БЯЦХАН ЦОХЫН БАДРАНГУЙ ТҮҮХ (BEETLE)
Хүн төрөлхтөн шинэ зүйл зохион бүтээхдээ хэтэрхий нүсэр том, заримдаа бүр болхи бүдүүлэг хийчих гээд байдаг талтай. Тэгээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тухайн зүйл нь улам боловсронгуй болж, хэлбэр хийц нь сайжран бидний амьдралд ашиг тусаа өгдөг жамтай. Яг үүн шиг явдал автомашины ертөнцөд болсон байгаа юм.
Соёл иргэншил, хөгжил дэвшлийн өлгий болсон Европод хэтэрхий том машинууд унадаг байлаа. Тэр нь эргээд шатахуун зарцуулалт, үйлдвэрлэл, төмрийн зах зээлд их бага ямар нэг хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж байж. Нөгөөтэйгүүр дундаж амьдралтай хүмүүс тэдгээр халим шиг том машинуудыг хурааж, хуримтлуулсан мөнгөөрөө чөлөөтэй худалдаад авчих боломжгүй байсан юм.
Энэхүү хэрэгцээг олж харна гэдэг жинхэнэ сийрэг, сэргэлэн толгойтой инженерүүдийн хийх ажил байжээ. Германчууд харин сэртэс хийсэн юм
1934 он Герман улс Берлин хот Кайзерхоф зочид буудал. Канцлер Адольф Гитлер
- Ноён Фердинад Порше Германы жирийн иргэдэд зориулсан машин зохион бүтээхийг би танаас хүсэх биш тушааж байна. Гэр бүлийн 2 хүн, 3 хүүхэдтэйгээ суугаад 100 км-т 7 литрээс бага бензин зарцуулж 100 км/цаг хүртэл хурдалдаг байх ёстой. Та ойлгов ууууу миний тушаалыг ноён Порше?
- - Бүрэн ойлголоо. Миний Фюрер
- Тэгэхдээ 1000 рейхийн маркаар авч болохоор буюу мотоциклийн үнээр заавал зарагдах ёстой шүү. Та даруй ажилдаа ор. Амжилт хүсье. Бид таныг болон үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
1939 он гэхэд барууны ертөнц нацист үзэл суртлын бэлэг тэмдэг Бийтлээр амьсгалж байлаа. 990 хэн маркаар худалдаалж байсан нь төмөр хүлэгтэй болохын бөөн мөрөөдөл байсан хүн бүрийн загатнасан газар нь маажсан юм. Жилдээ 150.000 ширхгийг үйлдвэрлэж байсан ч 3 жилийн дараа гэхэд 1.5 сая хүргэх зорилт тавьж байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайны өмнөх болон дараах Германы эдийн засгийн сэргэлт, хүчирхэгжилтэнд Volkswagen Beetle өөрийн хувь нэмрийг оруулсан юм.
Сөнөсөн гараг шиг болсон дайны дараах Германы эдийн засгийг аврахад ч улс төрчдөөс илүү цөөхөн бараа бүтээгдэхүүн хувь нэмэр оруулсны нэг нь энэхүү жижиг Цох юм.
Германд асар өндөр амжилтыг олсон бяцхан “Цох”-ыг тэр үеийн авто машины ертөнцийн хамгийн том зах зээл болох Америк эхэндээ огт тоосонгүй. Тэд Английн “МG” хэмээх спорт загварын машинд л хамаг мөнгөө сэгсэрч байлаа.
Бяцхан цохны давуу тал болох , урд өмнө нь хэзээ ч байгаагүй
- Хөдөлгүүр нь усан биш агаарын хөргөлттэй учир өвөл хөлдөж, зун буцалдаггүй
- шатахуун бага зарцуулалт
- хөдөлгүүр нь урдаа биш, хойноо байрласан учир цас, шавар, замын бартаанаас айх зүйлгүй зэрэг нь тун удалгүй тэдний сэтгэлийг татсан юм.
Түүнээс гадна харахад өхөөрдөм жоохон хэрнээ 100 км цаг хүртэл хурдалж чаддаг жолоодоход хөнгөн, тав тухтай “цох” маань төдөлгүй ёстой “од” болж хувирав.
Америкийн компаниуд хөөрхөн цохыг янз бүрээр нэмж тоноглон, цагдаа нар ч шатахуунд хэмнэлттэй эдгээр жижиг автомашинаар албан үүргээ гүйцэтгэх болов.
1955 оны наймдугаар сард нэг сая дахь Volkswagen Beetle хэрэглэгчиддээ очжээ.
Гэлээ ч бүхий зүйл цаг хугацаатай учир алдар нэрээ цуурайтуулж, хүнд хэцүү үед зовж, зүдэрсэн сая сая хүмүүсийг зорьсон газар нь саадгүй хүргэж, заримдаа амь насыг нь ч аварч явсан бяцхан “Цох” маань гавьяаных нь амралтад гарах цаг болжээ.
Германчууд аль тэртээ 1978 оны нэгдүгээр сарын 19-ны өдрөөс Бийтлийн үйлдвэрлэлийг зогсоосон юм. Энэ өдрөөс хойш Германд нэг ч “цох” үйлдвэрлэгдээгүй юм.
- Дэлхий даяар асар олон шүтэн бишрэгчдийн клубүүдийг үүсгэж чадсан, Герман машины бэлэг тэмдэг бол Вольксваген Бийтл.
- Дэлхийн түүхэнд цорын ганц жишээ болж 65 жилийн туршид загвараа өөрчлөлгүй 21,529,464 ширхэг үйлдвэрлэгдсэн бяцхан цохын хамгийн сүүлчийн үйлдвэрлэлийг хийнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа.
хэмээн Мексик дэхь үйлдвэрлэлийн захирал 2003 онд мэдэгдлээ.
Дэлхий дахинаа авто үйлдвэрлэгчид маш олон төрлийн загвар гаргаж байгаа ч БИЙТЛ шиг сэтгэл татам төрх, сэтгэлийг эзэмдэх чадвартай нь одоогоор дахин төрөөгүй л байна.
Тиймээ энэ бол олон сая хэрэглэгчийн сэтгэл зүрхэнд томоор үлдсэн жижигхэн цох Вольксваген Бийтл
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5