ТОЙМ - ЛАНД КРУЙЗЕР ПРАДО VZJ95

Prado 70 загвар дөрвөлжин хийцтэй урд хойд тэнхлэгүүд нь чулактай байсан боловч дизайны  хийцийн хувьд гэнэт огцом  өөрчлөгдөн 90 загвар гарах болсон юм. 70 загвар нь Landcruiser II загварын стиль хийцийг авч байсан бол 90 загвар Hilux Surf загварын хийцрүү шилжсэн байна. Сүүлийн үеийн дизайн руу оруулахын тулд яах аргагүй ийм алхам хийсэн болов уу.  Ямар ч л байсан манайд нэлээдгүй харагддаг болсон ба ихэвчлэн манай дунд орлоготой шударгаар хөдөлмөрлөдөг иргэдийн гол хэрэглэдэг жийп болсон юм. Хөдөлгүүр нь 3 төрөл ба 2.7 литрийн бензин, 3.0 литрийн V6 бензин болон 3.0 литрийн  турбо дизель хөдөлгүүртэй. Хамгийн их орж ирсэн нь 2.7 литрийн хөдөлгүүр ба энэ нь илүү практик ач холбогдолтой.

Яагаад гэхээр засвар үйлчилгээ хийхэд хялбар, духны гинжтэй, бензин зарцуулалт боломжийн, хүйтэн асахдаа сайн зэрэг давуу талууд нөлөөлсөн байх л даа. Дизель хөдөлгүүр нь өмнөх 70 үед байсан нилээн хүчтэй сайжруулсан бас туршигдсан хөдөлгүүр байсан боловч тоо цөөтэй юм. Тухайн үед нутагтаа дизелийг шахах,  хэрэглээг багасгах зэрэг бодлого эхэлж байсантай холбоотой ч байж магад. Нөгөө талаар эрэлт ихээс олдоц бага байсан гэхэд болно. Мэдээж V6 бол дуулгавартай хөнгөн хүч сайтай боловч шатахуун зарцуулалт их байх гэсэн бодол хэрэглэгчдийн толгойд нэвт шингээснээс барагтай л бол орж ирдэггүй.

Гадна дизайн бол тухайн үедээ бас л онцгой байсан . Гол өрсөлдөгч Pajero-той өрсөлдүүлэхээр төлөвлөсөн болохоор ерөнхийдөө дээшээ өндөрдүү, арын хаалганы онгойх байдал, хөмсөг, урд гуперийн шийдлүүд ер нь ойролцоо болсон. 2 хаалгатай загвар байдаг ба урд гэрэл нь дугуй хэлбэртэйгээр нь ялгаж болох юм байна. Урд гупер дээр голдуу давхар хамгаалалттай нь илүү үзэмжтэй, ерөнхий кузов нь дээр боловч гишгүүр нь өндөр ханатай болохоор доор харагдуулдаг. Гэхдээ цаанаа бол рамын өндөртэй чацуу. Дугуй хооронд тийм ч хол биш, хойшоо урагшаа богино. Ер нь их зайтай болгох гээд кузовыг урагш нь шахсан юмуу гэмээр харагддаг.

Одоо салон руу нэг өнгийж харъя. Хянах самбар нь босоодуу өндөр. Суудлын байдал бас өндөр. Ер нь бага зайд багтаамжтай байлгах зорилгоор суудлын байрлалыг дээр болгож зарим жийп унасан юм шиг гэдэг хүмүүст бол таарсан бололтой юм. Рулийн дизайн тийм ч муу биш. Хянах дэлгэц нь сүүлийн үеийн машинуудыг бодвол арай л бүдэг юмуу гэж бодогдов. Харин паарны удирдлага дажгүй, хөгжмийн байрлал гарт ойр юм. Салоны суудлын болон хаалганы самбарын материал дажгүй сайн юм байна. Харин руль нь арьсан бүрээс байхгүй бөгөөд жаахан гандах талтай. 3-р эгнээний суудал жаахан хавчиг бөгөөд нам. Ерөнхийдөө бол салоны байдал муу биш юм.

Ихэвчлэн фуллтайм 4WD бөгөөд энгийн стандарт загварууд нь парттайм байдаг. Гэхдээ маш ховор юм. Замын хүнд нөхцөлд ашиглах бууруулсан дамжуулга буюу туслах хурдны хайрцагтай бөгөөд гар рычагаар залгагдана. L байрлалд төвийн дифференциал цоожлогч залгагдана. Явдалын хувьд бамбалзаад байхгүй бөгөөд ижил суурьтай Hilux Surf-ийг бодвол хатуу явдалтай. Амортизаторын ажиллагааг тохируулах боломжтой. Их ачаанд бол хойд пүрш доош суух ба хурдтай үед хойд тал савдаг. Энэ савалтаас болж доод хязгаарлагч 8 тоон резин тасарч унадаг ба тэнцвэргүй болж ирнэ.

Тиймээс их ачсан үед аль болох савлуулахгүй явах хэрэгтэй. Мөн урд доод өндгөн тулгуурыг ойр ойр шалгаж байх зөв. солихгүй удаан явснаас мултарч унах тал бий. Удаан ашиглалтын явцад хойд урд болон төвийн дифференциалуудад холхио үүсдэг ба эдгээр нь нийтдээ хүч авах тоормослох үед мэдэгддэг болно. Шатахууны савыг арын доод хэсэгт байрладаг ба ижил загвар болох Hilux Surf-д энэ зай хоосон эсвэл нөөц дугуй хийхээр байдаг. Тиймээс нөөц дугуйг зөвхөн хаалганаас зүүх эсвэл салонд хийх, ачаан дээр тавих болно. Энэ бохирдож заваарсан дугуйг салонд ачна гэдэг тийм ч сайхан биш, мөн дээш өргөж ачаан дээр тавих ч бас чанга ажил шүү. Арын дугуй зүүдэг хаалганы дэгээг байнга үзэж сул холхио үүсгэхгүй байх хэрэгтэй..

3RZ-FE бензин
3RZ-FE бензин
1KZ-TE дизель
1KZ-TE дизель
Бензин хөдөлгүүрт таарах очлуурын дугаарыг эндээс хараарай. (дарж томруулна уу)
Бензин хөдөлгүүрт таарах очлуурын дугаарыг эндээс хараарай. (дарж томруулна уу)

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.