КОЛЛЕКТОР БУЮУ ХОЛИМГИЙН ХААЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ удаагийн дугаараар коллекторыг хэрхэн хялбар цэвэрлэх аргачлалын талаар зөвлөе. Нийтлэлч Р.Энхболд

Нэгэн жолоочоос ирсэн асуулт

Гэрлэн дохион дээр зогсох үед нормал унаж, хөдөлгүүр доголдоод унтрах гээд байгаа юм шиг чичрээд байх юм. Таньдаг хүмүүсээс асуухаар коллектороо цэвэрлэ гэх юм. Яаж цэвэрлэдэг юм бол?

Коллектор гэж юу вэ?

Та урьд өмнө нь “коллектороо цэвэрлүүлээд машин сайхан онгойж, бензин идэлт багаслаа” гэсэн яриаг сонсож байсан л байх. Тухайн үед коллектор гэж юу юм бол гээд өнгөрч байсан бол одоо анхаарлаа хандуулаарай. Мэдээж машиныг хөдөлгөгч зүрх бол хөдөлгүүр юм.

Хөдөлгүүрийг агаараар хангаж, орох агаарын хэмжээг тохируулдаг эд ангийг коллектор буюу холимгийн хаалт гэнэ. Зарчмын хувьд агаар, бензин хоёр хөдөлгүүрт орж шатан тэсрэлт үүсгэж хөдөлгүүр ажиллана. Хэрвээ коллектор бохирдож, агаарыг зохист хэмжээгээр хөдөлгүүрт хуваарилж чадахгүй бол яах бол?

Коллектор нь машиныг унтраахгүй байх үүрэгтэй. Эйр кондишн, хөгжим, гэрэл, гээд цахилгаан хэрэгслүүд ажиллах явцад хөдөлгүүрийн нормалийг өндөрсгөж хөдөлгүүрийг жигд ажиллуулна.
Коллектор нь машиныг унтраахгүй байх үүрэгтэй. Эйр кондишн, хөгжим, гэрэл, гээд цахилгаан хэрэгслүүд ажиллах явцад хөдөлгүүрийн нормалийг өндөрсгөж хөдөлгүүрийг жигд ажиллуулна.
Ажиллах зарчим

Хуучин холимогийн хаалтыг троссоор нээж хаадаг байсан бол одоо компьютероор цахилгаан хавхлагыг нээж хаадаг болсон.
Хаазлаагүй байхад агаар нь коллекторын нарийн сувгаар хөдөлгүүр рүү орж нормалдуулдаг. Коллектор ер нь яагаад бохирддог вэ?

Шалтгаан

Хөдөлгүүр ажиллах явцад маш бага хэмжээний угаарын хий эргэн коллектор руу шууд ордог. Агаарыг оруулагч нарийн сувагт угаарын хийнээс тортог үүссэнээр хөдөлгүүр чичрэх, цаашлаад явдал дунд унтрах зэрэг бэрхшээл тулгарч эхэлдэг.

Засвар үйлчилгээ

Хэрэв танд ийм бэрхшээл тулгарвал хамгийн түрүүнд коллектороо цэвэрлэх хэрэгтэй. Коллекторыг зориулалтын шүршигч бодисоор цэвэрлэдэг. Энэ бодисыг авто химийн бүтээгдэхүүн худалдаалдаг аль ч дэлгүүр, засварын газраас авах боломжтой. Үнийн хувьд тийм ч үнэтэй биш.

Нэг ширхэг байхад л хангалттай. Бага бохирдсон байвал хоёр ч удаа хэрэглэх боломжтой. Бодисоо авчихлаа дараа нь яах вэ?

Задлалгүй цэвэрлэх
  • Эхлээд машинаа дундаж хэмд очтол нь халаах хэрэгтэй. Улмаар хөдөлгүүрийн эргэлт хэмжигчийн зүү доошилж хэвийн хэмжээнд болох үед мотор чичрэх эсвэл өөрөө унтрах байдал илэрнэ.
  • Энэ үед машинаа унтраагаад капотоо сөхөж агаар шүүгч байрлах хайрцагийг онгойлгон агаар шүүгчийг авна. Агаар шүүгч хэт их бохирдсон бол яаралтай солихоо мартуузай.
  • Дараа нь машинаа асаагаад агаар шүүгчийн хоолой руу коллектор цэвэрлэх бодисоо шүршинэ.
  • Цэвэрлэх үед хаазлах туслагч хэрэгтэй. Троссоор татдаг коллектортой машин бол ганцаараа цэвэрлэж болно. Харин цахилгаан бол хэн нэгний тусламж хэрэг болно шүү.
  • Бодисоо шүршихдээ моторын эргэлтийг 3000 эрг/мин хүртэл хаазлах хэрэгтэй. Моторын эргэлтийг хянах самбарт байрлах тахометрээс харж болно. Тахометргүй тохиолдолд бодис шүршихдээ хөдөлгүүрээ унтраалгүй хаазлаарай. Хэт удаан шүршилгүй хэсэгчлэн шүрших хэрэгтэй.
  • Ийнхүү хэд хэдэн удаа давтсанаар өмнө нь чичирч унтраад байсан хөдөлгүүр хэвийн болсон байх ёстой. Зарим сүүлийн үеийн Nissan-д цэвэрлээд дууссаны дараа нормал өндөр болж машин орилоод эхлэх тохиолдол илэрнэ. Иймд авто засварын газарт хандаж тохируулаарай.
  • Үүний дараа агаар шүүгчийг буцаан хийж бэхэлгээг чангалснаар ажил дуусна. Ингээд бид коллектороо задлалгүйгээр хялбархан цэвэрлэлээ.
Задалж цэвэрлэх

Ингэж цэвэрлэсний дараа хөдөлгүүрийн нормал хэвийн байдалд орохгүй бол коллекторыг задалж цэвэрлэнэ. Задалж цэвэрлэхэд бага зэргийн чадвар шаардагдана. Мөн ойр зуурын түлхүүр багаж хэрэг болно. Коллектор цэвэрлэх дарааллыг зургаас харна уу.

Зарим тохиолдолд коллектор дээр байрлах нормал баригчийг салган нарийн сувгийг сайтар цэвэрлэх тохиолдол гарна.
Ингээд бид коллектороо цэвэрлэж дууслаа. Одоо хөдөлгүүрээ асаах л үлдлээ.

ТА ӨӨРӨӨ ЧАДНА - ДАРААЛАЛ

Машинаа бүрэн унтрааж түлхүүрээ сугалж авсны дараа аккумулятороо салгана. Энэ нь таны машины санах ойг хадгалж үлдэх давуу талтай.

Агаар шүүгч, агаар сорох хоолой, антифрийзийн хоолойг салгана.

Коллектортой холбогдсон цахилгааны залгуурыг салгана.

Үүний дараа коллектороо 10 мм-ийн торцовоор тайлна.

За одоо коллектороо харвал хөө тортог хавхлагын хананд наалдсан байгаа. Энийг л шүршигч бодисоор сайн цэвэрлэнэ шүү дээ.

Цэвэрлэсэн коллектор ингэж харагдана. Бүх эд ангийг задалсан дарааллаар эргээд угсраарай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.