АЯЛАГЧ Ц.ЭРДЭНБУЛГАН: ЗАМ Л БАЙГАА БОЛ ЯВЖ БОЛНО ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ

30 жилийн турш монгол орны үзэсгэлэнт байгалиар аялсан аялагч Ц.Эрдэнэбулган-тай түүний аяллын сонин хачины талаар ярилцсан ярилцлагыг хүргэж байна. Тэрээр анх 18 настайдаа Болд гэдэг Буриад өвгөнийг дагаж ууланд аялснаас хойш түүний сэтгэлийг явган аялал бүрэн эзэмдсэн гэдэг.

18 настай залуу ой модонд шөнөжин улилдах чонын дуунаас айн цурам ч хийлгүй гал манаж хонож байсныгаа дурсан ярьсан юм.

ЗАМ Л БАЙГАА БОЛ ЯВЖ БОЛНО ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ

- Таныг анх хэрхэн аялах хоббитой болсон гэдгээс яриагаа эхлэе гэж бодлоо. Та хэзээнээс эхлэн аялах хоббитой болсон юм бэ?

Би 18 настайдаа Болд гэдэг буриад өвгөнийг дагаж ууланд мод хийх гэж явсан юм. Тэр өвөө надад хэрхэн хөдөө хээр аялах талаар маш их зүйлийг зааж өгсөн. Ус олох, Мөр шинжих, Ой модонд яаж хонох гэх мэт олон зүйлийг зааж өгсөн. Түүнээс хойш аялах сонирхолтой болж одоог хүртэл янз бүрийн газраар аялж байна даа. Зав гарах бүрд л нэг шинэ газар очих үзэхийг боддог.

АЯЛАГЧ ХҮН БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ УЛАМ ИХ ХАЙРЛАДАГ БОЛЧИХДОГ

- Монгол орны маань байгалиар аялж явахад сайхан байх шүү. Таны аялж байсан газруудаас сэтгэлд хоногшиж үлдсэн газар орон гэж байх юм уу?

Байлгүй яахав. Монгол орон минь үнэхээр нүд, алдам үзэсгэлэнт газар ихтэй. Би нэг удаа Ховдын Мөнххайрханд очиж үзэж байсан юм. Үнэхээр сайхан нутаг. Тэндхийн хонь, ямаа нь аргал янгиртайгаа хамт бэлчээд л байж байдаг. Гэрийн тооноор нь аргал, угалз, янгир харагдах шахам байдаг тийм сайхан нутаг байсандаа. Одоо ч дахиад очъё гэж боддог юм.

-Та олон ч газраар аялахдаа төөрч байсан тохиолдол бий юу?

Хэнтийн нурууны Ноён оргил Асралт хайрхан руу гарах гэж явсан юм. Очих замдаа цасан шуурганд төөрөөд. Шуургагүй байсан бол луужингаар зүг чигээ олох боломжтой байдаг. Гэвч нүүр нүдгүй шуурч байсан учир тэгэх ямар ч боломжгүй байсан. Бид нар Garmin GPS ашиглан зүг чигээ тогтоож цааш явж байсан.

Цасан шуургатай үед зүг чигийг тодорхойлох хэцүү шүү. Ер нь хүмүүс унаж яваа машиндаа их бардаж зам харгуйгаа судлалгүй явснаас өөрсдийгөө болон хамт яваа хүмүүсээ эрсдэлд оруулаад байдаг юм. Зам л харагдвал яваад л байдаг хөдөөний зам том тэрэгний зам, жижиг тэрэгний явдаг зам гэж байдаг тул мэдэхгүй газар орноор явахаар бол нутгийн иргэдээс лавлаж байх нь зүйтэй.

ГАЛ ТҮЛЭХЭД ХҮРТЭЛ УЧИР БАЙДАГ

- Таны аяллын цүнх хувцас шүүрээд л аваад гарахад байнгын бэлэн байдаг биз?

Ер нь бэлэн байдаг шүү. Би аялалдаа зайлшгүй авч явдаг 2 юм байдаг юм. Модон аяга, дугуй булант цай. Хөдөө хээр аягагүй бол амгүйтэй адил. Өглөө босоод чулуу улайсгаж байгаад модон аягандаа чулуугаа хийгээд л цайгаа чанаад уучихдаг юм. Би цай ингэж амархан чанаж уухыг Болд өвөөгөөс сурч байлаа.

Гал түлэхдээ хүртэл салхины чиг, модны орой харж байж энд галаа түлнээ гэдэг байж билээ. Тэгэхээр гал түлэхэд хүртэл учир байдаг. Ер нь нутгийн хөгшчүүл айхтар шүү. Явуулын хүнд нутаг орныхоо ан амьтан элбэгтэй замаа зааж өгдөггүй. Нутаг ус ан амьтнаа хамгаалж байгаа монгол ухаан юмдаа.

БАЙГАЛЬД ГЭДЭГ ХҮНИЙГ ТАЙВШРУУЛЖ, ХҮМҮҮЖҮҮЛЖ, УХААРУУЛЖ ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГӨӨ ЯРИХ БОЛОМЖ ОЛГОДОГ

- Аяны дөрөө нийлсэн хүмүүстэй аялах сайхан байхдаа. Аяллын хамтрагчдаа хэрхэн сонгодог вэ?

Сайхан байлгүй яахав. Аяллаар явахдаа санаа нийлсэн, зан зангаа мэддэг хүмүүстэй явбал хол замд сэтгэл амар шүү. Ядаж л асуудал тулгарвал шийдлийг хялбархан олдог. Замд явж байхад зөндөө л ан амьтан тааралддаг ч би харж кайф авчаад л өнгөрдөг. Зарим хүмүүс улайрч агнах гээд байдаг нь харамсалтай.

Ер нь аялагч хүн олзонд нүд аньж сурах хэрэгтэй. Олон газар орноор яваад ирэхээр байгаль эхээ улам их хайрладаг болчихдог юм даа. Нэг ч гэсэн хог хаяхгүй явахыг боддог.

- Ярилцлагын төгсгөлд уншигчиддаа хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

Аяллын бэлтгэлээ базааж аваад аль болох хөдөө, хээр аял зугаал. Одоо зам мэдэхгүй гэх юмгүй Garmin GPS байхад тухайн газраа ямар ч байсан олоод л очно. Байгаль гэдэг хүнийг өөрөө өөртэйгөө ярих боломж олгож, тайвшруулдаг. Хотод уурлаж, бухимдаж байсан хүн цэлийсэн сайхан зам хархаараа шал өөр болоод уур бухимдал нь алга болчихсон явж байдаг.

- За үнэтэй туршлагаасаа хуваалцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье

За баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье.