ГЕРМАН СПОРТ СЕДАНЫ ӨВӨӨ

Орчин үеийн хүчирхэг, люкс седан болох БМВ М5 эсвэл Мерседес E63 AMG-ийн өвөг эцэг нь хэн юм бол? та мэдэх үү? ихэнх нь тэдэнд өвөө байхгүй гэж хэлж болох юм. Учир нь автомашин мэдэхгүйдээ биш оньсого мэт зүйл учраас тааж хэлэхийг хүсдэггүй байх. Тэгвэл энэ нийтлэлд багахан цаг зарцуулаад өвөөг хайж олъё.

За эхэлцгээе. Танд танилцуулах гэж байгаа энэ загвар нь 1968-1972 оны Mercedes-Benz 300SEL 6.3 загвар юм. Хүн бүрийг нүдийг татаж хүч чадлаараа сонирхлыг нь өдөөсөн тэр загвар бол энэ.

Тухай үед 300SEL 6.3 загвар өдрийн од шиг л нийтлэг бус, нууцлаг нэгэн байсан юм. Хөшигний ардах зүйлсийг танд сонирхуулахад, Мерседесийн инженер Erich Waxenberger тэр цаг үеийн хит загвар болох лимузин 600-с 6.3 литрийн V8 хөдөлгүүрийг нь S-Class-д суурилуулах аз туршилтыг хийх шийдвэр гаргаж ээ. Эндээс л түүх эхэлсэн байна.

Харин одоо бол энэ нь тийм ч ер бусын зүйл биш болсон бөгөөд байдаг л үзэгдэл болсон гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ. Дээр үед S-Class-д зөвхөн 6 цилиндртэй хөдөлгүүрийг суурилуулж байсан ба үндсэн хувилбар болох 250S нь 130 морины хүч, 0-100 км/ц хурдыг 13 секундэд авдаг үзүүлэлтийг гаргаж байв.

За энэ байдал удаан үргэлжлэхгүй нь тодорхой, юм гэдэг байнга л шинэчлэгдэн, сайжрах жамтай байдаг. Инженер нь лимузины хүчирхэг хөдөлгүүрийг седанд чихэж оруулах санаа гаргаснаар энэ нь бодитоор биелж эхлэв. Хүчирхэг хөдөлгүүр нь тэр үедээ 250 морины хүч болон 500 нМ эргүүлэх хүчийг гаргаж байсан ба 100 км/ц хурдыг 6.5 секундэд авч, Мерседесийн булчин загвар гэгдэх болов.

6.3 литрийн мотортой төслийн машиныг Мерседесийн алдарт инженер Rudolph Uhlenhaut унаж үзээд төслийн явцыг хурдлуулах санал хүргүүлсэн байна. Учир нь тун энгийн. Uhlenhaut машиныг хэдхэн минутын турш жолоодсон бөгөөд замын гэрлэн дохион дээр зогсож, капотыг сөхөж үзсэн байна. Үүнийхээ дараа ямар чөтгөр нь энэ машиныг ийм хурдан явуулаад байна хэмээн уулга алдсан гэж Waxenberger хожим өгүүлсэн байдаг.

1999 оны Classic & Sports Car, сэтгүүлийн дугаарт сонирхолтой нийтлэл нийтлэгдсэн байдаг. Шинэ загварын борлуулалтыг доогуур тавьсан байв. Мерседесийн борлуулалтын хэлтэс 50-аас илүү зарахгүй гэж таамагласан байсныг Waxenberger энэхүү дугаарт өгүүлсэн байдаг. Гэвч бодит байдал дээрээ борлуулалт маш түргэн байсан бөгөөд, өөрсдийн тестийн төвд нэгийг ч авч амжилгүй дууссан тухай өгүүлжээ. Тухайн загварыг нийтдээ 6,500 гаруй ширхгийг үйлдвэрлэсэн байдаг аж.

Хэрвээ та 300SEL 6.3-ийг өөрийн болгохоор хүсэж байгаа бол одоо үед энэ нь боломжгүй мэт хэцүү болсон юм. Учир нь үнэ ч асар өндөр, олдоц ч асар багатай загвар болжээ. Үйлдвэрлэлийн тухай танилцуулбал 1967 оны 12 сараас 1972 оны 9 сар хүртэл үйлдвэрлэсэн байдаг. Хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн загвар л гэхэд одоо аль хэдийн 40 гаруй насыг насалжээ.

Тэгэхээр миний хэлэх гэсэн үг бол: 300SEL 6.3 загвар бол бүгдийн эхлэл, ӨВӨӨ юм. М5 болон E63-ийн эзэмшигчид үүнээс илүү боломжтой, зөв хувилбарыг хаанаас ч гаргаж ирэхгүй гэдэгтэй би 100% итгэж байна.