HONDA CIVIC HYBRID

Миний унаж үзэхээр болсон машин ирэх дөхөж байлаа. Ирэхээс нь өмнө энэ машины талаар зарим нэг мэдээллийг хайж олж уншсан юм. Хонда Сивик гэсэн нэрийг дэлхий даяар мэддэг юм байна. Тэр ч байтугай түүний хөдөлгүүр нь хамгийн бага шатахуун зарцуулдаг хэмээн Гиннесэйн номонд бичигджээ. Сэтгэл хөдөлж байх чинь.

Дээрээс нь нэмж хэлэхэд хий хуваарилах механизмыг боловсронгуй болгож нийтийн хэрэглээнд нэвтрүүлэгчдийг манлайлдаг. Харин хайбрид системийг Тоёотагаас хойно хөгжүүлж эхэлжээ. За машин маань хүрээд ирлээ. Гадна төрхийг хартал нэг л сонин хавтгайдуу намхан харагдлаа. За байз энэ чинь юутай төстэй юм бэ гэсэн бодол зурс хийв.

Аа яаяа доогуураа ямар намхан юм бэ

Яг тийм харь гаригийн хүнийг машинаар төсөөлбөл ийм байх юм байна. Бидний боддог хайбрид машины дизайнаас шал өөр юм гээч. Энгийн нэг седан машины дүр зураг. Нөгөө салхины эсэргүүцэл энэ тэр хамгийн бага байх ёстой гэсэн онол энэ машин дээр арай л дутмаг байх шиг. За тэр ч яахав. Яг энэ нь онцлог гэхээр тоймтой хэлэх юм алга. Зүгээр л сайхан бөмбөгөр загвар болжээ. Эгц урдаасаа бол хамар хэсэг нь нимгэн, шил нь арай л том болсон байна.

Аль ч талаас нь жишүү харахад цүлхэгэр хажуу л харагдах ажээ. За хойноос нь харахад сүүлийн үеийн машин шиг. Байнга л хойноос нь хараад байвал зүгээр байж мэднэ. Урд хойд дугуйн зай арай л хол юм. Гэхдээ энэ давуу тал салонд суухад л мэдэгдэх байх даа. Аа яаяа доогуураа ямар намхан юм бэ. За ямар ч  байсан дотор нь сууж үзье.

Би гаднаас нь шинжиж дуусаад салонд суухаар хаалга нээв. Ямар урт хаалга вэ. Тэрхэн зуур тун дажгүй орчин үеийн салон байна гэсэн бодол төрлөө. Их доор суудалтай болохоор бараг л биеэ тэр чигээр нь шидэж орхив. Ийм жижиг загвар гэхэд үнэхээр салоны дизайн гайхшрал төрүүллээ. Уламжлалт загвартай хянах дэлгэцийг тэс өөр болгожээ.

Ихэнх машины хянахын голд хурд хэмжигч байдаг бол харин хөдөлгүүрийн эргэлт заагч байх нь тэр. Энэ тийм чухал зүйл гэжүү. Хурдаа би хаанаас мэдэх билээ. Гэтэл түүний дээр бас нэг хянах байгаа юм шиг харагдав. За ер нь онгоцны жолооны ард суучихсан юм биш үү гэж бодогдлоо.

Хурдны хэмжээг цифрээр харуулах юм байна. Эхэндээ энэ нь дасаагүй болохоор нүд өөрийн эрхгүй хөдөлгүүрийн эргэлт хэмжигч дээр тогтоод байв. Харин жолооны хүрдийг маш гоё болжээ. Маш шинэлэг загвар, удирдлагууд. Мөн л кинон дээр гардаг харь гаригийн хөлгийх мэт.

За тэгээд паарны удирдлага нь хэрэглэхэд маш ойлгомжтой, дэлгэцэнд давхар хийгээгүй нь яамай даа. Нэг ёсондоо би түүний салонд гайгүй сайн үнэлгээ өгчихлөө. Мэдээж энэ үнэтэй машин биш болохоор урд самбар нь хатуу хуванцар байна гэдэг нь ойлгомжтой.

Харин хаалганы хавтсуудыг сэтгэл гаргаж зөөлөвчтэй хийсэн нь тун их таалагдлаа. Өмнө нь энэ машины тухай уншихад нэг онцлог зүйл бий гэсэн нь дунд гарын седантай адил өргөнтэй хийсэн явдал гэсэн. Хайбрид гэхээрээ л хавчиг нарийн гэсэн ойлголтыг эвджээ.

Дээр өгүүлсэн урд хойд дугуйн хол зай ч гэсэн арын суудлын зайг томруулахад их нэмэр болсон байна. Буугаад багаажны зайг үзлээ. Санасныг бодвол гүн биш байна. Хартал цахилгаан хөдөлгүүрийг ажиллуулах батерэй нь арын суудлын ард инвертертэйгээ хамт босоогоороо байрлах ажээ.

Усанд унтарлаа гэхэд ус орохгүй зүгээр ч юмуу гэж бодогдлоо. Хэдий багаажинд батерэй байсан ч тийм ч зай муутай санагдсангүй.  Ерөнхийдөө би энэ машины салонд тун сэтгэл хангалуун үлдлээ.

За одоо машинаа жолоодож үзье. Энэ чинь юу билээ хайбрид биздээ. Уул нь Приус шиг ассан үгүй нь мэдэгдэхгүй мэлийх байх гэж бодтол энгийн машин шиг мотор нь аслаа.

Тээнэглзээд байх юм юу ч болсонгүй. Араандаа залгалаа хөдөллөө. Явж байна. Хэзээ нь хайбрид нь ажиллах юм болоо, цахилгаан мотор нь ажиллаж байгааг хаанаас мэдэх вэ гээд хайтал тахометрийн хажууд дээш доош гүйдэг зураасан индикатороор мэдээлдэг болохыг нь мэдлээ. Хайбридын зарчим нь бензин хөдөлгүүрт дэм өгөх явдал юм байна. Хөдлөх үед болон хурд нэмэх үед цахилгаан мотор ажиллаж, жигд хурдтай явах, өнхрөх тоормослох үед генератор болж хувиран батерэйг цэнэглэнэ.

Цахилгаан мотор дангаар ажиллах боломжгүй. Тэгвэл уулзвар дээр зогсох үед батерэйн цэнэг бүрэн, эйр кондишн ажиллаагүй үед бензин хөдөлгүүр унтарч байв. Энэ үед хянах дээр авто стоп гэсэн ногоон бичиг анивчина. Хэвийн зүйл. Харин тоормосоос хөл авангуут л бензин хөдөлгүүр маш түргэн асч хөдөлдөг юм байна. Энгийн л нэг машин жолоодож байгаа мэт хийсэн нь давуу тал ч юмуу гэж бодлоо.

Анхнаасаа л энэ машины явдал зөөлөн тухтай санагдсаныг хэлэх хэрэгтэй. Шатахуун зарцуулалт энгийн машинаас бага боловч Приусээс арай л их юм. Мэдээж цахилгаан мотор дангаараа хөтлөх горим байхгүй нь нөлөөлж байгаа гэдэгтэй маргах юм алга.

Бидний боддог цахилгаан мотор биш шал өөр хэлбэртэй болохыг нь мэдэв

Хэсэг явсны дараа бууж хөдөлгүүрийн хэсгийг сөхлөө. Юу вэ энэ чинь гэж бодогдов. Энэ машин хайбрид гэдгийг илтгэх хоёрхон улбар шар цахилгааны утас л харагдав. Инвертер хаачив аа, цахилгаан мотор хаана байна гээд л хайлаа. Эгээ л Майлд Майбрид Краун шиг л юм харагдав.

Сүүлд би түүний цахилгаан моторын талаар судалтал маш гайхалтай зүйл олж харлаа. Бидний боддог цахилгаан мотор биш шал өөр хэлбэртэй болохыг нь мэдэв. Нимгэн хавтгай, ердөө зургаахан см зузаантай гэдэг бол гайхалтай гэхээс аргагүй. Тэгээд түүнийг хаана байрлуулсан гээч.

Хөдөлгүүр кропны завсар мэдэгдэхгүй хийсэн байх юм. Энд хайбридийн эвдрэл гэж гарах юм болов уу даа гэж бодогдлоо. Яагаад гэхээр шинэ цахилгаан моторын шёткийг ч солих шаардлагагүй юм байна. Ганц л асуудал гарах нь батерэйн цэнэг алдалт. Энэ бол байдаг л зүйл. Эцсийн бүлэгт энэ машины дизайнаас бусад нь миний сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Харин үнийн хувьд Приусээс хямд байгаа нь бас олзуурхууштай. Зөрүү мөнгөөрөө бараг зардалгүй машин уначихаж мэдэхээр л юм.