ЖОЛООЧ ХҮН ЯАГААД ДҮРЭМ ЗӨРЧДӨГ ВЭ?

Алдааг илүү ухаалгаар дахин эхлэх боломж гэж ойлго - Хенри Форд

Жолооч та амьдралдаа нэг бус удаа санаатайгаар болон санаандгүй байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж л байсан биз дээ? Тэгвэл энэ талаар Английн “Телеграф” сэтгүүл 1094 жолооч нарын дунд сэтгэл зүйн судалгаа явуулсан бөгөөд яг ямар жолооч яагаад дүрэм зөрчдөгийг тайлах гэж оролдсоныг толилуулан хүргэж байна.

Лидс-ын их сургуулийн доктор профессор Саманта Жэмсоны үзэж буйгаар үүнд 5 сэтгэл зүйн шалтгаан нөлөөлдөг гэнэ.

  1. Өөртөө хэт итгэлтэй жолооч нар дүрэм зөрчих нь их байдаг. Судалгаанаас үзвэл, жолооны үнэмлэхээ аваад дор хаяж 5-20 жил болж буй жолооч нар шинэхэн жолооч нарыг бодвол хурд хэтрүүлэх нь элбэг байдаг аж. 20 жил гэж хязгаарласан нь ч учиртай. Яагаад гэвэл хүн хөгшрөх тусам түүний өөртөө итгэх итгэл анхаарал болгоомж болон байгалийн жамаараа хувьсдаг аж.
  2. Та зөвхөн залуу хүмүүс дүрэм зөрчих хандлагатай байдаг гэж бодож байвал эндүүрч байна. Судалгаанд оролцсон 30-40 насны жолооч нар хамгийн их санаатайгаар дүрэм зөрчдөгөө хүлээн зөвшөөрсөн нь энэ насны хүмүүс харьцангуй тогтворгүй, хувьсамтгай байдгийн илрэл биз.
  3. Хамгийн хачирхалтай нь, хүний ажлын байрны нөхцөл байдал түүний дуулгавартай зан чанарт нөлөөлдөг аж. Тогтмол ажилтай хүмүүсийн 76% нь дүрэм зөрчихгүй байхыг эрмэлздэг гэж хариулсан бол, тодорхой ажлын байргүй болон цагийн ажилтай хүмүүсийн 92% нь огт дүрэм зөрчдөггүй хэмээн мэдээллэжээ. Үүний шалтгаан нь эргээд л нөгөө өөртөө хэт итгэлтэй зантай холбоотой.
  4. Хүүхэдтэй хүмүүс дүрэм зөрчих нь бага байдаг. Доктор Жэмсоны үзэж буйгаар эцэг эх болно гэдэг хүнийг цаанаас нь маш хариуцлагатай, болгоомжтой, хүлцэнгүй болгодог аж.

Энэ судалгаанаас олж мэдсэн бас нэгэн сонирхолтой баримт гэвэл жолооч нарын нилээдгүй хувь нь санаатайгаар дүрэм зөрчдөгөө илчилсэн явдал.

Яг үүнтэй тэмцэх нэгэн ухаалаг аргыг Германд нэвтрүүлсэн нь “сэтгэцийн тест” юм. Тэнд 2-оос дээш удаа дүрэм зөрчсөн жолоочийг сэтгэцийн өөрчлөлттэй гэж үздэг ба тусгай сэтгэл зүйчийн 40 хоногийн сургалтанд суусны дараагаар энэхүү шалгалтанд ордог аж.

Шалгалтын асуултууд энгийн хирнээ толгой эргүүлэм байдаг.

Жишээ нь: “Та автомашин дотроо халамцуухан сууж байв. Гэнэт хажуугийн машинд нэг эмэгтэй төрж байхыг харвал та яах вэ?” ч юм уу. “Түргэн дуудна, эмнэлэгт хүргэж өгнө” гээд хариултууд маш олон янзаар байж болох ч цорын ганц зөв хариулт бол: “Халамцуу? Би архи уудаггүй” гэж хариулах юм.

Тийм ч хүндрэлтэй биш санагдаж болох ч, энэ шалгуур Герман жолооч нарын санхүүд мөн цаг завд маш хүндээр тусдаг. Одоогийн байдлаар энэ шалгалтыг 1 удаа өгсөн хүн дахиж ирсэн тохиолдол гараагүй байгаа гэнэ шүү!

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.