ТОСОЛГООНЫ СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ?

Автомашины бүтцэд харилцан гадаргуугаараа хавиралддаг шүргэдэг эд анги өдий төдий байдаг. Энэ үйлчлэл нь механик алдагдал гаргаж элэгдлийг үүсгэнэ. Ийм алдагдал болон элэгдлийг багасгахын тулд тэдгээр эд ангийн завсар тосон бүрхүүл бий болгодог.

Тосны үрэлт бий болгосноор элэгдэл, механик алдагдлыг багасгахын зэрэгцээ дулаан шингээлт явагддаг. Хавиралдаж байгаа эд ангийн үрэлтээс үүссэн хэсгүүд тостой холилдсоноос мөн хэт халснаас тосолгооны чанарыг муутгадаг учир тосыг тодорхой хугацааны дараа сольдог.

Үүний зэрэгцээ хавиралддаг эд ангийн гулсах хурд даралт зэрэг нь тослогоо болон тосонд тавих шаардлагыг төвөгтэй болгодог. Хөдөлгүүрийн тослогоо нэлээд хүндрэлтэй, эд ангийн гадаргууд тосыг нэг бүрчлэн шүүж хүргэх шаардлагатай байдаг.

Мөн хавиралддаг эд ангийн завсар зай, хэмжээнээс болж тосны зууралдамтгай чанар өөр байхын гадна тэр чанар нь халах үед тэсвэртэй хадгалагддаг байх шаардлагатай.Тос цэвэр, царцах температур багатай байх ёстой зэргээс болж зохих маркийн тосыг сонгож авдаг байна.

Тослох системд шахуурга, тосны сав, шүүр, радиатор, суваг болон гуурс нүх хамаарагддаг

Хөдөлгүүрийн тослох системийн ерөнхий ойлголт

Хөдөлгүүрийн эд ангийн ажлын хүнд нөхцөлд үрэлтийн гадаргууд тос хүргэхэд төвөгтэй зэргээс болж тосолгоог энгийн аргаар хийх боломжгүй байдаг. Иймд хөдөлгүүрийн эд ангийн гадаргууд тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тасралтгүй тос хүргэж байх тосолгооны систем тавьдаг.

Ийм системд тослох гадаргууд цацалт, урсгалаар болон даралтаар хүргэх аргууд хавсарсан байдаг. Тослох системд шахуурга, тосны сав, шүүр, радиатор, суваг болон гуурс нүх хамаарагддаг байна. Тослох системийн бүтцийн бүдүүвчийг зурагт харуулав. Хөдөлгүүрийн дээд хэсэгт байрласан хоолойгоор тосоо хийх ба хөдөлгүүр бурт өөр өөр тусгай тэмдэглэгээ бүхий хэмжүүрээр тосны тэвш дэх тосны түвшинг хэмждэг.

Хөдөлгүүр ажиллахад тосны шахуурга тэвшнээс тосыг сорж, хүлээн авуураар дамжуулан шүүрэнд өгнө. Цаашид цэвэрлэгдсэн тос хөдөлгүүрийн дагуу арьсанд гаргаж өгсөн тосны төв сувагт очдог ба даралтаас хамгаалах хавхлагаар даралт тохируулагдана.

Хэрэв тосны шүүр бохирдсон бол шүүрээр дамжихгүйгээр нэвтрүүлэх хавхлагаар дамжин шууд тосны төв сувагт очно. Үүний зэрэгцээ тосны хагас нь өөр шүүрээр цэвэрлэгдээд тэвшиндээ буцдаг байна. Даралттай тос төв сувгаар дамжин тахир голын үндсэн хүзүү, хуваарилах гол ба дохиурын лимбэн голд очиж холхивчнуудыг тосолдог.

Тахир голын хүзүүнээс ташуу гаргасан сувгаар дамжин шатуны завсраар тахир гол шатуны механизмын хөдөлгөөнтэй эд ангийн гадаргууд тос цацагдах ба тэр нь дусал болон тоосорсон байдлаар цилиндр хуваарилах голын нударга, түлхэвч, поршингийн хуруу зэргийг тосолдог байна.

Зарим хөдөлгүүрийн шатуны доод толгойд нүх гарган түүнийг шатуны хүзүүний нүхтэй давхцах үед шатуны шилбээр дамжин даралттай тос цилиндрийн хананд цацагдах ч байдаг.

Төв сувагт байрласан мэдээллүүр бүхий цахилгаан манометрээр тосны даралтыг хянах ба самбар дахь заагч нь янз бүр байдаг.

Зарим хөдөлгүүрт тосны температурыг шалгах цахилгаан термометртэй бөгөөд мэдээлүүрийг тэвшинд байрлуулсан байдаг. Мөн хөдөлгүүрт тосыг хөргөх радиатор тавьдаг бөгөөд хөдөлгөөний эсрэг урсаж байгаа агаараар хөргөдөг байна.

Радиаторын тосыг удирдах тусгай крантыг ашиглалтын нөхцөлд тохируулан нээж хааж байдаг ба тос хамгаалах хавхлагаар дамжин радиаторт ороод эргэж тэвшинд ирдэг.

Тосны насос

Тослох системийн бүтэц, хийц

Тосны шахуурга хөдөлгүүрийн механизмын шууд харьцдаг гадаргууд тосыг даралтаар хүргэх зориулалттай. Автомашины хөдөлгүүрт ихэнхдээ араат тосны шахуурга тавьдаг.

Шахуургын гол хөдөлгүүрийн хуваарилах голоос хос шурган араагаар удирдлага авч, шахуургын араануудыг эргүүлнэ. Эдгээр араанууд шүдээрээ оруулах сувгаар ирж байгаа тосыг өлгөн арьсанд шахаж, гаргах хоолойд өгдөг.

Тослох системийн хэвийн ажиллагааг хангахад, тосны даралтыг тогтмол нэг хэмжээнд барьж байх явдал чухал ач холбогдолтой. Халсан хөдөлгүүрийн тосны даралт 0.1-0.25 мн/м2 (1-2.5 кг/см2) хэмжээнд байх ёстой.

Даралт хэт их болохоос (эргэлт ихсэх ба тос өтгөрснөөс) сэргийлж тусгай хамгаалах хавхлага тавих бөгөөд түүнийг шахуургын тойрох сувагт байрлуулдаг. Энэ хавхлага пүршээр шахагдсан үрлээс бүрдэх ба тусгай эргээр пүршний шахалтыг тохируулдаг. Тосны даралт хэвийн байхад хавхлага нь тос тойрох сувгийг хаах ба даралт хэвийн хэмжээнээс ихэссэн тохиолдолд пүрш шахагдан тос тойрох сувгаар эргэн шахуургад буцдаг байна.

Шахуургын шурган араа нь хуваарилах гол дээрх араатай байнгын харьцаатай байх ба тэнхлэгийн дагуу хөдөлгөөнийг цагиргаар хязгаарлана. Тосны шахуурга хөдөлгүүрийн арьсанд (блок) бэхлэгдэх ба тосны тэвшинд тос хүлээн авагчтай холбогддог. Шахуурга хөдөлгүүрийн дотор, гадна алинд ч байрлаж болох ба гадна талын байрлалтай тохиолдолд түүнд хүрэхэд хялбар юм. Тос хүлээн авагч хөвдөг, хөвдөггүй хоёр төрөл байдаг.

Сүүлийн үед хэдийгээр тосны дээд түвшингээс цэвэр тос авах сайн талтай боловч донсолгооны үед хий сорогдохоос хамгаалж хөдөлгөөнгүй бэхлэгддэг тос хүлээн авагч тавих боллоо. Тос хүлээн авагч нь цэвэрлэх шүүртэй учир тосны анхны цэвэрлэгээ энд хийгддэг байна. Иймд хөдөлгүүрийн тосны тэвшийг авсан үед түүнийг цэвэрлэж байх хэрэгтэй.

Шүүрний ажиллагааны зарчмаас үндэслэн төвөөс зугтах буюу шүүх элементтэй гэж ангилдаг. Шүүх элементээр баригдаж байгаа биетийн (хог) хэмжээ нь тос нэвтрүүлж байгаа нүхний диаметрээс хамаарна.

Харин төвөөс зугтах хүчээр тос цэвэрлэхэд хананд шидэгдэн наалдсан хог тосны зузааралтаар тодорхойлогдоно. Шүүгдсэн биетийн хэмжээнээс үндэслэн тос цэвэрлэгээг Бүдүүн (40 мкм хүртэл) ба нарийн (1-2 мкм) шүүртэй гэж хуваадаг. Ихэвчлэн нарийн шүүрийг тослох системд зэрэгцээ холбох ба төв сувгаар тосны 10 орчим хувь нь дамждаг байна.

Бүдүүн шүүрний бүтцийг зурагт харуулав. Шахуургаас тос гараад бүдүүн шүүрэнд байгаа тусгай шүүх элементээр дайрна. Тос цэвэрлэх ширмэн арьсан дотор шүүх элемент байрлах ба түүний доороос бөглөөтэй тосгуур таг бэхэлж өгсөн байдаг. Тосны шүүрний хусах хуудсыг цэвэрлэх хуудаснуудын завсраар оруулж тэдгээрийн хажуу гол дээр өмсгөсөн байх ба мөн цэвэрлэх хуудсын хооронд завсрын хуудсууд байрлана.

Тулгуур гол ба даравчын тусламжтайгаар хуудсууд шахуургын гол дээр угсрагддаг. Тос шүүрэнд сувгаар орж, цэвэрлэх хуудаснуудыг дамжин гарах сувгаар шахагддаг. Шүүр бохирдсон тохиолдолд тосны даралт ихсэн, үрлийг шахан, нэвтрүүлэх хавхлагыг онгойлгох ба тос төв сувагт орно.

Сувагт тосны даралтын сенсор мэдрэгчийг байрлуулна. Бүдүүн шүүртэй зэрэгцээ тосны нарийн шүүрийг холбож өгсөн байдаг ба зарим автомашинд ганц шүүр тавьдаг. Тос төв сувгаас тусгай гуурсаар дамжин шүүрний арьсанд орж дүүргэх ба томоохон хог үртэс нь ёроолд үлддэг байна.

Цаашид тос нь шүүх элементээр дамжин гарах хоолойгоор хөдөлгүүрийн тэвшинд очдог. Нарийн шүүрний шүүх элемент эсэргүүцэл ихтэйгээс гадна тосны нэвтрэн өнгөрөх хурд багаас тосны цэвэрлэгээ сайн болдог байна. Цөнтрофуг нь шүүх элементгүйгээр тосыг цэвэрлэдэг төхөөрөмж юм.

Тэнд тосыг эргүүлэхэд доторх хог тоос төвөөс зугтах хучээр хананд очиж наалдах замаар цэвэрлэдэг байна. Харин тосны эргэлт ямар нэг дамжуулгаар бус, тосыг даралттайгаар цацахад үүссэн тийрэлтийн хүчний үйлчлэлээр үүсдэг болно. Ийм зарчимд ундэслэсэн тос цэвэрлэх төхөөрөмжийн бүтцийг зурагт харуулжээ.

Тос цэвэрлэх гэрэнд босоо гол байх ба түүний доод хагаст нүхтэй хөндий гаргаж, дээд хэсгийг цул хийсэн байдаг. Босоо гол дээр хоёр хүрэл цөнтэй таг бүхий эргэлдүүр байрлуулсан байна.

 Центрофуг нь шүүх элементгүйгээр тосыг цэвэрлэдэг төхөөрөмж
Центрофуг нь шүүх элементгүйгээр тосыг цэвэрлэдэг төхөөрөмж

Мөн тагны доод сууринд хоёр чихлүүр байрлуулж, түүний тос гаргах нүхийг эргэлтийн тойрогт шүргэхээр, эсрэг харуулан байрлуулсан байдаг. Тос нь системээс цэвэрлэх голын босоо сувгаар орж цааш хажуугийн нүхээр гарч, эргэлдүүрийн ёроол руу очиж тэндээс дээш өгсдөг.

Дараа нь тос, торон шүүрээр шүүгдэн доошилж хоёр чихлүүрээр цацагдана. Ингэж тос эсрэг чиглэсэн чихлүүрээр цэвэрлэгээний хөдөлгөөнгүй хананд цацагдахдаа тийрэлтийн хүчээр эргэлдүүрийн суурийг түлхэн түүнийг эргэлдүүлдэг байна.

Тосоор дүүрсэн эргэлдүүр эргэхэд хог хольц нь төвөөс зугтах хүчээр тагны хананд наалдан цэвэрлэгдэж, чихлүүрээр гарсан тос хөдөлгүүрийн тэвшинд очдог. Тосны даралт 0.3-0.4 Мн/м2 (3-4 кг/ см2) эргэлдуур минутад 500-700, туунзэс ч хурдтай эргэдэг. Ийм төхөөрөмж тосыг маш сайн цэвэрлэдэг.

Төвөөс зугтах хүчийг мөн тахир голын сувгаар дамжих тосыг цэвэрлэхэд ашигладаг. Ийм зорилгоор тахир голын тосны сувагт уут гаргаж өгдөг ба цэвэрлэхэд зориулсан тусгай бөглөөтэй байдаг.

Хөдөлгүүрийг задлах, засварлах үед бөглөөг авч хуримтлагдсан хогийг цэвэрлэж байх ёстой. Тосны радиаторыг усны радиаторын өмнө бэхэлсэн тул сайн хөрч дулааны улирал болон хүнд нөхцөлтэй үед тослох системийн ажиллагааг сайжруулдаг байна.

Зарим тохиолдолд тосны радиатор нь хөргөх системийн усны цамцтай нийлж угаагдахаар хийсэн байдаг тул зөвхөн тос хөргөөд зогсохгүй асаах үед халаах боломж олгодог байна. Радиаторын бүтэц хөргөх системийн радиатортай үндсэндээ адил байдаг.

Тэвшний салхижуулалт

Тослох системд тэвшний агаарын салхижуулалт чухал үүрэгтэй. Хөдөлгүүрийн ажиллагааны үед ялангуяа хөдөлгүүрийн элэгдэл ихэссэн тохиолдолд поршенгийн бүсээр дамжин хий нь тэвшинд нэвтэрч, тосонд үйлчилдэг. Хий нь тэвш дэх даралтыг нэмэгдүүлж, тос хаях ба хөдөлгүүрийн чадлыг бууруулахын зэрэгцээ бензиний уур хөргөгдөн улмаар шингэрч тослогоо болон тосонд муугаар нөлөөлдөг.

Мөн усны уур ажилласан хий дэх хийн байдалтай хүхэртэй нэгдэж хүхрийн хүчил уусгэн, эд ангийг зэврүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Тэвшний салхижуулалт нь тэвшин дэх тосны дээд хөндийг цэвэрлэн, ингэснээр тосыг тэвшний хийн нөлөөллөөс хамгаалах хөдөлгүүрийн эдэлгээг уртасгадаг сайн талтай.

Ийм хийцийн төхөөрөмж нь тэвшин дэх хийг албадан сорж, агаарын шүүлтүүрээр дамжуулан шатаах зарчимд үндэслэгдсэн болно. Салхижуулалтын системд тэвшинд үүссэн хийг тос болон цавуулаг бодисоос цэвэрлэхийн тулд тос тусгаарлагч хийж өгдөг.