бүх машинууд энэ тал дээр анхаарч байгаа. Бас нэг зүйл нь урд хойд гупер нь суудлын машиных шиг их биетэйгээ хуванцар ирмэг түгжээгээр түгжигдэн нягт хийцтэй болсон бөгөөд ямар нэг байдлаар мөргүүлсэн, салгасан, хөшигдсөн үед ангайгаад, янзалсан ч олигтой нийлдэггүй.
Тиймээс оффроадад дуртай бол урд хойд талдаа Bull bar буюу ган хамгаалттайг авч хийх хэрэгтэй. 200 орж ирж байх эхэн үед энэ бүхэн байдаггүй байсан. Одоо бол хулхи ориггүй байж л байна. За манайд нэг иймэрхүү л байгаа. Цуу яриа юу мэдэхгүй 2013 онд дараагийн бүр шинэ нь гарна гээд байх шиг байлээ. Тэгэхээр яах юм бол мэдэхгүй. Дутагдлаа арилгах юм бол шинийг нь авсан нь дээр. Хойд тэнхлэг нь үл хамаарах болчихвол 200-гаа авсан нь өлзийтэй шүү.
TJM брэндийн бүтэн тоноглолтой 200
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд