VOLKSWAGEN GOLF
Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen компанийн хэчбак загварын суудлын автомашин.
Golf нэрийн хувьд Мексикийн салхины нэр бөгөөд герман хэлээр Der Golfstrom гэх ба англи хэлэнд буулгавал the Gulf Stream гэсэн үг болж байна. Европд С ангилалд багтах бөгөөд дэлхий даяар худалдаалагдаж байгаа.
- Үйлдвэрлэгдсэн тоогоороо дэлхийн хэмжээнд Toyota Corolla-ийн дараа 2-р байрт ордог бөгөөд 2007 оны 3 сарын байдлаар нийт 25 сая ширхэг Golf машин үйлдвэрлэгдэн гарчээ.
- 1974 оны анхны загвар нь 6 сая 800 мянган ширхэг үйлдвэрлэгдсэн.
- Загвар солигдох үед борлуулалт жаахан багасдаг.
- 1997 онд гарсан 4-р үеийн загвар нь 4 сая 300 мянган ширхэг борлогджээ.
Италийн дизайнер Жужарио-ийн гаргасан дизайнтай 1-р үеийн Golf нь хөндлөн байрлалтай хөдөлгүүртэй урд хөтлөгчтэй, овор хэмжээ багатай мөртлөө дотор салоны зай том байсан учир дэлхийд маш их нэр хүндтэй байж хит болж байсан.
Мөн алдартай Golf GTI хувилбар нь эхнээсээ хамт үйлдвэрлэгдэж байсан бөгөөд 1.6 литрийн хөдөлгүүртэй, 2-р үеэсээ 1.8 литрийн DOHC хөдөлгүүртэй болсон байна. Мөн эвхэгддэг дээвэртэй хувилбар нь их алдаршсан байсан.
Одоо үед Golf-той нэг суурин дээр Audi A3 загвар үйлдвэрлэгдэж байгаа. Golf IV загвараас дээвэр нь эвхэгддэг загвар хийгдэхээ больсон байна. Мөн энэ суурин дээр Wolkswagen Beetle буюу “цох” үйлдвэрлэгдэж байна.
4-р үе 1J модель (1997 он - 2006 он)
Volkswagen-ийн ерөнхийлөгч Ferdinand Karl Piёch-ийн өндөр зэрэглэлийн люкс автомашин бүтээх уриан доор гарсан загвар. Иймээс эд анги бүрийг нягтлан шалгаж сайн чанартайгаар хийсэн. Хэмжээний хувьд 1700мм болон өргөссөн. Audi A3 болон ТТ загваруудтай хамт нэг суурин дээр үйлдвэрлэгдэж байгаа.
Хөдөлгүүр:
- 1.6 литрийн цуваа 4 цилиндртэй SOHC (E,L)
- 1.8 литрийн цуваа 4цилиндртэй DOHC 20 клапантай
- 1.8 литрийн цуваа 4 цилиндртэй DOHC 20 клапантай турбо (GTI,GTX, Audi компанийн)
- 2.0 литрийн цуваа 4 цилиндртэй SOHC (CLi,GLi,L Plus)
- 2.3 литрийн V5
- 3.2 литрийн V6 SOHC(R32)
5-р үе 1K модель (2003 он - 2009 он)
Илүү эмэгтэйчүүдэд тохиромжтой бүтээгдсэн ба салоны зай урьдахаас уужим болсон бөгөөд хэн ч харсан үнэтэй байх гэж санагдмаар.
Түрүү загвараас уламжлалыг хадгалсан шинжтэй боловч хүчин чадал чанарын хувьд мэдээж сайжирсан.
Түрүү үеийн Audi A3 загварын суурийг сайжруулан аюулгүй байдлыг дээшлүүлсэн. Бүх хувилбаруудад цилиндрийн дотор бензиний шууд цацалттай хөдөлгүүр тавьж 6 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьж шатахуун зарцуулалтыг багасгасан байна.
Хэсэгчилсэн өөрчлөлтөөр давхар авцуулах холбоотой DSG хэмээх автомат хурдны хайрцаг тавьж, хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг багасгажээ. Мөн GTI R32 гэх хүчин чадал сайтай спорт маягийн загвар үргэлжлэн гарч байгаа. Герман, Өмнөд африкийн бүгд найрамдах улсад үйлдвэрлэдэг.
Дизайн, бүхээг:
Бүхээгийн хэмжээ өмнөх загварыг бодвол 50мм-ээр урт 30мм-ээр өндөр 25мм-ээр өргөн болсон байна.
Тэнхлэг хоорондын зай 60мм-ээр уртасжээ. Салоны дотор зайн урт 70мм-ээр урт болсноор суудал хоорондын зай, өвдөгний тулахгүй чөлөөтэй болсон.
Хамгийн бага эргэлтийн радиус 5.1м-ээс 5.0м болж багассан. Мөн салон доторх дуу чимээ 80 хувиар багасаж, тохь тухтай байдал 35 хувиар дээшилсэн. Уламжлал ёсоор арын багана өргөн хэвээрээ үлдэж дотроо тусдаа дугуйтай бүхэл их гэрэл, хойд гэрэл нь мөн тусдаа дугуйрсан харагдахаар бүхэл гэрэлтэй бол өөрчлөгдсөн байна.
Хөдөлгүүр:
Хөдөлгүүрийн чадлыг дээшлүүлж, бензиний шууд цацалттай FSI хөдөлгүүр тавьсан, өмнөх үеэс байсан 4 шатлалтай автомат хурдны хайрцгийг 6 шатлалтай автомат хурдны хайрцгаар сольж сайжруулжээ. Рулын аппарат нь шингэн хүчлүүрээс цахилгаан моторын дэмжлэгтэй болсон.
6-р үе 5K модель (2009 он)
2008 оны 8 сард 6-р үеийн Golf загвар гарах талаарх мэдээллийг германд зарласан.
Энэ үеэс эхлээд Golf Variant, Cross Golf, Golf Plus хувилбаруудад LPG буюу газын хөдөлгүүр тавих боломжтой болсон байна.
2009 оны 4 сард “World Car of the Year ” шагналыг хүртжээ. 1.4 литрийн TSI нэг турботой intercooler-тэй хөдөлгүүр, 2 литрийн 1500 эргэлтээс хамгийн их эргүүлэх хүчийг гаргах хөдөлгүүр, 7 шатлалтай DSG автомат хурдны хайрцаг тавьснаар шатахуун зарцуулалт 100 км-т 5.9 литр болжээ.
- 9 аюулгүйн дэр, 2 тусдаа тохируулах эйркондишн, эргэх үед автоматаар хажуу тийш тусах нэмэлт гэрэл, замын эгнээ баригч, 16 инчийн хайлшин ободыг стандарт тоноглолд оруулсан.
- 2009 оны 8 сараас Golf GTI спорт хувилбар худалдаанд гарсан. 2 литрийн дан турботой 6 шатлалтай DSG хурдны хайрцагтай ба 100 км-т 7.7 литрийн шатахуун зарцуулдаг болсон нь GTI загваруудын дотор хамгийн сайн үзүүлэлт юм.
- Микро компьютерын удирдлагатай автомат XDS хэмээх дифференциал цоожлогч тавьсан нь Volkswagen-ийн хувьд анхных юм. Мөн дугуйн хий эргэлтийг зогсоох traction control систем тавих босон.
7-р үе VW Golf MK7 (2013 он -)
Шинэ үеийн 2013 Вольксваген Голф МK7 загварыг Германы авто үйлдвэрлэгч Берлинд танилцууллаа.
Түүний борлуулалтыг 2012 оны 11 сараас эхлүүлэх бөгөөд дэлхий даяарх борлуулалтыг дараа жил эхлүүлэх гэнэ.
Шинэ үеийн Вольксваген Голф, МК7 загварыг анх удаагаа ийнхүү олон нийтэд ил болгож байгаа бөгөөд цуу яриагаар ярьж байсан шиг MQB платформ дээр хөгжүүлсэн мөн хэмжээний хувьд томорсон байна, гэхдээ кузовын жин ойролцоогоор 100 кг хөнгөн болсон бөгөөд СО2 ялгаруулах хэмжээ болоод шатахуун хэмнэлтийг сайжруулж өгчээ.
Шинэ Голф бол Вольксваген Групп-ийн 2 дахь шинэ архитектур дээр суурилсан автомашин бөгөөд эхнийх нь Ауди А3 загвар байсан юм. Түүнийг албан ёсоор Парис авто шоунд 9-р сарын сүүлээр танилцуулах юм.
Аюулгүй байдал, шинэчлэлт
- Multicollision brake - ослын үед автомашины кинетик энергийг бууруулах ажиллагаатай автомат тоормосны систем.
- Proactive occupant protection (PreCrash) - хэрвээ систем ослыг нэн хүнд хэмээн хүлээж авбал, тэр дундаа огцом хүчтэй тормозлолтын үед жолооч болон зорчигчдын суудлын даруулга болон аюулгүйн дэрийг хамгийн тохиромжтой байрлалд автоматаар байршуулах систем.
- Adaptive cruise control – ACC систем нь хурдаа тохируулах боломжтой бөгөөд урдах тээврийн хэрэгслээс хамгийн аюулгүй зайд автоматаар зогсох чадвартай.
- Front Assist – Урд байрласан мэдрэгчүүдээр байнга хяналт тавих бөгөөд тормозны үйлчлэлийг тохируулах чадвартай.
- City emergency braking function – 30 км/ц-аас доош хурдтай явж байхад урд саад гарч ирвэл автоматаар тормозлоно.
- Fatigue detection – ядаргаа мэдрэгч гэж орчуулж болно. Жолооч хэрвээ сүүлийн 5 секундэд анхааруулгыг дагахгүй бол жолоодлогын үед автоматаар хурдыг хасна. Хэрвээ жолооч үүнийг тоохгүй дахин 15 минут өнгөрвөл анхааруулгыг дахин өгөх болно.
- Lane Assist – эгнээ мэдрэгч
- Progressive steering – шинээр Голф загварт сонголтоор тавих боломжтой болсон систем. Хурдны хайрцгийн мэдээллээс хамаарч рулын эргэлтийг тохируулдаг систем юм.
- Electric parking brake – электрон зогсоолын тормоз
- Dynamic Light Assist – их гэрлийн тусгал тохируулагч
VW Golf 7-ийн техникийн үзүүлэлт:
Өмнөх загвар буюу МК6-аас 100 кг хөнгөн болсон.
- -6.0 кг = цахилгаан
- -40.0 кг = хөдөлгүүр
- -26 кг = явах эд анги
- -37 кг = бүтэц
Хэмжээ: 4,255 мм урт (+56 мм), 2,637 мм өргөн (+59 мм), 1,452 мм өндөр (-28 мм) болсон байна.
Салоны зай: +14 мм урд зорчигч | +15 мм хөлийн зай хойд хэсэгт нэмэгджээ.
Хувилбар: Trendline (үндсэн хувилбар), Comfortline болон Highline (дээд хувилбарууд)
Бүх хөдөлгүүр нь стандартаар стоп/старт систем болон кинетик энергийг хадгалах системээр тоноглогдсон.
GTI хувилбар нь 221 м.х 2.0 литрийн TSI хөдөлгүүртэй (одоогоор батлагдаагүй байгаа)
- 2 төрлийн шинэ үеийн 85 м.х болон 150 м.х-тэй хөдөлгүүрийг Golf загварт санал болгож байгаа.
Эх сурвалж: www.cardoctor.mn