МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТӨВШИНД ПАРКЛАХ БУЮУ ЗОГСООЛД ТӨГС ТАВИХ АРГА

Хүн бүр л жолооны курсэд зогсоолд тавихыг заалгаж сурсан байх. Гэхдээ л бүгд маш сайн хийдэггүй шүү дээ. Тэгвэл өнөөдөр Тожоо жолооч жолооны курсэд зааснаас арай амархан 2 машины хооронд орж зогсох аргыг танилцуулж байна.

Энэ тулаанд та аль болох хянамгай, ажигч, тун овсгоотой байх хэрэгтэй. Бусдын анзаараагүй жижиг зай, налуу газруудад ч эвтэйхэн машинаа байрлуулчих боломжтой байдаг. За хэрэв та 45 градус буюу хажуугийн зогсоол олсон бол яаж хамгийн амар, төгс байрлуулах вэ?

Эхлээд машиныхаа хойд дугуйг урдах машины хойд гупертэй тэнцүүлж харалдаа аваачаад рулээ зогсоол тал руугаа тултал нь дарна. Ингээд руль дараатай ухарч эхэл.

Таны машины зүүн хойд дугуй урдах машины зүүн талын хаалгатай, зэрэгцээд ирэхэд рулээ тэгшилж бага зэрэг ухрана. Ингээд урд дохионы гэрэл урдах машины хойд гупертай харалдаа ирэхэд рулээ эсрэг буюу зүүн гар тал руу нь тултал дарж, машин тэгширтэл ухарна. Ингээд л та амжилттай паркаллаа.

За мэдээж машин тавих зай буюу зогсоол олно гэдэг бол ёстой цусгүй тулаан шүү.

За хэрэв 90 градус буюу ухарч орох шаардлагатай болвол зогсоолоо чиглэн ухрана. Хажуугийн толинд зүүн хойд гэрэл тань зүүн талын машинтай харалдаа харагдаад ирэх үед баруун гар тал руугаа ханатал дарж, багахаан ухарна.

Одоо баруун толиндоо баруун талынхаа машиныг харж барагцаална. Ойролцоогоор хажуугийн машинаасаа төө хэрийн зайтай болтол ухраад рулиэ тэгшилж, эсвэл барагцаалан бага зэрэг дараатай зогсоолд гүйцэд ортол ухарна.

Ингэхэд л таны сурсан, мэдсэн онол эзэмшсэн мэдрэмж л хэрэг болно доо. Энэ зэргийн чадвар танд суусан байгаа байх. Энэ үед хоёр хажуугийн зайг тэнцүүлэх зорилгоор бага зэргийн маневр хийж болно. Ухрахдаа хамгийн бага хурдыг сонгож явах нь зүйтэй юмаа. Машинаа зогсоолд тавьсныхаа дараа дугуйгаа тэгшилж, толь болон антенаа эвхэж байгаарай. Мөн зогсоолын тоормос буюу карданаа татаж хэвших нь араа дамжуулагч буюу кропонд тустай байдаг.

Үнэтэй эд зүйлийг автомашины урд хайрцагт, ялангуяа нүдэнд ил харагдахаар газарт бүү орхи. Үнэт зүйлсийг өөртөө авч явах бололцоогүй бол ядаж багажиндаа хийж түгжээрэй. Одоо үед машин бол найдвартай хадгалагч, хамгаалагч биш болсон шүү.

Автомашинаа орхихдоо ямагт нүдэнд ил харагдах газарт тавихыг хичээ. Шөнө бол сайн гэрэлтүүлэгтэй газарт тавиарай. Видео хяналтын системтэй газарт ойрхон байвал аль болох хяналтын хүрээнд оруулан тавихыг хичээгээрэй.

Улаанбаатар хотын замын түгжрэлийн 30-50 хувийг зогсоолын талбай хайсан жолооч нар үүсгэдэг гэсэн судалгаа байдаг.

Тэгэхээр аль болох хурдан зогсоолоо олж байршуулахыг хичээж байгаарай.