ХУУЧНЫ NISSAN TERRANO
Нэгээхэн үе Ниссан Террано Монголд нилээдгүй орж ирсэн юм. Тэр үед ид жийп үйлдвэрлэлийн бүүм болж байсан бөгөөд Тоёота Хайлакс Сөрфийн гол өрсөлдөгч загвар болон гарч байлаа. Анх бүүр 1989 оноос гарсан ба 1986 онд гарсан Дацун гэх пикап дээр суурилсан байдаг.
Анхны загварууд нь хажуудаа жижиг гурвалжин шил орсон нийт 3 хаалгатай болон хойд бариул нь багана дээрээ байрласан нийт 5 хаалгатайгаар гарч байв.
Үндсэндээ бол нийт өндөр нь тэр үедээ намханд орох бүтэн рам+кузов гэсэн хийцтэй. Бүх зүйл рам дээр тусдаа бэхлэгдэх ба урд талдаа одоо манайхны кузов өргөгч гэж ярьдаг Torsion bar-тай ба хойнаа хамаарах чулакан тэнхлэгтэй юм. Өрсөлдөгч Хайлакс Сөрфөөс урд тэнхлэг нь голоороо арай өндөр гэдгээрээ давуу. Хөдөлгүүр нь 2.7 энгийн дизель ба турбо дизель, 3.0-той V6 бензин хөдөлгүүртэй байдаг. Манайд голдуу 2.7 турбо дизель нь элбэг орж ирсэн юм.
Түүний турбо нь эвдрэл багатай бөгөөд нам эргэлт дээр ажиллаж байдаг бол Хайлакс Сөрфийнх 1500-1700 эргэлт хавьд ажиллаж эхэлдэг байсныг санаж байгаа байх. Тиймээс байрнаас хөдлөхдөө арай илүү байсан юм. Харин дизель хөдөлгүүрийн дуу тачигнасан дуу ихтэй ба тэр нь салон дотор сонсогдоно.
Өрсөлдөх загварууд дотроо хамгийн дуутай нь. Хэдий тийм дуу ихтэй ч түлш зарцуулалтын хувьд бол сайн. Яагаад гэхээр өвөл зунгүй 12 литр л иднэ. Өвөл боллоо гээд идэлт нь нэмэгдээд байхгүй. Өвлийн улиралд асалт сайтай байдаг. Түүний намхан стилийн ач тус нь хурдтай үед эргэлт тойруу дээр болон ховилтой замд мэдрэгдэнэ.
Ерөнхийдөө бол аппаратурын гэмтэл багатай хөдөлгүүр юм. Мөн зун цагт халах нь бага болохоор Сөрфийн 2L мотор шиг халаад хүйтэн ус хийлгүүлээд крышкээ хагалуулаад байдаггүй л байсан. Төвийн дифференциалд цоожлогч байдаггүй ба хойд дугуйгаар болон 4 дугуйгаар хөтлөх горимыг сонгох, бууруулсан дамжуулга буюу хүндрүүлэгч залгах ажиллагаатай туслах кроптой. Хойд дифференциалд цоожлогч ер төлөвлөгдөөгүй бөгөөд захиалгаар ч тавигдахгүй юм.
Мөн LSD дифференциал байгааг харж байсангүй. Тиймээс ердийн 4 дугуйгаар л зүтгэнэ гэсэн үг. Тэнхлэгийн хувьд урд тэнхлэг олон удаа хөдөө явбал алцайх маягтай болдог, дуу орох нь бага бөгөөд дуу орвол тэнцүүлэгчийн даравч суларсан зэргээс болдог. Мөн урд тэнхлэгийг ердийн дугуйн дээр нь өргөгчөөр нь 30 см хүртэл дээшлүүлж болохоос гадна дугуйг томруулбал түүнээсч илүү дээшлүүлж болно.
Хойд пүрш даацанд муу, 3 хүн хойн суухад л доош явчихна, хойд талд даацийн пүрш тавих, эсвэл давхар пүрш хийх хэрэгтэй болох байх. Түнтгэр хар гэх рулийн аппараттай учир дэржигнүүрт руль доргих нь бага байдаг.
1994 он хүртлэх загвар
1994 он хүртлэх загвар /кант нь дээгүүрээ/
1994 он хүртлэх урд хянах самбар
Манайхан Терраног 1.2.3 гэж нэрлэдэг боловч үнэндээ бол 2 загвар гарсан. Terrano II гээд үүнээс өөр зэрэгцээ жижиг загвар бий бөгөөд Форд Маврик гэсэн нэрээр давхар гардаг болохоос яг Террано 1-ийн үргэлжлэл биш юм. Террано 3 гээд байгаа нь хоёр дахь загвар нь. Хьюндай Сонатаг бас иймэрхүү маягаар нэрлээд одоо бүүр 7 болчихсон яваа юм, үнэндээ бол одоо 5 дахь нь явж байгаа юм.
Анхны загвар нь урд нүүр нь хар бөгөөд их л даруухан маягийн байсан бол сайжруулалтаар урд никель нүүр, урд хойд никель гупер, өргөн хөмсөг, хувилбараасаа хамаарч хажуугийн хуванцар доод хүрээг нэмж хийн үзэмжийг нь илт сайжруулсан байдаг. Террано 1-ийн арын нөөц дугуй тогтоогчийн түгжээ нь их бие дээрээ байрладаг болохоор арын хаалганд доргилт өгөөд байдаггүй болохоор хаалга дуу орох нь бараг байдаггүй.
Салоны байдлыг үзвэл 89 онд гарахдаа дөрвөлжин загвартай нимгэндүү урд хянахтай байсан. Харин 93 оны сайжруулалтаар урд нянах самбарыг шинэчилж бөмбөгөрдүү загварт оруулсан байдаг. Урд талын суудал зай ихтэй суухад тухтай. Арын эгнээний суудал ч хөлийн зай ихтэй ба суух талбай ихтэй тул эвтэйхэн.
Ингэж суудлын хоорондох зай ихэссэнээр тээшний хэсгийн зай багассан. Түүний өрсөлдөгч Хайлакс Сөрф N130 бол эсрэгээрээ байсан. Багааж нь илүү зайтай боловч суудлууд нь давчуу байсан юм. Урд паарны удирдлага нь хувилбараасаа болоод кнопон ба гүйлгэдэг тросон удирдлагатай байдаг.
Харин сайжруулалтын загварын хөгжмийн дуугаралт басс талдаа болж сайжирсан ба хойд багаажны хэсэгт таазандаа 2 томоохон спийкер нэмж хийсэн нь илүү сайн болсон байдаг. Дээр хэлсэн салон доторх дизель хөдөлгүүрийн дууг дарах хэрэгтэй ба урд хөл доогуур хананд дуу намсгах хивсэнцэр зэргийг хийх хэрэгтэй.
Мөн капот дотор хөдөлгүүр ба хана хоёрын завсраар дуу намсгах шатдаггүй зүйлийг зузаахан хавчуулахад салон доторх дуу мэдэгдэхүйц бага болдог.
Бензин хөдөлгүүр хэдий дуу багатай ч ингэж хийвэл илүү л нам гүн болох байх. Бас нэг зүйл бол түүний урд 2 хаалганд байрлах агааржуулах нүх бөгөөд өвөл бол түүгээр маш их сийгдэг юм. Хөдөлгүүр унтраангууд л салон шууд хүйтэн болох ба явдал дунд бол хойд зорчигчийн хөлрүү хүйтнээр сийгнэ.
Тэр нүхийг хаалганы самбарт нь таглах, хажуу төмөр хэсэг дээр мөн таглаж өгөх хэрэгтэй. Ингэж байж дулаан болно. Харин хаалгаа жаахан хүчтэй хаахгүй бол урдаас агаар цохиод дутуу хаагддаг болчихдог. Энэ нүхийг тагласнаар давхар шороо тоос орохыг зогсоож байгаа юм.
Тэгэхгүй бол кондишн тавиад явсан ч доогуур босго шалны хажуугаар нил тоос болно шүү дээ. Дээр гарсанчлан багаажны зай бол бага манайхан шиг новш чихдэг газар бол хэцүү. Харин сүүлийн үеийн хийлдэг барьдаг гудас майхантай бол багтахаар л юм. Дээрээ ачаатай байхад илүүдэхгүй. Дугуй томтой учир илүү нөөц дугуй багаажинд хийчихвэл бараг л тал зай нь алга боллоо гэсэн үг.
Тусгайлан өндөрлөсөн байдал
Одоо ч бараг Монголд харагдахаа болилоо. Түүний дараах Террано 2 гэх манайхны хэлдгээр Террано 3 ч ховор болжээ. Гадаадад экспортоор анхнаасаа Pathfinder гэсэн нэрээр гарсан ба 3-р үеэсээ эхлээд Terrano нэрийг хэрэглэхээ больж Патфайндер гэж дангаараа гарах болсон ба эргээд бүтэн рамтай болсон ч хойд тэнхлэг нь үл хамаарах гартай тэнхлэгтэй болжээ.
Ингэснээр илүү загварлаг болж, хүчин чадал сайжирсан хэдий ч даац болон туулах чадвар буурсан талтай.
3.0 V6 хөдөлгүүр
2.7 дизель хөдөлгүүр
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд