МАНЛАЙ МАШИН VOLKSWAGEN, МАНЛАЙ ЗОДООНЧ БАДАМЖАВ ХОЁР
Өнгөрсөн хорьдугаар зуун дөнгөж гараад байсан даруйд европийн аж үйлдвэржсэн улс орнууд нэг өвчин туслаа. Тэр нь бие биеэсээ өрсөж авто машин үйлдвэрлэх явдал байв. Нөгөөтэйгүүр өнөөгийн ухамсарт хүн төрөлхтөн бүхэл бүтэн 20 зууны турш эдлэж, хэрэглэсэн ердийн хөсгөөсөө уйдаж залхаад, аян замыг арай хурдан түргэн туулж, зорьсон газраа зовлон багатай хүрэхийг хүсэх болсон юм.
Ингээд л авто машин үйлдвэрлэл хүчээ авах нь тэр. Харин Германчууд энэ уралдаанд бүр 1904 оноос оролцож, удалгүй авто машин үйлдвэрлэлийн акулуудын тоонд зүй ёсоор нэрлэгдэх болжээ.
- 1910-аад оны дундуур юм. Тэр үеийн Хүрээнд Дамнуурчны гудамж гэж ёстой нэг хогоор хахчихсан газар байлаа. Гэвч эд бараа таваар, элдэв торго дурдан, дугуй булант, чихэр жимсийг зөвхөн Дамнуурчны гудамжны жунгаа нар зарах тул манайхан арга буюу тийш явж арилжаа наймаа хийдэг байв.
- Тэгэвч байсгаад л Дамнуурчны гудамжинд асар том зодоон болж, нэг талаас хүрз, жоотуу, тармуур, дамнуур барьсан хятадууд, нөгөө талаас манай гандангийн хэдэн асман лам нар үнэхээр нэг үхэж сэхэхээ мэдэхгүй нүдэлцдэг байсан юм.
Инженер: 1934 онд Германы авто машин үйлдвэрлэлийн холбооноос инженер Фердинанд Поршед нэгэн үүрэг өгсөн. Тэр нь дан ганц баячууд биш жирийн албан хаагчид, энгийн ард иргэд чөлөөтэй худалдаж аваад унаж эдлэх боломжтой тийм машин зохион бүтээх явдал байлаа.
“Америкад 5 гэр бүлийн дунд нэг авто машин ноогдож байхад Германд тавин гэр бүлийн дунд ганц машин. Арай хэтэрнэ” гэж бодсон Гитлер “Тэр Фердинанд Поршед 990 дойч маркийн үнэтэй, жирийн Герман гэр бүлд зориулсан авто машин үйлдвэрлэх ажлаа түргэл ” гэж тушаасан юм. Ингээд л алдарт Volkswagen-ы түүх албан ёсоор бичигдэж эхлэх нь тэр. Танилц, энэ бол манлай машин Volkswagen...
Зартай нацист Гитлерийг Рейхстагт хахир хүйтэн хоолойгоор “990 дойч маркын үнэтэй авто машин үйлдвэрлэ” гэж чарлахаас яг нэг жилийн өмнө Фердинанд Порше VW-3 гэдэг анхны машиныхаа үлгэр загварыг гаргачихсан байсан юм. Ингэхэд Фердинанд Порше гэдэг нь Вольксваген моторс болон домогт Порше компанийг үүсгэн байгуулагч гэдгээрээ түүхэнд мөнхөрсөн эрхэм шүү дээ.
“Вольксваген” гэдэг нь ч “Ард түмний унаа” гэсэн утгатай үг.
- Намрын шороо бужигнасан өдөр Дамнуурчны гудамжинд ээлжит асар том зодоон эхлэлээ. Шалтгаан нь наймаачин хятадууд Монголчуудад бараа таваараа хэтэрхий өндөр үнээр зарах гэж оролдсон, хуурсан, мэхэлсэн.
- Энэ удаагийн зодоонд манай талыг Хүрээний зартай зодоонч, хожим ардын засгийн анхны долоогийн нэг гэгдэх Бодоо лам толгойлсон байх бол хужаа нарыг баян данжаад тэргүүлжээ. Дамнуурчны гудамжны зодооныг үзэхээр хүрээний баяд, ноёд, панзчид, авгай хүүхнүүд, адгийг гуйлгачид хүртэл ирчихсэн, гар, хөлөө өргөж, “Алаад өг, муу хужаа нарыг, үзүүлээд өг муу жунгаа нарт...” хэмээн хашигралдаж байв.
- Зодоон эхлэлээ. Асман лам нарын түрүүнд явсан Бодоо ламын улаан орхимжоо салхинд хийсгэн хужаа нарыг зүсээд орчихов. Араас нь майжгий гуталтай, уранхай дээлтэй, зарим нь бүр өмд ч үгүй манай хэдэн лам шуугиад орчихлоо. Олондоо дандаа эрдэж байдаг хужаа нар ч хүрз, зээтүүгээ барьчихсан чарлалдаад ирэв.
Инженер: 1937 онд Фердинанд Порше Вольксвагены бас нэгэн автомашиныг зохион бүтээж чадсан юм. Хэдий анхны автомашинууд зохион бүтээгдсэн ч гэсэн Volkswagen-ны үйлдвэрийг барих эсэх нь тоглоом биш байлаа. Түүхий эдийн хомсдол, хөрөнгө оруулалтын дутагдал зэрэг нь “Ард түмний унаа”-г талх шиг угсрах үйлдвэр байгуулах уу, тэр үйлдвэрийн бүтээгдэхүүн ердөө 990 дойч маркын үнэтэй байж чадах уу? Асуулт, асуулт, бас дахин асуулт. Гэвч 1938 онд эдгээр асуултуудын хариулт болсон Volkswagen моторсын албан ёсны үйлдвэр байгуулагдсан юм.
1939 онд дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний дараа Вольксваген хүссэн ч, эс хүссэн ч зэвсгийн үйлдвэр болж хувирсан юм. Элдэв буу шийдэм, сум галт хэрэгсэл үйлдвэрлэж эхэлсэн Вольксваген нацистуудын дайны хөнгөн тэрэг болох KDF 82 хэмээх авто машиныг үнэхээр нэг талх шиг олон тоогоор үйлдвэрлэж, фронт руу илгээж байлаа.
Дөрвөн дугуйнаас бусад нь зузаан төмөр, хамар дээрээ нөөц дугуй байрлуулсан, эгц хурц өнцгүүдтэй, бүхээг нь бардактай, түүнийг нь гараар эвхдэг, энэ машиныг хуучны дайны тухай кинон дээрээс элбэг харж болно. Немц офицеруудын гол унаа болсон энэ машинаар Гитлерийн цэргүүд Москвагийн баруун зах хүртэл давшаад Берлин хүртэл ухарсан юм.
- Дамнуурчны гудамж нурж байлаа. Уур нь оволзож, уушиг нь савалсан манай асман лам нар, ямаан омог нь бадарсан хужаа нартай хайр найргүй нүдэлцэж, энүүгээр нэг хүрз нисч, тэрүүгээр нь лоом шунгинан, тэнд нэг лам малгай сэнсэрч, энд нэг хужаа тэрий хадаж байв.
- Ер нь энэ удаагийн зодоонд хятадууд эртнээс сайн бэлдсэн ба хүрз, зээтүүгээ манай лам нарт булаалгасныхаа дараа цөм нэг, нэг жижиг чинжаал хутга гаргаж ирцгээлээ. Бодоо лам дөнгөж сая нэг муу шартай хужаад энгэрийг нь хүү татуулсан шар дээлээ тайлж шидэхэд бусад нь бас цээж нүцэглэв. Зодоон үзэж байсан баяд, ноёд, панзчид, авгай хүүхнүүд “алаад өг наад муусайнуудаа, алаад өг” гэж орилолдсоор.
- Гартаа ганц тохой мод ч олж бариагүй, шар нь гозойж, шазуураа зуусан Бодоо лам хутгатай хужаа нарын эсрэг дайрч ороод нөгөө талын ахлагч, тарган хятадын нүүрэнд хуучин муу майжгий монгол гуталынхаа амтыг хэд дахин өглөө. Манай хэдэн шалдан лам ч ураа хашиграад орчихлоо. Хутга гаргасан биш хужаа нар ч баларч эхлэлээ. Хүрээний асман лам нар хүчрэгдэх нь өнгөрлөө. Баяд, ноёд хүртэл суналзсан яргай ташуураа барьсаар шүд зуун дайрахад, цагтаа сайхан хүүхэн явсан Мажаа чавганц хүртэл өөрийгөө голохгүй шуугиад орчихов.
Инженер: Вольксвагены жинхэнэ үйлдвэрлэл дайны дараа буюу 1945 оноос эхэлж, 1946 он гэхэд тэдний угсарсан машины тоо 10 мянга хол давсан. Энэ нь дайнд ялагдаж, доройтсон баруун Германы эдийн засгийг хөл дээр нь босгоход багагүй хувь нэмэр оруулсан юм. Дашрамд өгүүлэхэд Вольксвагены Логог 1948 оны аравдугаар сарын 01-ны өдөр Мюньхенд патентжуулж, баталгаажуулсан түүхтэй. Латин “V” болон “W” үсгийн нийлмэлээс бүрдэх энэхүү лого, таних тэмдэг дахиж өөрчлөгдөөгүй юм.
Албан ёсны таних тэмдгээ баталгаажуулсны дараа Вольксвагены алдрын замнал эхлэжээ. 1950 он болоход Вольксвагены алдарт “Транспортер”-ын эцэг “Тур2” загвар худалдаанд гарч, цэрэг, цагдаа, түргэн тусламж, гал командынхан унах унаатайгаа залгав. Гэвч амжилт үүгээр дууссангүй.
1955 онд Вольксвагеныхан Өмнөд, Хойд Америк, Европ, Африк тивд салбар үйлдвэрүүдээ нээж, 1960 он гарахад баруун Германы гудамжуудаар явах 2 машины нэг нь Вольксваген болчихсон байлаа. 1968 онд 53 дугаар бүхий “Herbie” хэмээх домогт бяцхан “цох” нь Холливудын кино ертөнцөд од болж, хүн болгоны анхаарлыг өөртөө татан, улмаар 21 сая ширхэг үйлдвэрлэгдсэн билээ.
Вольксваген Beetle буюу цохын дараа 1974 онд үйлдвэрээс гарсан Вольксваген Гольф 21,5 сая ширхэг зарагдсан нь Вольксваген өөр хэний ч биш өөрийнхөө амжилтыг өөрөө эвдсэн тохиолдол болсон байдаг.
- Дамнуурчны гудамжинд болсон тэр зодоонд манай хэдэн шалдан лам ялжээ. Тэр тусмаа Бодоо лам ганцаараа шахуу босоо үлдсэн нь хүрээнийхний ганц ярих юм болов. Гэсэн чинь Бан Ляо хэмээх зартай зодоонч хятад эр хаанаас ч юм бэ? гэнэт гарч ирээд хүчрэгдэхээ байлаа.
- Бан Ляо хоёр хөлдөө байнга тав, таван кг туухай зүүж явах хийгээд түүнийгээ тайлж тавьчихаад үсрэхдээ хашаа даваад алга болдог нь үнэн болж таарлаа. Хүрээнийхэн тэр Бан Ляод “нисдэг хужаа” гэдэг нэр өгөв.
- Гэвч Бан Ляо гарч ирсний дараагаас Дамнуурчны гудамжны хужаа нарын омог хэтэрч, Монголчууд дураараа тийшээ явж чадахаа болив. Бан Ляо ч байнга зодооны сургууль хийж, дамнуурчны гудамжны хужаа нарыг бүрэн хамгаалалтандаа авсан сураг гарна. Манай асман хэд очоод зодуулсан дуулдана.
Инженер: Өдрөөс өдөрт өсөн дэвжиж байсан Вольксвагеныхан 1973 онд шинэ үеийн анхны загвар болох Пассат-PASSAT-аа үйлдвэрлэж бусад өрсөлдөгчдөө буулгаж авч чадлаа. Passat бол тухайн үеийн техникийн дэвшил болсон ганц хэсгээс бүрдэх их бие, усан хөргөлттэй дөрвөн цилиндэртэй мотор, түүндээр байрлах манай хэдэн асман лам нарын тас зангидсан гар шиг нударган гал, урд хөтлөгч зэргийг өөртөө агуулсан аргагүй л шагшиж магтмаар төмөр хүлэг болов.
Улмаар бүх ард түмэнд зориулсан хямд, төсөр авто машин үйлдвэрлэх зорилготой байсан Вольксвагеныхан тансаг зэрэглэлийн эсюуви-SUV ангилалын машин үйлдвэрлэлд хүч түрэн орж ирлээ. Үүний тод илрэл нь өдгөө бидний сайн мэдэх Таурег-Touareg,Тигуан Tiguan жипнүүд мөн болно.
- Өвөл боллоо. Хүрээний өвөл шиг хүйтэн өвөл ховор доо. Тог цахилгаан байхгүй цас бударсан эсгий хот. Бан Ляо галзуурсаар, түүний дахан дорх хужаа нар даварсаар хаа хамаагүй явдаг болов. Ард олон “энэ муу давруу нисдэг хужааг дардаг аавын хүү байгаасай” гэлцэнэ. Тэгтэл Засагт хааны Бадамжав гэдэг сайн эр гарч ирлээ шүү.
- Бадамжав эхлээд хаа хамаагүй согтуу, хөлчүү дэмий тэнэж, авгай хүүхэн оролдож явсан хужаа нарын нармайг нээж орхиод, тэр бүртээ намайг “Бан Ляод очно гэж хэлээрэй” гэсэн үг дайв. Хүрээнийхэн ч өнгө ороод ирлээ.
Цас хуйсагнасан хоёр есийн их хүйтэн өдөр байлаа. Бадамжав дамнуурчны гудамжинд дан цагаан цамцтай, хуучин муу майзаг Монгол гутлаа жийчихсэн зогсож харагдана. Бадамжавыг харсан хужаа нар чоно үзсэн хонь шиг гүйлдэж, зээлээ хаагаад, хаалга, цонхоо түгжив. Тэгж байтал Бан Ляо гарч ирлээ. Бадамжав Богд уулынхаа оройг тайван ширтэн зогсох бол Бан Ляо гар хөлөө элдвээр хөдөлгөж, “Хяяааа, хууаая...” гээд л янз бүр болоод байх...
Гэтэл нэг хятад пүүсийн цаасан цонхыг цаанаас нь онгойлгосон хөгшин хужаа хуучин хулсан лимбэ үлээдэг юм байна. Ард олон цугларчээ. Мажаа хөгшин хүртэл түмний дунд зогсох бөгөөд амандаа нэг ч шүдгүй тэр эмгэний дургүйг зөгийн балнаас ч нялуун ая үлээж байгаа хятад өвгөн хамгийн их хүргэжээ. Зодоон эхлэлээ.
Бан Ляо муухай хашгиран ганцхан үсрээд Бадамжав руу нисч ирэхэд манай хүн доош сууж бултаад түргэн босч дөнгөж газар бууж байсан хужаагийн араас тийрч орхитол цаатах нь амаараа цас үмхээд тэрий хадав.
Уур нь хүрсэн Ван Ляо босч ирээд Бадамжав руу улайран дайрсан ч бүтэлтэй юм болсонгүй. Зэвүү нь хүрсэн хужаа хүрээнд нэрд гарсан эргэлттэй өшиглөлтөө агаар дээр хийх гэсэнд Бадамжав ганцхан ухас гээд нармайд нь буулгалаа.
Ван Ляо газарт даавууны өөдөс шиг хийсч унаад босч ирсэнгүй. Орилолдож байгаад гэнэт нам болсон олны дундаас Мажаа хөгшин бөөцөгнөн гарч ирснээ Ван Ляо руу тонгойж хартал цаатахынх нь их зантай, монхор хамар цаашаа чихэгдээд, гавал руугаа орчихсон, цус олгойдож харагдана. Тэр босч ирэхээсээ өнгөрчээ. Ард олон Дамнуурчны гудамж руу дайраад орчихлоо. Мажаа хөгшин түрүүнээс хойш лимбэ тоглоод байсан нөгөө муу зэвүүн хөгшин хужааг ганцхан давхар хамаж шидээд, газар хэвтсэн лимбийг нь авч тархин дундуур нь татаад авлаа.
- Вольксвагеныг үүсгэн байгуулагч, бас алдарт Порше моторсыг үндэслэгч Фердинанд Порше хүү, охин хоёртой байжээ. Эл учир хүүдээ Порше компанийг, охиндоо Вольксваген компанийг даатган үлдээсэн байна. Чингэхдээ хоёр компаний нийт хувьцааны 62 хувийг хүүдээ, 38 хувийг охиндоо өгсөн нь ирээдүйн хэрүүл зодооны үндэс суурийг тавьсан юм.
- Улмаар Порше Вольсквагеныг залгих гэж олон жил уйгаггүй оролдсон ч тэр нь эцэстээ шунал ихэдвэл шулам гэгчийн үлгэрээр өөрөө баларч, орших уу, эс орших уу дээрээ тулсан юм. Харин санхүүгийн маш хүнд нөхцөлд орсон, банкны зээлийн төлөлтөө хийж чадахгүй, ямар ч хөрөнгө оруулагч гар сунган туслахаас татгалзсан Поршегийн аминд эцсийн эцэст Волькесваген орсон юм.
- Энэ үйл явдлыг илүү дэлгэрэнгүй өгүүлэх юм бол бөөн хэрүүл маргаан, хүсэл шуналын тухай бичих хэрэгтэй болох тул ингээд орхие.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа балгас болсон үйлдвэрээ сэргээх гэж баларч явсан Вольксваген өнөөдөр таван тивийг хамарсан томоохон групп болтлоо өргөжиж эгнээндээ: Ауди-Audi, Бэнтли-Bentley, Шкода-Skoda, цуут Ламборгини-Lamborghini, Сийт-Seat, Сканиа-Scania маркуудыг нэгтгэн, дэлхий даяар 370 гаруй мянган ажилтан, ажиллагсадтай болжээ.
Хамгийн сүүлд Вольксваген моторс компани Японы томоохон авто машин үйлдвэрлэгч Сузуки-Suzuki моторсын 20 хувийг худалдаж авсан нь Энэтхэг, Азийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх зөв алхам болсон байна. Вольксвагены авто машинуудад байдаг хамгийн том үзүүлэлт бол дээд зэргийн тав тух хийгээд хүчирхэг байдалын зэрэгцээ чанар, стандарт, аюулгүй байдлыг байж болох хэмжээний дээд цэгт хүртэл нь хангасан явдал юм. Ерөөс сонсогч та эрүүл, аюулгүй амьдрая гэвэл Вольксвагеныг сонгоход огт буруудахгүй.
Харин Богдын хүрээний домогт зодоонч Бадамжавд нисдэг хужааг нэг сайн болгоод өгснийх нь төлөө Германы алдарт Вольксвагенаар шагнамаар бодогдоно. Гэвч өнгөрснийг эргүүлж болдоггүй хорвоо юм хойно, одоо яая гэхэв.
Шалгарсан манлай машин Вольскваген, шалгарсан манлай зодоонч Бадамжав 2-ын ижил хувь заяаны түүхийг өгүүлэх нь энэ буюу...
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5