ДӨРВӨЛЖИН ЭРХ ЧӨЛӨӨ - LADA

Энэ машин одоо их цөөрчээ. Хааяа нэг гудамжинд зогсож байхыг нь харахаар өөрийн эрхгүй л хайр хүрч, учир зүггүй тэвэрч үнсдэггүй юмаа гэхэд хүний нүд хариулж байгаад шоо шиг хоншоорыг нь нэгэнтэй илээд авдаг минь үнэн. Тэгээд хорогдон, хорогдон холддог минь ч бас үнэн.

  • Монголчууд бидний сэтгэл итгэлийг ингэтлээ татсан машин тун цөөхөн. Тэр дундаа харах бүртээ хуучин танилтайгаа учирсан юм шиг болдог дэндүү халуун дотно төмөр хүлгүүдийг нэг бол...

Танилц энэ бол дөрвөлжин эрх чөлөө ЛАДА...

Ладаагийн түүх бас хоржоонтой, бужигнаантай эхэлсэн юм билээ. Нэгэн мянга есөн зуун жараад онд АНУ жилд дунджаар 7.5 сая автомашин үйлдвэрлэж байсан бол Италичууд 1.5 саяаас буухгүй байжээ. Бусад нь энэ хоёр тооны дундуур нь л туугаад байсан байгаа юм.

  • Тэгсэн чинь манай хайрт орос ах нар болох цаад Иванууд чинь бүтэн жилийн турш ердөө л 200-хан ширхэг машин арай гэж үйлдвэрээс гаргаж байсан  нь “болиочдээ та нар” гэмээр байлаа. Энэ нь гэвч цаанаа нарийн учиртай.

Бидэнд ийм олон авто машин хэрэггүй. Хувийн автомашинд ихдээ л хоёр хүн өдөр тутам сууж явна. Бензины зардал гэж найгүй гарна. Түүний оронд нийтийн тээврийг хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн Зөвлөлт засгийн хаан, зартай коммунист Хрущёв лүндэн буулгажээ. Ингээд жирийн оросуудын машин  унаж давхидаг хөг нь нэг удаадаа өнгөрлөө.

1960-д онд Зөвлөлтийн ард иргэдийн мөнгөн хуримтлал санаж байснаас хавьгүй их болчихсон байв. Гэвч тэдэнд худалдаж авах зүйл олддоггүй байсан гэвэл хилсдэхгүй. Үүнийг албан ёсоор барааны эрэлт, нийлүүлэлтийн гачигдал гэвэл зохино. Өөрөөр хэлбэл мөнгө нь байгаад байсан ч бараа таваарын хэрэгцээ нь дутаад байна гэсэн үг.

Гэтэл халзан Хрущевтэй хурал болгон дээр хэрэлдэж, Оросууд машин унах ёстой гэдэг байр суурин дээр хатуу зогсдог нэг хувьсгалын эсэргүү байсан нь тэдний коммунист нам, засагт өндөр албан тушаал хашдаг нөхөр Косыгин билээ.

Халзан Хрущев анхандаа нөхөр Косыгины санал, хүсэлтийг хатуу эсэргүүцэж байсан ч сүүлдээ бууж өгөхөөс өөр аргагүй болжээ. Юу гэхээр халзан Хрущев Оросын жирийн ард түмнийг шууд дээрэмдэж, халаас, дансыг нь хоосолж болохгүй байлаа. Тиймээс тэдний гар дээр байгаа их хэмжээний рублийг ямар нэг аргаар буцаан татах шаардлагатай учир жирийн түмэн олонд зориулсан машин үйлдвэрлэхээс өөр замгүй болов.

  • Бүхэл бүтэн улс, үндэстнийг унах унаатай болгох ажлыг нөхөр Косыгин хариуцаж, гаднаас хүчин чадал сайтай, чанартай үйлдвэр оруулж ирэхээр боллоо. Тэгсэн коммунистуудад баруун Германы Вольксваген таалагдсангүй, Францын Ренаулт ч болсонгүй. Тэгж тэгж Италийн ФИАТ концерныг сая нэг тааллаа.

Тэр үеийн ФИАТ-ыг Италийн коммунизмыг санхүүжүүлэгч, тэрбумтан Жани Аньели өвлөж авчихаад даналзаж байсан цаг. Гэтэл Зөвлөлтүүд Италийн засгийн газартай ашиг хуваах тал дээр ерөөсөө санал нийлэхгүй, олон удаа хоёр тийшээ харж суусан тул Орос ах нар маань КГБ-ын тагнуулуудынхаа тусламжтайгаар энэ ажлыг 1966 онд нэг мөр шийдээд хаячихжээ.

Оросууд анхандаа ард түмэний машиныг хямд өртөгтэй, 1 кг нь нэг рубль гэж тооцож, эгэл иргэн бүр нийт мянга орчим рублиэр хувийн авто машинтай болох тооцоо хийсэн ч Хрущев нам цохив. Тэр бүү хэл 1000 орчим кг жинтэй шинэ машин 5600 рублиэр борлогдох ёстой болсон байна. Ингэлээ гээд ард түмэн шантарсангүй.

  • Би Жигули авах очерт нэрээ бичүүлэх гэсэн юм
  • Таны дарааллыг 15.001 дээр бүртгэлээ
  • Пөөх Миний өмнө 15.000 хүн байгаам уу

Гурван жилийн цалинтай тэнцэх рубльтай 15 гаруй мянган хүмүүс авто машинтай болох анхны уртаас урт дэс дараалалд хөлдөж үхэхийг юман чинээ бодолгүй зогссон юм.

Одоо гол яриандаа орьё. Италийн ФИАТ ын үндсэн загвар дээр суурилсан Зөвлөлтийн авто машины шинэ үйлдвэр алдарт Ижил мөрний эрэг дээр дүнхийж, бүтэн жилийн турш чадах чинээгээр ажилласан ч бас л 100 000-хан мянган машин угсарч чадлаа. Иргэд машинтай болох гэж нэгээс, хоёр жил хүлээж байлаа.

Хамгийн гол нь тухайн авто машиныг Оросууд нөгөө л УАЗ, ГАЗ гэдэг шиг ээ ВАЗ гээд нэрэлчихсэн тууж байсан юм. Вазийн гадаад төрх европын шинжээчдийнхээр бол 1964 оны дэлхийн шилдэг авто машин болох ФИАТ 124 ын хуулбар болой. Нэг үгээр хэлбэр таван хүний суудалтай уг машин бараг л тэг дөрвөлжин шахуу...

  • Гэтэл байдаггүй шүү. Нөгөө сайхан ВАЗ маань оросын там болсон зам дээр хэдхэн давхиад л салж унах шахаж, өвөл нь аснаа гэж үгүй, зүгээр л төмөр сав болж, заа ер  нь тэгээд хэцүүдээд ирлээ. Оросууд Жигулигээ “копейк” гээд хочилчихжээ. “Копек” гэдэг нь рублийн дүү, бутархай зоос гэдгийг бид мэднэ.

Анх хөл дээрээ босох гэж ямар ч зовлон туулаагүй мөртлөө удалгүй томоохон бэрхшээлүүдтэй учирсан ВАЗ-ыг жинхэнэ машин болгохын тулд Италийн ижненерүүд бүтэн жил тархиа гашилгажээ. Чингэсний дүнд ВАЗ-ын кузовыг нь илүү бат бөх болгож, авцуулах холбоог нь сайжруулж, диксэн тормозыг нь хүрдэн тормозоор сольжээ.

ВАЗ-ын шинэ хувилбарыг Жигули ВАЗ 2101 гэж нэрлэв. Нөхөр Жигули харин овоо унаа болжээ. Тэр 16 секундэд 100 км цагийн хурд авч чаддаг, авсаархан хэрнээ, тохитой, туулах чадвар сайтай, бат бөх үнэхээр л Оросуудын хүсч байсан машин байж чадлаа. Төдөлгүй тун түргэн дэвшиж Жигулигийн цуврал Зөвлөлтийн бэлэг тэмдэг болсон авто машины эхийг шатрын бэрс шиг тавьчихлаа.

  • 1973 он болоход Зөвлөлт Холбоот Улс өөрийн нүүр царай болсон Жигулигээ гадаад руу экспортлох болжээ. Тэгсэн нэг ялихгүй хэрнээ томоос том бэрхшээл гараад ирэв. Тэр нь “Жигули” гэдэг нэрийг нь заавал өөрчлөх явдал байлаа. Яагаад гэхээр энэ үг өрнөдийн зарим улс орны хэлэнд тун ч таагүй утгатай буугаад байсан юм. Зөвхөн Франц хэлэнд л гэхэд мөнгөний төлөө өмдөө тайлдаг, завхай бүжигчин эрийг “жигало” гэдэг байна. Эл учир баахан маргасан Оросууд Жигулигээ “Лада” болгосон түүхтэй.

Таних, танилцуулахад таатай байна, энэ бол та бидний хайртай Лада...

Судлаач: Эцэст нь хэлэхэд Лада бий болсноор Оросууд эхлээд граштай болж, дараа нь Ладагаа эхнэр шигээ хайрлаж, шинэ жилийн сүлд мод шиг чимж, түүнтэй зовлон жаргалаа хуваалцсан юм.

Хамгаас гол зүйл нь Лада гарч ирснээр Зөвлөлтөд анх гэр бүлийн аялал дэлгэрч, энэ нь эргээд хязгааргүй сэтгэл ханамж авдаг, жинхэнэ эрх чөлөө, аз жаргал болжээ. Иймийн учир Лада бол яах аргагүй Дөрвөлжин эрх чөлөө мөнөөсөө мөн.