НЭХМЭЛИЙН МАШИНЫ ТҮҮХ АВТО МАШИН БОЛСОН НЬ - TOYOTA

  • Яаж ч бодсон жирийн гар ажиллагаатай нэхмэлийн машин алдартай төмөр хүлгүүд болсон гэхэд итгэх хэцүү. Гэхдээ үнэхээр ийм зүйл болсон юм.
  • Өгүүлэгч: Бүх зүйл ээжийгээ өрөвдөж, хайрласан хүүгийн сайхан сэтгэлээс эхэлжээ. Өөрөөр хэлбэл арван есдүгээр зууны 80-аад оны хавьд Японд нэгэн эмэгтэй нэхмэлийн гар машин дээрээ өдөр шөнөгүй ажиллаж, гэр бүлээ тэжээдэг байлаа.
  • Ээжийгээ тийм хүнд ажил хийж, зүдэрч ядарч байгааг харж шаналсан Сакичи Тоёода хамгаас түрүүнд бүрэн автомат нэхмэлийн машин хийхээр зорьсон юм. Газар газрын хүний үрийн сайхан сэтгэл гэдэг адилхан л байдаг юм байж, хөөрхий.

Инженер: Автомат нэхмэлийн машин бүтээхээр эргэлт буцалтгүй шийдсэн хүүгээ аав нь анх дэмжээгүй юм даа. Гэсэн ч мөрөөдөмтгий Сакичи эцгийн үгнээс зөрж, зорьсондоо хүрэхээр эргэлт буцалтгүй шийдсэн юм. Тэгээд 1891 онд 24-хөн настай Сакичи Тоёода өөрийн анхны бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ буюу патент авчээ. Тэр арай боловсронгуй нэхмэлийн гар машиныг  модоор хийж чадсан байгаам.

  • Ээжийн бодрол : хүүгийнхээ хийж өгсөн нэхмэлийн машинаар юм оёооод сууж байна гэж зүүдэлсэнгүй явлаа даа. Эвий дээ хүү минь том болж дээ
  • Хүүгийн бодрол: нэхмэлийн машин маань санаанд хүрэхгүй л байна даа. Автомат болгох гэж 3 жил унтах нойр, идэх хоолоо хасан оролдлоо. Яая даа байз. Би заавал чадах ёстой.

Инженер: 1894 онд Сакичи Тоёодагийн нэхмэлийн машин хөдөлгүүртэй болсон байдаг. Гэвч түүнийг шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжгүй болохоор дахин гурван жилийг хүлээх шаардлагатай болсон юм. Энэ хугацаанд Сакичи Тоёода нэхмэлийн машинаа улам сайжруулсаар 1897 онд Японы хамгийн анхны автомат нэхмэлийн машиныг үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй.

Тэр бас компани байгуулж, бизнесийн салбарт эргэж буцалтгүй орон хэсэгхэн зуур цэцэглэсэн ч Сакичигийн автомат нэхмэлийн машиныг Японы санхүүгийн хямрал бут ниргэсэн юм.

  • Сакичи 1910 онд өөрийн байгуулсан компанихаа захирлын албан тушаалаас огцорч, түүгээр ч барахгүй үйлдвэрээ, нэхмэлийнхээ машины патентийг бусдад алджээ. Хорин жилийн хөдөлмөр, хөлс хүч алга эргүүлэх зуур алга болов. Ямар ч хүн ийм нөхцөлд цөхөрнө. Архи дарс ч амсана. Сакичи Тоёода баларч явлаа.

Сэтгэл гутралаас болж сакэнд бараг л орчих шахсан Сакичи Тоёода ашгүй нэг Америк руу явжээ. Гэтэл Нэгдсэн улс гутарсан залуугийн мөрнөөс нь өргөж “босгоод ир, хүү минь чи чадна” гэж хэлэв.

  • Хүүгийн бодрол: Гайхамшигтай Америк. аж үйлдвэрлэл гэж энийг л хэлдэг  байх даа. Ямар ч их зүйл энд ирээд сурч мэдэв дээ. Бас шинэ мөрөөдөлтэй боллоо. Тиймээ миний цоо шинэ, цог гэрэлт мөрөөдөл бол авто машин үйлдвэрлэл юм байна.

Инженер: Америкаас эргэж ирсэн Сакичи урам зоригтойгоор бүхнийг дахиж эхэлсэн юм. Тэр Сүлжмэл, нэхмэлийн шинэ компаниа байгуулсан. Түүний итгэлийг нэг зүйл хөгөлж байсан нь нэхмэлийн машиныг автомат болгосон явдал. Сакичи ингэж чадсан болохоор машин үйлдвэрлэж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байсан юм.

  • Сакичи Тоёодад хүү Киичиро Тоёода нь л хань болж байлаа. Бусад нь түүнээс уравчихаад байж.  Киичиро бол үнэнч, алсын хараатай нэгэн байсан. Сакичи хүүгээ тэгж л өсгөж, хүмүүжүүлсэн. Хамгаас гахайлтай нь аав хүү хоёрын мөрөөдөл адилхан байсан юм. Үүнд л бүх “ХҮЧ” нуугдаж байв.

1929 онд Сакичи Тоёода автомат нэхмэлийн машиныхаа албан ёсны эрхийг Англичуудад 1 сая иенээр зарчихжээ. Энэ нь тэр үедээ л асар их мөнгө байв. Тэгээд аав хүү хоёр мөнгөө автомашин үйлдвэрлэхэд зориулна гэж бие, биедээ амалсан юм.

Инженер: Эцэг хүү Сакичи, Киичиро нар дахин Америк явцгаасан юм. Тэнд автомашин үйлдвэрлэлийн судалгаа, шинжилгээний ажил хийгээд 1930 онд эргэж ирлээ. Тэд ирсэн даруйдаа чадалтай залуу инженерүүдийг ажилд авч, японы үндэсний ууган автомашиныг үйлдвэрлэхээр зүтгэсэн юм. Ингээд 1933 онд Тоёода компани авто машин үйлдвэрлэлийн хууль ёсны нэгж албатай болсон юм.

  • 1935 онд тоёода бүх загварынхаа загалмайлсан эцэг А1-ыг бэлэн болгожээ. А1 эхэндээ хараахан асаж, хөдлөөд явчихдаггүй, нэг үгээр хэлэхэд “үлгэр, загвар” байсан юм. Таван жилийн дотор нүсэр ажлыг амжуулж, анхдагч загвараа бэлэн болгоод, эргэн тойрныг шинжиж зогссон тоёодагийнхан нэрээ өөрчиллөө.

Тэгэхдээ.

Инженер: Тоёода гэдэг үгийг Тоёота болгосон юм. Тэгж “Д” үсэгний оронд “Т” үсэг нэмсэн нь ханз үсгээр 8-ын тоо болж байлаа. Япончууд 8-ын тоонд дуртай. Үнэхээр ч энэ тоо Тоёотагийн азын тэнгэр болсон.

1940 онд Тоёота буланд шахагдлаа. Компанийг удирдаж байсан хүү Киичиро Тоёода арга буюу цалингаа багасгаж, улмаар 1600 ажилтныг цомхотгож, хоёр ч салбарынхаа үүдийг барилаа. Уурссан, гомдсон, горьдсон ажилчид зүгээр байсангүй. Жагсаал цуглаан хийж, эсэргүүцэл, дургүйцлээ илэрхийлэв. Киичиро Тоёода захирлын албан тушаалаасаа огцорлоо. Азын тэнгэр түүнийг арай л дутуу ивээжээ.

Инженер: Тоёотачууд тэмцэл болгонд ялж байсан. Тиймдээ ч тэд хэсэгхэн хугацааны өмнө японы авто машин үйлдвэрлэлийн төв болгож, ёслолын тууз хайлчилж байсан Коромо хотод байрладаг гол үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглаж эхэлсэн. Энэ үйлдэл нь Тоёотаг аварсан юм даа.

  • Сүйрэх шахсан компанийг Кийчиро Тоёодагийн дүү Эйжи Тоёода, Тайичи Оно хоёр эргэж хөл дээр нь босгосон цадиг түүхтэй. Эйжи Тоёода үйлдвэрлэлийн технологи, бат бөх чанар, хэнд ч гологдохгүй загвар, авто машины хүчин чадал зэргийг хариуцсан.

Харин ноён Тайичи Оно гэдэг тэр даруухан, давжаадуу биетэй эр бүр анх автомат нэхмэлийн машин үйлдвэрлэх үеэс л Тоёотад хүчээ өгсөн үүрдийн үнэнч нэгэн байлаа. Тиймдээ ч тэр гадаад харилцаа, экспорт хариуцсан нь хараагүй нэгэн, хараа орсонтой ижил зүйл болжээ.

Инженер: Эйжи Тоёода Америкчуудын хөдөлмөрийн бүтээмж Япончуудынхаас 9 дахин их байсныг олж мэдсэн юм. Үүний цаад нууц нь тэд хүмүүст биш, үйл явдалд анхаарлаа хандуулдагт оршиж байжээ.

Иймийн учир Тоёота илүү ухаалаг байх ёстой болсон юм. Эйжи Тоёода, Тайичи Оно хоёр үйлдвэрүүдийнхээ шат дамжлагуудын байрлалыг өөрчилж, дэс дарааллыг илүү тохиромжтой болгосон. Энэ нь ажлын бүтээмжийг сайжруулахад аанай ихээр нөлөөлсөн.

1950 он. Тоёота Японы номер нэг автомашин үйлдвэрлэгч болчихсоон, мандаж байлаа. Гэвч тэдэнд дэлхий хэрэгтэй болсон юм. Дэлхийг эзлэхийн  тулд Чингис хаан шиг алсыг харах шаардлагатай байв. Тэгж байтал 1955 онд Шотаро Камия гэдэг эрхэм Тоёода Моторсын худалдааны компанийг удирдах боллоо.

Инженер: Ноён Шотаро бол маш гярхай, хашир, ухаалаг нэгэн байсан юм. Тиймдээ ч тэр Америкийн хамгийн шилдэг үйлдвэржилтийн хот Детройтодод ажиллаж байхдаа Нэгдсэн улсын ард иргэд хоёр машинтай байдаг. Тэдний нэг нь заавал Америкт үйлдвэрлэсэн бол, нөгөө нь Европийнх гэдгийг олж мэдсэн. Энэ бол маш том зах зээл.

  • Шотаро Америкчуудын хоёр машины нэг нь японых байх ёстой гэж үзсэн нь эгээтэй л эртний самурай нарын бодол мөн. Тэгээд үзэж тарлаа, манайхан. Тэгсэн байдаггүй. Тансаг дээд Тоёота Кроун Америкийн нөхцөлд тэнцсэнгүй. Хурдны зам дээр уухилж аахилан, шатахуун зарцуулалт нь арай дэндсэн энэ машинд Америкчууд итгэсэнгүй.  Тоёода бүтэн нэг жилийн дотор ердөө 300-хан машин худалдааллаа. Энэ бол дампуурал...

Компанид шинэ хүн орж ирсэн нь шижир алт байжээ. Тэр бол Киичиро Тоёодагийн хүү Шойичро Тоёода байсан юм. Тэр шижигнэсэн залуу барууны эрэлт хэрэгцээнд нийцсэн авто машин үйлдвэрлэхийн төлөө фронтын шугам руу улаан туг барин давшихдаа чанарын хяналтаар ялалт байгуулахаар зориглов.

Япон тэнгисийн давалгаа шиг эсвэл номхон далайн түрлэг шиг олон саад бэрхшээлийг даван туулж, зарим үед бүр дампуурлын ирмэг дээр хүртэл ирээд дахин оргил өөд мацсан Тоёота 1960-аад онд барууныг байлдан дагуулав. Ноён Кроуныг нь анх голж, жилд ердөө 200 ширхэгийг л арай гэж худалдаж авсан Америкчууд Коронагийн өмнө гар өргөн бууж өглөө.

  • Хөгшин адуу шиг хөшиж уухилаад, цэлгэр саруулхан зам дээр мэнгэртэй амьтан шиг бөглөрчих гээд байсан Кроуны дутагдлыг Корона нөхөж, Америкчууд Тоёотаг сонирхож эхлэлээ. Түүгээр ч барахгүй борлуулалт нь яг л цахилгааны тоолуур шиг эргэх болов. Тоёота сэрлээ. Коронагаараа Тоёота 1965 оны чанарын хяналтыг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн компанид олгодог үндэсний хэмжээний дээд шагналыг нь хүртцэн юм.

Инженер: Манай Тоёота хэзээд оргилоос, оргил руу тэмүүлсээр ирсэн компани. Тиймдээ ч бид 1966 онд алдарт Короллаг анхлан олон улсад танилцуулсан юм. Гайхамшигт бат бөх чанар, хэмнэлт, шинэчлэл гээд энэ машин өөртөө олон давуу талыг агуулж чадсан. Ерөнхийдөө Тоёотаг барууны ертөнцөд Корона, Королла хоёр төлөөлж байсан юм.

1970 он гарсан чинь газрын тос гэдэг хар алтны үнэ галзуурч эхлэв. Урдын адил уул, нурууд шиг машинууд хэрэгцээнээс халагдаж, тэдний оронд илүү жижиг, түлш бага зарцуулдаг, туулах чадвар сайтай машинууд шаардлагатай боллоо. Гэтэл бусад авто машин үйлдвэрлэгчдээс ганцхан тоёота л үүнд бэлэн байжээ. Тэд үнэхээр дэлхийн хэрэгцээ, шаардлагыг хангахад бэлхэн байж.

  • Шатахуун бага зарцуулалт, цомхон жижиг загвар, тав тух гээд орчин үеийн хүн төрөлхтний хүсэж, мөрөөдөх болсон үнэт зүйлсийг ноён тоёота авто машины ертөнцөд нэвтрүүлсэн юм даа. Амжилт, амжилт, амжилт... ар араасаа аяны шувууд шиг ирэх амжилт.

Инженерийн бодрол : Газрын тосны хямрал ч ашгүй нэг юм дуустлаа. Бидний амжилтыг хараад өрсөлдөгч нар маань ч нилээн сандарч байгаа бололтой дог шүү. Гол зах зээлүүд дээр гадны машин импортлохыг хориглосон хуулиудыг лоббидож гаргуулчихлаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн тэднийг ч бас буруутгах аргагүй. Үүнийг бас нэг талаараа биднийг буюу Япончуудын эсрэг тависан хориг гэж ойлгой болно. Гэвч бид бууж өгөхгүй ээ

Шуудхан хэлэхэд Тоёота гадныхны хоригийг ялахын тулд эхлээд дутагдлаа засах тал дээр маш их ажилласан. Ингэхийн тулд 1980 он гарсан даруйд чанарын хяналт, Кайзений философи хоёр дээр тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалтыг хийсэн юм. Энэ үед барууныхан энэ тухай бодоо ч гүй явсан.

  • Ёстой нэг сохорсон биш завшив л гэдэг энэ. Хашаа хороонд хоригдсон даруйдаа Япончууд түүнээс хэрхэн гарах, гарсан даруйдаа гадаад ертөнцийг яаж эзлэхээ маш сайн тунгаажээ. Аргагүй шалгарсан сайн зүйлд атаатан дайсан нь хүртэл бууж өгдөг байж. Тоёота яг ийм л арга замаар чамайг, намайг, биднийг, дэлхийг эзэлж эхэлсэн юм.

1984 онд Тоёота Америкт авто машины үйлдвэрээ байгуулчихлаа. Энэхүү хөрөнгөтөн орны хөх тэнгэр дор байгуулсан үйлдвэртэй Тоёота өөрийн амжилтын түлхүүр ТиПиЭс (TPS) системээ амжилттай нэвтрүүлж, анхлан арлын эх орноосоо өөр газар туршиж чадсан юм.

Чухамдаа TPS систем гэдэг нь менежмент болон ажилтнуудын хооронд харилцан итгэлцэл дээр үндэслэсэн арга ажиллагааны шалгарсан хэрэглүүр юм. Энэ систем өөрийгөө цаг ямагт сайжруулж байдаг ба багийн гишүүдэд олгодог урамшуулал нь идэвхжүүлэлтийг үүсгэж, идэвхжүүлэлт нь шинэчлэл хийж байдаг систем л дээ.

1988 он гарсан даруйд Япончууд Америк руу довтолж байгаа нь илэрхий болжээ. Тэд Нэгдсэн улсын Кентаки мужид өөрсдийн 100 хувийн хөрөнгө оруулалттай цоо шинэхэн үйлдвэрийг барьж, байгууллаа. Энэ үйлдвэр бол дэлхий дээрх Тоёотагийн гадаадад байрладаг хамгийн том төв болжээ. Чухамдаа самурай нар нэг удаа цэрэг, зэвсгийн хүчээр Америкийн ялж чадаагүй санаагаа авто машин үйлдвэрлэлийн тусламжтайгаар биелүүлжээ. Америк ялагдаж...

Инженер: Америкт хоёр том үйлдвэр байгуулсныхаа дараа бид Канадад бас салбараа нээсэн юм. Тэгээд Канадад байх салбартаа Короллаг үйлдвэрлэж эхэлсэн. Дараагийн бидний зорилт Тайван байлаа. Өөрөөр хэлбэл зүүн Азийн хөгжил дэвшлийн төлөө Тоёота зүтгэж эхэлсэн юм.

Дэлхийн таван тив, бүхий л бүс нутгуудад үйлдвэрлэлээ явуулах болсон Тоёотагийн эсрэг зогсох хэцүү болжээ. Одоо тэдний өмнөөс ямар ч газрын тосны хямрал, импортын хориг тавиад нэмэргүй болж. Тэгж байтал 1989 онд Тоёота Лексусын үйлдвэрээ Америкт нээсэн нь чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгааг дээд цэгт нь хүргэлээ. Хэн ч тэднийг ийм гайхамшигтай машинууд үйлдвэрлэж чадна гэж, хэзээ ч итгээгүй юм.

Өгүүлэгч: Тоёода өвгөний загалмайлсан Тоёота компани 1990 онд дахиад нэг хямралтай улаан нүүрээрээ халз тулсан байна. Учир юу гэвээс, Иений ханш огцом өссөн нь тэдний экспортыг шалд нь буулгажээ. Тоёота бол авто машин үйлдвэрлэхийн зэрэгцээ, бэрхшээлийг даван туулах гэж байгуулагдсан компани. Иймийн учир тэд дэлхийн хэмжээний бизнес төлөвлөгөөг боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхээр чармайж, илүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр анхаарч, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн төлөө хөлс, хүчээ урсгажээ.

Тоёота захирал: Бидний маш их зүтгэж, тэмцэж,хамтран тэмүүлсний үр дүнд Тоёота олон улсын хэмжээнд дистрибьютерийн сүлжээгээ тэлж, төдий чинээгээр борлуулалтаа огцом ахиулж чадлаа. 1992 онд Их Британи-д, 1994 онд Турк, гурван жилийн дараа Тайланд, Өмнөд Америкт салбар үйлдвэрүүдээ бид амжилттай байгууллаа. Энэ бол Тоёотачууд бидний хамтын зүтгэл

  • 1998 онд хөл бөмбөгийн эх орон Бразиль, Аргентинд Тоёотагийн цоо шинэ үйлдвэрүүд бий боллоо. Энэ хугацаанд Америк дахь үйлдвэрлэлийн хүчин чадлыг тасралтгүй нэмэгдүүлж байв. Чингээд 1999 онд Тоёота Энэтхэгт хөл тавьж, хэдэн зуун сая Тамиль түмний хэрэгцээ, шаардлага, хүсэл, мөрөөдлийг биелүүлэх болжээ. Тоёота төдөлгүй Франц, Польш, Хятадад хүртэл үйлдвэрүүдээ сүндэрлүүллээ.

2001 оноос Тоёота дэлхийд бортуулалтаараа байнга тэргүүлэх болсон. Европ, Латин Америк, Ойрхи Дорнод дахь борлуулалт нь байнга өсч байгаа. Зөвхөн Америкт л гэхэд нэг жилд 2 сая авто машин нийлүүлж байна. Бүтэн зуун жилийн түүхтэй Тоёота өөрийн гэсэн хөгжлийн замаар явж ирсэн. Энэ хөгжлийн замыг “Тоёотагийн хөгжлийн зам” ч гэж судлаачид нэрлэх нь бий.

Тоёотагийн хөгжлийн зам хоёр баганатай. Тэдний нэгийг нь тасралтгүй үргэлжлэн хөгжих гэдэг бол нөгөөг нь хүнийг хүндэтгэх заримч гэдэг. Тоёота үүний үр дүнд дэлхийн 160 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулж, 365 хоног тутамд 10 сая гаруй авто машин борлуулж байна.

Танилц энэ бол - Нэхмэлийн машин авто машин болсон түүх энэ буюу - Тоёота