ЯВДАГ ОРДОН MAYBACH

Нэгэн мянга есөн зуун долоон онд юм. Одоо хэрнээ орчлонг донсолгосоор байгаа алдарт Бензийг зохион бүтээгчдийн нэг толгой, ухаан нь торго дурдан шиг инженер Вильгельм Мэйбах ДиЭмЖи (DMG) компанийг бөөн хэрүүл, уруултай орхиж,  тансаг чамиг хаалгыг нь хэмх шидээд гарчээ. Вильгелм Мэйбах чухам юу болоод хаалга эвдсэн гэхээр манай хүн Германы төдийгүй дэлхийн авто машин үйлдвэрлэлийн ертөнцөд дийлдэшгүй ДиЭмЖи компаний загалмайлсан эцэг ноён Готтлиб Даймлерийг жанч халсны дараа түүний орыг эзэлсэн хүү Паул Даймлертай хэл амаа ололцож чадсангүй.

  • Паул Даймлер би чамд нэгэн үнэнийг хэлье. Чам шиг бүдүүлэг мулгуу хүнээс би хэд дахин илүү гэдгээ батлах болно. Чи харж л байгаарай. Баяртай 

Танилц - Энэ бол авто машины ертөнцийн дөрвөн дугуйтай эзэн хааны орд харш Мэйбахын эхлэл болсон юм

Ингэхдээ Мэйбах эхлээд өөрийн ухаалаг, сэргэлэн хүү Карлын хамт компанийг байгуулж, дараа тэнгэрт дурлажээ.

  • Мэйбахын тэнгэрт дурлаж эхэлсэн гэдэг нь Цеппелин гүнтэнд зориулан агаарын хөнгөн онгоц үйлдвэрлэж эхэлсэн явдал юм. Хөнгөн онгоц гэдэг нь дээрээ томоос том хийн бөмбөлөгтэй, тэрнийхээ хоёр талд бяцхан сэнс, түүндээ тохирсон хөдөлгүүртэй, харин хэвлийд нь жолоодлогын бүхээг, зорчигчийн сандал суудал бүхий тийм нэг дуу чимээгүй онгоц юм. Ер нь энэ агаарын хөлгийг манай сонсогчид Холливудын кинон дээрээс олон удаа харсан доо.

Агаарын хөлгийн эрэн үе асар хурдан эхэлсэн шиг ээ алга эргүүлэхийн зуур дуусчихжээ. Товчхондоо энэ салбарын хөгжил, ар араасаа гарсан сүйрэл, хамгийн том, хамгийн тансаг агаарын хөлөг Вон Брауны сүйрлийн дараа тэгсгээд тасарчээ.

Агаарын хөлгийн хөгжил баяртай болсны дараа Мэйбах өөр зүйлд сэтгэлээ өгсөн юм. Тэр жинхэнэ нисэх онгоцны хөдөлгүүр зохион бүтээжээ. Мэйбахын зохион бүтээсэн хөдөлгүүртэй, задгай дээвэртэй, жижигхэн царцаа ногоонууд Германы тэнгэрт гялалзаж эхэлсэн юм.

  • Дэлхийн нэгдүгээр дайн... Ааг нь омгондоо багтахгүй Германууд Австри Унгарыг эзэнт гүрнийг чичиргэж, цаашлаад Европийг уландаа гишгэж гарлаа. Үүнтэй зэрэгцээд нисэх онгоцны хөдөлгүүр гэдэг чинь эрэлт хэрэгцээгээрээ ус, агаар, талхны дараа ороод явчихав. Мэйбахын үйлдвэрлэл цэцэглэж, түүний хөдөлгүүртэй онгоцууд Англи, Францын ядруухан нисэх онгоцуудыг тэнгэрээс түлхэж байв.

Нэг л өглөө сэрэхэд дайн дуусчихсан, Германчууд ялагдчихсан байлаа. Мэйбахд тэнгэрээс буухаас өөр зам үлдсэнгүй. Энэ удаа холбоотнууд түүнийг Герман улстай нь хамт тэнгэрээс түлхжээ. Навсайтлаа ялагдчихаад, сэгсийтлээ гэртээ ирсэн Германчууд мөрөөрөө амьдрах хэрэгтэй болов. Мэйбах хүү Карлын хамт нийтийн тээвэр, түргэн тусламж, гал түймрийн нөхцөлд ашиглах хүнд машины хөдөлгүүр үйлдвэрлэлээ.

Зүрх бүтээж чаддаг хүнд дайсан нь хүртэл хайртай байдаг байжээ. Энэ ч үүднээс сөнөх шахсан Герман инженер Мэйбахтай Голландын авто машины үйлдвэр даруй 1000 хөдөлгүүр нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Тэрээр ажилдаа асаасан танк шиг л орлоо. Гээд явж байтал дампуурал... Мэйбахын хөдөлгүүрийн компани бүр мөсөн газрын хөрснөөс арчигдчихаваа, хөөрхий.

  • Мэйбах зоримог дайчин хүн байлаа. Ялагдал бүхнээсээ тэр ялалтанд хүрч чаддаг нэгэн байлаа. Иймдээ ч бүрэн хэмжээний авто машин, тэгэхдээ бүр нэг арааны шүлс асгарч, алганы хөлс чийхармаар авто машин үйлдвэрлэхийг тэр зорьсон юм. Галзуурсан юм шиг өдөр шөнөгүй ажиллах болсон эцэг хүү Мэйбах, Карл нар эцсийн дүнд хүссэндээ хүрч, Явдаг хаадын тансаг ордноо нэгээс, нөгөө рүү явж чаддаг болгов. Тэд гайхамшигт машинууд үйлдвэрлэв...

Мэйбах 1921-1940 оны хооронд чамин тансаг нь дэндсэн машинуудыг  чамгүй олноор үйлдвэрлэсэн. Тэдгээр нь цөм тэнгэрт тулсан үнэтэй, орд харш, ордон танхим шиг алт мөнгө, үнэт эдлэл, арьс, торгоор бүтсэн машинууд байлаа. Гүн хүндэтгэлт Вильгелм Мэйбах өөрийн гараар зохион бүтээсэн, орчлонд хосгүй одод шиг гялалзах авто машинуудынхаа  алтаар эмжиж, мөнгөөр бүрсэн хоншоор дээр нь “МЭЙБАХ” гэдэг өөрийн овог нэрийг таних тэмдэг лого болгон эрхэмсэг, бас ихэмсэг гэрэлтүүлэв. Тийм ээ домогт “Мэйбах...

1929 онд Вильгелм Мэйбах өвчний улмаас тэнгэртээ буцлаа. Тэгэвч түүний мөрөөдлийг хүү Карл нь амжилттай үргэлжлүүлж, нэг жилийн дараа буюу 1930 онд зүйрлэн хэлбэл Баатар цагаан хааны Эрмитажийн музей лугаа тансаг дээд нь тэнгэрт тулж, газар хотойлгосон Карл Зеппелинийг (Zeppelin) зохион бүтээжээ.

  • Лууварын музей лугаа, Эрмитаж лугаа энэ төмөр хүлгийн үнийг сонссон тухайн үеийн соёлт хүн төрөлхтөний зарим нь зүгээр л ухаан алдаж унаж байсан юм.

Машин худалдааны танхим

  • Энэ ямар сайхан машин бэ. Эрхэмээ энэ ямар үнэтэй вэ
  • Ноёнтоон Карл Зеппелин 50 мянган рейхсмаркийн үнэтэй.
  • 50 мянга ааааа? Би буруу сонсов уу. Вольксвагены “Цох” ердөө л 990 рейхсмаркаар зарагдаж байна шүү дээ. 50 цохын үнээр 1 Мэйбах авна гэж үү. Ухаан алдмаар юм

Нилээн хэдэн жилийн хугацаанд ердөө 200-хан ширхэг худалдаалагдсан юм. Үнэтэй, дандаа захиалгаар, дээдсийн хүрээнийхний хүсэлтэнд нийцүүлж угсардаг болохоор энэ ч бас аргагүй. Гэлээ ч хамгийн гайхалтай нь тэрхүү 200 ширхэгнээс нэг нь ч өөр хоорондоо адилгүй байсан юм.

Дахиад л дайн. Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан хор шар, шарх сорив оо нөхөхөөр нацистууд дэлхий рүү дайрлаа. Мэйбах компани нацистуудын байлдааны техникт зориулсан хөдөлгүүр үйлдвэрлэв. Дайн дуусав, немцүүд ялагдав. Үймээний дараа Мэйбах Компани үнэнхүү даруухан Францын агаарын тээврийн хөгжлийн төлөө зүтгэж, дахиад онгоцны хөдөлгүүр угсрах болжээ.

  • Францын агаарын тээврийн салбарын хөдөлгүүр угсрах болсон нь Майхбах компанийг уран бүтээлч, романтик хандлагаас нь хагацаасан юм. Улмаар нэгэн үе аархаж байсан Мэйбах компанийг 1966 онд заналт Даймлер Бэнц компани алтан загасыг аварга загас анаж байгаад зооголж орхидог шиг залгижээ.

Бүр хожим 1990-ээд оны эхээр Даймлер Бэнц-ийнхэн домогт Карл Зеппелинг  сэргээхийг оролдсон ч энэ нь бүтэшгүй төдийгүй цуут Бэнтли, Pоллс Ройс зэрэг халимнуудад нам цохиулан, дэвжээ дээр тэрий хадан унажээ.

Гэвч Мэйбах ноёрхлоо алдсангүй. Нүдний цөцгий шиг болсон энэ машин одоо ч хамгийн үнэ, цэнэтэй хэвээр байсаар...

Сонирхуулахад хэрэв Мэйбах-тэй болохыг хүсэх юм бол 340 000-430 000 ам доллар төлөх ёстой. Алдар нэр нь цуурайтсан дэлхийн томчуудын тун цөөхөн нь энэ машиныг эзэмшдэг хийгээд тэдгээр нөхдүүд болох, бүтэхгүй зүйлтэй нэр холбогдох болгонд хуулийнхан хамгийн түрүүнд машиныг нь хурааж авсан тухай хэвлэл мэдээллээр шуугидаг. Түүнийг нь сонссон хүмүүс “ганц болж, ингэхгээд байсан юм” гэж атаархацгаана.

Танилц – энэ бол эрэлт хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ үргэлж давж байдаг Мэйбах. Түүн шиг явдаг ордон, ээ мөн ч цөөхөн шүү дээ манай гараг дээр...