ХУУЛЬ САХИУЛАГЧИД
Та бүхэн цагдаагийн албаны автопарктай танилцсанаар дэлхийн автомашин үйлдвэрлэлийн шинэхэн загваруудын талаар бүрэн төсөөлөлтэй болно. Алексей Воробьев Обухов та бүхнийг дэлхийн виртуал авто салоноор хамтдаа аялахыг урьж байна.
Зарим орнуудад цагдаагийн алба худалдаанд гарч эхлээгүй загваруудыг түрүүлж ашигласан харагддаг. Үүнийг бид тухайн цагдаагийн хэлтэс болон автомашин үйлдвэрлэгчийн сонирхол давхацсаных биз гэж бодоод өнгөрдөг. Яг үнэндээ бол иймэрхүү шинэ бүтээгдэхүүн цагдаагийн байгууллагын имижийг өсгөж өгч байдаг. Моод гээч зүйлийн орой дээр зогсохыг хэн хүсэхгүй байхав дээ.
Харин автомашин үйлдвэрлэгчид энэ далимд өөрсдийн олж авсан техник, технологийн дэвшлээ олон түмэнд хүргэх нэг ёсны сурталчилгаагаа болгодог. Цэрэг цагдаагийн логотой автомашинууд үргэлж л анхаарал татаж байдаг шүү дээ. Хэрэглэгчид “цагдаагийн айхавтар ачааллыг тэсвэрлэх чадвартай юм чинь өдөр тутмын хэрэглээнд ёстой найдвартай байж таараа” гэж өөр дотроо дүгнэн боддог.
Мэдээж хэрэг, цагдаагийн авто паркийг ингэж бүрдүүлэх аргыг тэр бүр улс орон хэрэгжүүлээд байхгүй. Уг аргыг гол төлөв Англи, Америкт их хэрэглэдэг. Алба гүйцэтгэхэд тохиромжгүй маягийн өөдөсхөн Smart эсвэл Mitsubishi i MiEV цахилгаан автомашиныг эдгээр улсын цагдаагийн албанаас олж харж болно. Гэхдээ эргүүлийн автомашины дийлэнхийг ийм автомашин эзэлдэг гэж хэлсэнгүй. Юутай ч байдаг гэдэг нь баталгаатай.
Угаасаа үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүнээ ёслол төгөлдөр байдлаар цагдаагийнханд гардуулж өгдөг учраас мэдэхгүй байх арга байхгүй. Ингээд бүгдээрээ сонин хачин автомашин харах зорилгоор цагдаагийн байгууллагын гарааш руу хамтдаа шагайж үзэцгээе.
Та бүхний өмнө ойролцоогоор 1915 оны Ford-Т хэмээх сараалжин тортой цагдаагийн автомашин байна. Одоо үед гэнэн шийдэлтэй автомашин шиг харагдаж байгаа авч цагтаа нэлээд дэвшилтэт арга нэвтрүүлсэн унаанд тооцогдож байжээ.
Австралид зарим тохиолдолд хоригдлуудыг жаатай автомашинаар зөөвөрлөдөг. Энэ нь 307 морины хүчтэй8 цилиндр бүхий хөдөлгүүртэй, 200 км/ц хүртэл хурдалж чаддаг Holden фургон юм.
Английн Caparo-T1 туршилтын загварт тулгуурлан бүтээсэн шуурхай үйлчилгээний автомашин (Rapid Response Vehicle)-ыг Лондонгийн цагдаагийн газар ашигладаг. Үнэндээ ч сүрхий хурдан унаа. Цагт 100 километр бус бүр 100 миль (!) хурдыг 5 секундэд авдаг бөгөөд хурдны дээд хязгаар нь320 км/ц байдаг.
Үйлдвэрлэгчид цагдаагийн автомашины тоноглолд маш их анхаарал хандуулдаг. Тухайлбал, Англид цагдаагийн албаны автомашин нь бүртгэл шуурхай явуулах болон зам тээврийн ослыг түргэн шийдвэрлэхэд хэрэгцээтэй бүх зүйлээр тоноглогдсон байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Энэхүү Ford Galaxy-ийн тоноглол үүнийг давхар баталж байна.
Италид цагдаагийн ажилтнууд дүрэм зөрчөөд зугтсан жолоочийг элдэх ажилдаа Lamborghini Gallardo хэмээх хурдтай автомашин ашигласаар нэг бус жил өнгөрлөө.
Гэхдээ Lamborghini Gallardo-ийн үүрэг үүгээр хязгаарлагдахгүй. Уг автомашиныг ослын үеэр гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн шуурхай тусламж үзүүлэхэд зориулсан сэхээн амьдруулах иж бүрдлээр тоноглосон байдаг.
АНУ-ын цагдаагийн байгууллагад “зүтгэж”яваа Ford Interceptor арай өөр тоноглолтой. Энэхүү автомашинд бүртгэлийн нэгдсэн системд нэвтрэх зориулалттай маш олон компьютер бий. Мөн том калибрийн хоёр ширхэг буу орох тусгай үүрээр зайлшгүй тоноглосон байдаг.
Нью-Йоркийн цагдаагийн хэлтэс ч бас техникийн дэвшлээс хоцордоггүй. Эднийх саяхан 70 ширхэг Chevrolet Volt автомашин гардаж авсан. Гэхдээ уг автомашинаас илүүгээр америк цагдаа нарын “Боловсон зан, мэргэшил,хүндэтгэл” гэсэн уриа тун сонирхол татна.
Mitsubishi i MiEV хэмээх цахилгаан автомашин Лондонгийн агаарыг бохирдуулдаггүй, гэмт этгээдэд дуу чимээ гаргалгүй дөхөж хүрч чаддаг зэргээрээ англи цагдаа нарт таалагддаг бололтой. Тэд хурдыг бус техникийн дэвшлийг чухалчилдаг нь илт!
2012 оны Chevrolet Caprice-ийн урд хэсгийн хамгаалалт их сонирхолтой. Цагдаа нар үүгээр хууль дүрэм зөрчсөн жолоочийн автомашиныг мөргөж зогсоодог. Хамгийн сонирхолтой нь уг загварыг бүтээхдээ өнөөх Австралийн Holden-ий загварын суурийг ашиглажээ.
Эргүүл хийхдээ Hummer H3-ыг ашиглая гэвэл тухайн улс хямд бензинтэй, өргөн уудам гудамж, замтай байх шаардлагатай болно. Австралид энэ бүх нөхцөл хангалттай бий.
Эргүүлийн Hummer H3-ын дээвэр дээр хяналтын камерын багц бий бөгөөд орчин тойронд болж буй бүх зүйлийг тал бүрээс нь бичиж байдаг.
Зөвхөн зам дээр бус усан дээр ч бас дэг журам сахиулах шаардлага бий. Энэ албыг гүйцэтгэхэд тэнгисийн цагдаа нарт хурдны гидроциклууд болон хуурай газар тэдгээрийг тээвэрлэж явах дөрвөн дугуйн хөтлөгч бүхий хүчирхэг ачааны автомашин тусалдаг. Ачааны автомашиныг Iveco Euro Cargo автомашины суурь дээр бүтээсэн байдаг.
Унгарын цагдаа нар албандаа эх орны үйлдвэрийн автомашин ашиглахыг эрхэмлэдэг. Тухайлбал, энэхүү Audi-TT автомашиныг Volkswagen концерний Унгар дахь үйлдвэрт л угсардаг. Агаарын урсгал сөрөх чадварт нь сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд уг спорт автомашин дээрх цагдаагийн дохиоллын системийг хавтгай хэлбэртэй хийж өгсөн байдаг.
Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэйгээр ЗаРулем Монголиа сэтгүүлээс бэлтгэв.