ГАРАА САЙН БОЛ БАРИА САЙН
Ер нь машин жолоодож байгаа хүн үргэлж сурч байдаг.
Та анхнаасаа л дүрэм журмын дагуу машинаа зөв жолоодоод сурчихвал цаашид ур чадвар чинь зөв чигтээ сайжрана. Ер нь машин жолоодож байгаа хүн үргэлж сурч байдаг. Авто сургууль, авто курсууд зөвхөн хамгийн анхны ерөнхий жолооны мэдлэг л өгдөг. Тэгвэл Тожоо жолооч жолоо атгаад удаагүй байгаа анхлан суралцагчдад ингэж зөвлөж байна.
Шинэхэн жолооч та хотын эрчимт замын хөдөлгөөнд орохоос өмнө өөрийн машины талаар бүрэн мэдлэгтэй болсон байх хэрэгтэй. Тухайлбал, машины овор хэмжээ, удирдлагын хөшүүргийг мэдрэх чадвартай болох, хойшоо ухралгүйгээр дов толгод руу өгсөх, араар ухрах, эргэх хөдөлгөөн хийх, огцом зогсох, хязгаарлагдмал орчинд маневрлах.
Энэ бүхнийг хийж сурахдаа аль болох хүн багатай мухар гудамжийг сонгож, өглөөний хүнгүй үед хийвэл тохиромжтой.
Хэт өөртөө итгэлтэй байх нь туршлагагүй байхаас илүү аюултай. Өөртөө хэт итгэлтэй шинэ жолооч нарын эхний 5-7 мянган километрт осол аваар гаргах магадлал өндөр байдаг.
Шинэ жолооч өөрийн олж авсан мэдлэгийг бусдад харуулах, нотлохыг хичээж эхэлдэг. Тэд "давхих" дуртай зарим нэгнийг дуурайж огцом хөдлөх, шууд хурдаа нэмэх зэрэг үйлдэл хийж алддаг.
Тэгэхээр хэт хулчийлгүй, мөн хэт онгиролгүй яваарай.
За тэгээд жолоо барих үедээ тайван байх хэрэгтэй. Ер нь Жолоочийн эзэмших ёстой хамгийн чухал чанар бол өөрийн сэтгэл хөдлөлийг бүрэн хянаж сурах явдал юм. Жолоодохдоо тайван байна гэдэг нь анхаарлаа сулруулж, анзааргагүй болно гэсэн үг биш юм.
Гэрлээр эсвэл дуут дохио өгөх мөчид та тайван байдлаа хадгалж сурах хэрэгтэй. Учир нь ингэж дохио өгөхөд туршлагагүй жолооч цочиж огцом дарах зэргээс болж осол гаргадаг.
Үүнээс гадна зарим соёлгүй жолооч бүдүүлгээр дохиж зангах үед ч гэсэн юу ч болоогүй юм шиг тайван байж сурах хэрэгтэй. Энэ бол хагас сая машинтай манай хотод бас л том чадвар юм шүү.
Хэзээ ч тэдний бүдүүлэг үйлдэлд тэдэн шиг хариу бүү өг, мөн тэдэнтэй битгий хэрэлдэж байгаарай.
Шинэ жолооч нар тээврийн нягт урсгал, олон эгнээ хөдөлгөөнтэй гудамжинд эгнээгээ барьж сурах нь чухал байдаг. Өөрийн эгнээг эзэлсний дараа хоорондын зайг нарийн баримталж хөдлөөрэй.
Хэрэв хэд хэдэн эгнээнд зэрэг эргэлт хийх хэрэгтэй байвал зэргэлдээх эгнээнд оролгүйгээр өгөгдсөн радиусын дагуу эргэ.
Машин жолоодох үедээ хийх маневруудыг яаралгүй аажуухан хийгээрэй. Таны хийх гэж байгаа үйлдэл бусдад ойлгомжтой байх ёстой болохоор дохиогоо цаг тухайд нь зөв өгч байгаарай.
Автомашинаар эгнээ байр эзлэн явахдаа хоорондын болон хажуугийн зайг барьж явах ёстой. Урд яваа машин огцом зогсож чадахаар зай авч явах шаардлагатай. Ер нь ямар ч тохиолдолд хүссэн үедээ зогсож чаддаг хүнийг жолооч гэдгиймшүү.
Мөн ар талын машин тань ямар ч зайтай явж мэдэх тул ослоос сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослохгүй байхыг анхааруулъя.
Эгнээ байраа солихдоо хоёр талынхаа толийг сайн харах мөн толинд харагддаггүй хэсгүүдийг сайтар шалгасны үндсэн дээр дараарай. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл дуут дохио өгөхийг хориглоогүй үед сигналдаж, бусад хөдөлгөөнд оролцогчдоо сануулж ч болох юм.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5