ОУХМ Д.БОЛДБААТАР: ҮНЭТЭЙ ЧАМИНДАА БИШ ХАМГИЙН ГОЛ НЬ НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААТАЙ БАЙХ ЁСТОЙ

Авто спорт гэдэг эр зориг, авхаалж самбаа, ур чадвар шаардсан хэцүү спорт гэдэг. 20 гаруй жил Монголын болон дэлхийн авто спортын ертөнцөд нэрээ дуурсган яваа ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатарыг авто спорт сонирхогч хэн бүхэн андахгүй танина.

Монголын авто спортын ертөнцийн нэгэн тод “Од” бол яах аргагүй Д.Болдбаатар билээ. Бид мэргэжлийн тамирчдын ашиглаж буй техник хэрэгслийн талаар ихэд сонирхдог ч төдийлөн тоймтой мэдээлэл авч чаддаггүй. Тэгвэл энэ удаагийн ярилцлагаараа түүнийг уралдаанд хэрхэн бэлддэг, ямар техник хэрэгсэл ашиглаж уралддаг талаар дэлгэрэнгүй ярилцлага бэлтгэн хүргэж байна.

 


“Уралдааны техник хэрэгсэл үнэтэй чаминдаа биш хамгийн гол нь найдвартай ажиллагаатай байх ёстой”


- Таны мотоциклын урд их олон төхөөрөмжүүд харагддаг. Энэ олон төхөөрөмжүүдийг уралдаж явахдаа ашигладаг юм уу?
Тэгэлгүй яахав, эдгээр зүйлсгүйгээр уралдана гэж байхгүй. Миний мотоциклын урд замын зураг бүхий хайрцаг, GPS зам заагч, градус заагч гэх мэт зүйлүүд байдаг. Тэр бүгдийг л ашиглаж уралдана шүү дээ. Уралдааны техник хэрэгсэл үнэтэй чаминдаа биш хамгийн гол нь найдвартай ажиллагаатай байх ёстой.

- Тэмцээн болгоны өмнө тухайн уралдааны замын зургийг тамирчдад өгдөг. Ингэхээр уралдахын өмнө замаа судлах боломж гарна биз?
Уралдаан болгоны өмнө тухайн уралдааны явах замыг тодорхой заасан хуулиастай замын зураг өгдөг. Тэр зурганд хаашаа явах, замын бартаа, эргэлт, аюултай гуу жалга гээд бүгдийг тэмдэглэсэн байдаг. Гэхдээ тэр зурган дээр тамирчин бүр ажиллаж ямар замаар уралдах вэ? Хаана аюултай гуу жалга байна вэ гэдгээ өөрсдөө хараад ойлгохоор тодруулж тэмдэглэдэг. Улаан өнгөөр аюултай удаан явах замыг, цэнхэр өнгөөр эргэлтийг, ногоон өнгөөр аюулгүй хурдан давхиж болох замыг тэмдэглэдэг. Яагаад ингэж өнгөөр нэмж тэмдэглэж байна гэхээр уралдааны үеэр 90-120 км хурдтай явж байгаа үед энгийн тэмдэглэгээ харагддаггүй учраас тодруулж заавал тэмдэглэдэг юм. Замын зургаа уншаад удаан явбал ямар ч тамирчин төөрөхгүй хамгийн гол нь хурдан явж байхдаа уралдааны зураг унших хамгийн хэцүү.

Хуйлсан замын зураг
Замын зургаа будаж тодруулж байна
Хуйлаастай замын зураг нээгдсэн байгаа нь. Эргэлт болон км-ийн заалт харагдаж байна

 


“Уралдааны үед суурин газарт төөрөх магадлал хамгийн өндөр”



- Замын зураг байхад GPS хэрэгтэй байдаг гэж үү?
Бүх уралдаан GPS-тэй явагддаг. Тамирчид GPS дээр зааж буй градусыг нь маш их ашигладаг. Жишээ нь 2, 3-н салаа зам гараад ирэхэд зөв замаараа салахгүй бол дараагийн замын зураг таарахаа болиод төөрөөд явчихдаг. Тийм учраас Gps, замын зураг 2-ийг хамтад нь ашиглахаас өөр арга байдаггүй. Хэрвээ төөрчих юм бол өөрт хамгийн ойрхон байгаа тэмдэглэгдсэн GPS цэг рүүгээ явж үндсэн зам руугаа ордог байхгүй юу. Тэгэхээр GPS зайлшгүй хэрэг болдог юм. Бас зөвхөн GPS цэг ашиглан уралддаг тэмцээн байдаг. Өгсөн цэгийг компьютер дээр зоогоод, холбоод GPS дээ хуулаад тэр замын дагуу уралддаг. Сайн GPS-тэй тэмцээнд орохгүй бол тэгээд л хугацаа алдах, буруу замаар явах гээд асуудал гарна.


“Монголын авто спортын тамирчид бүгд Garmin GPS хэрэглэдэг”


- Дэлхийд олон үйлдвэрлэгчийн GPS байдаг таны хувьд ямар GPS ашиглаж уралддаг вэ?
Би олон Gps хэрэглэж байсан. Хамгийн найдвартай нь Garmin 267 загвар санагддаг. Миний ашиглаж буй загварыг үйлдвэрлэхээ больсон л доо. Анх гарч байхад нь л авч байсан юм. Одоо ч ажилласан хэвээрээ байгаа ер нь гарын ая их даадаг сайн GPS. Манай авто спортынхон бүгд л Garmin ашиглаж уралддаг. Одоо бол Garmin дэлхийд №1 байна шүү дээ. Зарим GPS эргэлт дээр ирчхээд байхад 2-3 секундын дараа явах чиг зааж байх жишээтэй. Надад байгаа загвар дэлгэцээ 4 хуваагаад 4 төрлийн мэдээллээ харж явдаг. Хурд, градус, зүг чиг заадаг сум, дээд хурд гэсэн үндсэн мэдээллээ хянаад уралдахад амар байдаг юм.

- Та авто спортын Монгол тамирчдаас хамгийн анх дэлхийн хамгийн том гэгддэг Дакар раллид уралдсан. Дэлхийн хэмжээний уралдаан ер нь хэрхэн явагддаг вэ?
Маш өндөр зохион байгуулалттай явагддаг. Орон орноос оролцож буй 800 гаран тамирчдыг нэгтгэж зохион байгуулна гэдэг маш өндөр зохион байгуулалт шаарддаг. Өмнөд Америкийн элсэн цөлд харангадаж, осолдох, төөрөх тохиолдол зөндөө гардаг. Зохион байгуулагчид тамирчин бүрийг IRITRACK болон өөрсдийн GPS төхөөрөмжийн тусламжтай тухайн тамирчныг хянаж байдаг. Жишээ нь уралдааны үеэр хот суурин газраар дайрахдаа 40 км цагаас дээш хурдалж болохгүй хэрэв тэгвэл явсан км бүрээр 100 еврогоор торгож байдаг. Дакар раллид GPS хэрэглэж уралдана гэдэг зүйл байдаггүй зөвхөн замын зургаа уншиж уралддаг. GPS нь зөвхөн тодорхой метрт л ажиллаж чиг зааж өгдөг. Хэрэв төөрвөл торгуулж байж зөв чигээ GPS-ээр заалгаж болдог их нарийн зохион байгуулалттай байдаг.

Ярилцсан: М.Бямбацагаан


Хаа хүрэхээ мэдэхгүйгээс бус
Хаана байгаагаа мэдэхгүйгээс л төөрдөг

 
 

 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.