ГЕОКЭШЭР М.БОЛОРБОЛД: GPS-ЭЭР 7 САЯ ХҮН ТОГЛООМ ТОГЛОЖ БАЙНА

GPS Navigation цэргийн хэрэглээнээс шилжин олон нийтийн хэрэглээ болоод 15 гаруй жилийг ардаа үджээ. Анх цэрэг, армийн зориулалтаар л ашигладаг байсан GPS гэгч зүйл өнөөдөр хүссэн хүн бүр худалдан авч чадах энгийн зүйл болжээ. Дэлхий даяар GPS-ийг маш олон зүйлд өргөнөөр ашиглах болсон ба Монголчууд бид ч аль хэдийн GPS-ийг ажил, амралтандаа энгийн хэрэгцээнд ашиглах болсон байна.

Зөвхөн GPS-тэй хүмүүс тоглодог /Geocaching/ буюу эрдэнэсийн эрэлчид тоглоомыг Монголд дэлгэрүүлэхээр 2008 оноос хойш ажиллаж байгаа Мэргэн овогт Болорболд-тай GPS ашиглан хэрхэн эрдэнэсийн хайрцаг олдог, Монголд Geocaching хэрхэн хөгжиж байгаа тухай ярилцсан юм. Энэхүү Geocaching гэдэг нэр томьёо Монголд шинэ зүйл учраас маш сонирхолтой санагдаж байлаа.

Хүний сониуч зан, шинийг эрэлхийлэх хүсэл дээр Geocaching бий болсон
Хүний сониуч зан, шинийг эрэлхийлэх хүсэл дээр Geocaching бий болсон

- Та уншигчдад Geocaching тухай ойлголт өгөхгүй юу? Бидний мэдэхгүй нэр томьёо байна л даа.

Geocaching буюу Монголоор эрдэнэсийн эрэл гэж бид нэрлээд байгаа тоглоом нь Америкийн Нэгдсэн Улсад 2000 онд үүсэж дэлхий нийтэд тархсан. Анх яаж үүссэн бэ гэхээр Dave Ulmer гэгч америк эр ус нэвтэрдэггүй пластик хайрцганд ном, CD, мөнгө, тоглоом зэргийг газарт булж нуугаад нуусан газрын солбицлоо интернэтэд байршуулснаар энэ тоглоом анх эхэлсэн түүхтэй.

Тэр солбицлын дагуу хүмүүс нуусан хайрцгийг олох гэж ирэх нь өөрөө сонирхолтой, адал явдалтай байсан байх. Эрдэнэсийн хайрцаг хайж байгальд аялах нь стресс ихтэй нийгмээс холдож уул хадаар зүгээр нэг аялах биш адал явдалтай, юм хайж явах нь аяллыг сонирхолтой болгож стресс бухимдлаас салгаж чаддаг. Тийм ч учраас өнөөдөр энэ тоглоом дэлхий даяар тархаж 7 сая хүн идэвхтэй тоглож байна. Дэлхий даяар нуусан эрдэнэсийн хайрцаг гэхэд л 2 сая гарсан байх жишээтэй.

- Энэ тоглоом яаж дэлхий даяар тархсан гэдэг нь их сонин байна? Нуусан эрдэнэсийг нь нэг хүн олоод бүгдийг нь аваад явчихдаггүй юм уу?

Хүн гэдэг байгалиасаа их сониуч амьтан. Тэнд нэг нуусан хайрцагтай эд зүйл байгаа гэдгийг мэдэх юм бол очоод үзчих юмсан гэдэг хүсэл төрдөг байхгүй юу? Дээр нь хүн бүр байгалийн дурсгалт газар аялж, зугаалж явахдаа нэг газар хайрцагтай зүйл нууснаа интернет-д би ийм солбицолд эрдэнэс нуулаа шүү гэдгээ зарлаад явчихдаг.

Тэр газар руу дараа хэн нэгэн аялахаар болвол нөгөө хүний нуусан эрдэнэсийг олохыг хүсэх нь гарцаагүй шүү дээ энэ мэтээр л энэ тоглоом маань олон хүний сонирхлыг татаж чадсан. Эрдэнэсийн хайрцаг дотор бал, үзэг заавал байдаг түүн дээр олсон хүн нь нэрээ бичиж үлдээдэг дүрэм бий. Мөн хайрцаг дотроос эд зүйл авахаар бол түүнтэй дүйцэхүйц эд зүйлийг заавал буцааж хийх ёстой байдаг.

С.Зориг агсны хөшөөний тэнд хүртэл эрдэнэсийн хайрцаг нуусан

- Тухайн хүн эрдэнэсийн хайрцгаа хаана ч нууж болох уу?

Хүн хаана ч нууж болно. Чи өөрөө нуухаар бол хаана нуух байсан бэ гээд л бодоод хайх хэрэгтэй. Гадны жуулчид ч эрдэнэсийн хайрцгийг шинээр Монголд нэмж нуудаг, бас бидний нуусан хайрцгийг ч зөндөө олдог. Бид Монгол улсын ихэнх байгалийн үзэсгэлэнт газруудад эрдэнэсийн хайрцгаа байрлуулсан.

Хөвсгөл, Хагийн Хар нуур, Мэргэн нуур, Хэцүү хад зэрэг олон газруудад бий. Мөн Улаанбаатар хотод ч хэд хэдэн газар эрдэнэсийн хайрцгаа байрлуулсан. Зоригийн хөшөө, Үндэсний түүхийн музей, Занабазарын музей... гэх мэт. Ингэж эрдэнэс байршуулж тухайн газрын цэгийг интернэтэд тавьснаар гадны жуулчдыг татах, дотоодын аялагчдад өөр өөр газрууд руу очиж үзэх сэдэл төрүүлж чаддаг.

Гүнжийн сүмд нуусан эрдэнэсийн хайрцаг
Гүнжийн сүмд нуусан эрдэнэсийн хайрцаг

- Хөвсгөл далай орчимд эрдэнэсийн хайрцаг байсан гэж үү? Geocaching гэж мэддэг байсан бол олох гээд л явах байсан байхдаа.

Байлгүй яахав. Нуусан эрдэнэсийг олох гэж явснаар чиний аяллыг улам сонирхолтой болгох байсан ч юм билүү. Эрдэнэс байгаа газрын солбицлыг GPS дээ оруулахад яг хаана байгаа нь гараад ирнэ. Гэхдээ GPS бүрээс шалтгаалан тухайн цэгийг өөр өөр нарийвчлалтай заадаг. Бид нар аялалдаа Garmin Etrex 20 загварыг авч явдаг. Нарийвчлал нь сайн байдаг юм. Тэгэхгүй бол уул хаданд 2 метр л алдаж заахад маш их зай болоод явчихдаг, олоход улам хэцүү болдог.

Эрдэнэсийн хайрцаг, дэвтэр, бал, Garmin Etrex 20
Эрдэнэсийн хайрцаг, дэвтэр, бал, Garmin Etrex 20

- Эрэл хайгуулч, мөрдөгч шиг сонирхолтой юм байна даа. Нуусан эрдэнэсээ хүний нүднээс далд авахгүй бол өөр хэн нэгэн харж байгаад тэр эрдэнэсийг аваад явчих байх даа?

Тийм шүү... Хаана яаж нуух, яаж нуусан эрдэнэсээ хүний нүднээс далд авч үзэх гээд их сонирхолтой. Энэ тоглоомыг мэдэхгүй хүн тэр хайрцагны үнэ цэнийг мэдэхгүй учир аваад явах юм уу хаячхаж болно. Тийм учраас хүнд мэдэгдэхгүй байх нь чухал. Жишээ нь Blue Sky-ийн урд нуусан эрдэнэсийг олох хэцүү. Хүмүүс их холхиж байдаг учир хүмүүсийн нүдэн дээр юм хайж олох хэцүү. Оллоо гэхэд өөр хүн харж байгаад нөгөө хайрцгийг аваад явчхаж мэднэ. Ер нь хүнд мэдэгдэхгүй хайж олох л хэрэгтэй дээ хэхэ...

Эрдэнэсийн хайрцаг доторх эд зүйлс
Эрдэнэсийн хайрцаг доторх эд зүйлс

- Та Монгол Геокэшинг клубыг үүсгэж 300 гаруй залуусыг нэгтгэн энэ тоглоомыг хөгжүүлэх ажлыг хийж яваа хүсэл сонирхлоороо нэгдсэн залуусын дараагийн хийх гэж буй ажлынхаа талаар сонирхуулаач?

Geocaching буюу бидний тоглоом гэж нэрлэж байгаа зүйл маань Монголд хөгжөөд хүн бүр мэддэг болж, аялж зугаалж байхдаа эрдэнэсийн хайрцаг нуудаг, өөр хүний нуусныг олдог болчихвол үүнийг дагаад Монголд аялал жуулчлал хөгжих маш том боломж байгаа юм. Дан ганц энэ тоглоомыг

Монголд тоглохоор ирдэг хүмүүс ч байдаг. Манай клуб удахгүй GPS цэгээр монгол гэрийн дүрсийг үүсгэх ажлыг хийхээр төлөвлөж байна. Интернэтээр газрын зургаас харвал GPS цэгүүд нийлэн Монгол гэрийг үүсгэж харагдах юм. Хэрвээ та бидэнтэй нэгдэхийг хүсвэл ЭНД дараарай.

Монгол гэрийн дүрсийг газрын зураг дээр үүсгэнэ
Монгол гэрийн дүрсийг газрын зураг дээр үүсгэнэ