БӨГЛӨРӨЛ

Энх тайванд хүрэх зам гэж үгүй. Эв найрамдал бол өөрөө цорын ганц зам юм. – Махатма Ганди

Өнөө цагт замын түгжрэл гэдэг их хотын салшгүй нэгэн хэсэг болчхож. Өглөө ажилдаа хоцрон, орой нь гэртээ оройтож очих нь бараг дасал мэт болсон байна. Үүнээс болж жолооч нар маш их стресстэж, энэ нь ч эргүүлээд тэдний жолоодлогын чанарт муугаар нөлөөлдөг.

Тэгвэл яагаад жолооч нар түгжрэлд зогсохдоо хамгийн их тэсгэл алдаж Сэтгэл зүй нь тогтворгүйтдэг талаар Америкийн алдарт зохиолч, сэтгэл судлаач Том Вандербильт “Трафик” номондоо бичсэнийг тоймлон хүргэе.

  1. Хий хоосон өнгөрүүлсэн цаг мөч илүү удаан үргэлжилдэг. Бид ямар нэгэн зүйл хүлээж байх зуур тэр хоосон цаг завыг бөглөх зайлшгүй хэрэгцээ гарч ирдэг. Жишээ нь, дэлгүүрийн кассын дэргэд ном сэтгүүл байршуулдаг нь цаанаа үйлчлүүлэгчдийг оочерлож байх зуураа хийх юмтай байлгах далд зорилго агуулдаг. Харин замын түгжрэлд хүн радио сонсох юм уу гар утсаа өөрийн эрхгүй оролдож эхэлдэг байна. Сатаарах зүйл үгүй болмогц хүн амархан цухалдаж, цагийн зүү яг л нэг газраа зогссон мэт санагдаж эхэлдэг аж. 
  2. Сэтгэл түгшүүртэй үед хүлээлт улам тэвчишгүй санагддаг. Та чухал уулзалтанд хоцорч ядаж байтал бензиний шар гэрэл ассан уу? Ийм үед түгжрэлд зогсоно гэдэг ямар ч жолоочийн хувьд хүндхэн даалгавар. Хамаг анхаарлаа нурж буй төлөвлөгөөндөө хандуулж, толгойд нь удахгүй үүсч болох бөөн бөөн асуудлууд эргэлдсэнээс болж жолооч маш их сандардаг.
  3. Тодорхойгүй байдал жолоочийг улам бухимдуулдаг. Бөглөрөл юуны улмаас үүссэн, хэзээ дуусах,автомашинуудын хөдөлгөөний хурд хэдтэй байгаа зэргийг мэдэж байгаа цагт жолооч бухимдах нь 2 дахин бага байдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Ийм ч учраас автозамын инженерүүд хамгийн их ачаалалтай байдаг замууд дээр электрон дэлгэц байршуулж, түүн дээр нь түгжрэлийн явцын мэдээллүүд цаг алдалгүй гардаг байна.
  4. Жолооч нарын 90 % нь түгжрэлд зогсохдоо зөвхөн урагш харж явдаг. Тэд хэзээ ч арагш хардаггүй, түүний ард юу болж байгааг тэд сонирхохыг хүсдэггүй. Яг энэ мөчид хүний тархинд “хохирлын хууль” үйлчилж эхэлдэг аж. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар жолооч түгжрэлд зогсохдоо ихэнх тохиолдолд: “Миний өмнө ямар олон машин байна аа, би ч дуусжээ” гэж бодохоос биш арагш хараад “Миний ард ямар урт дараалал үүсээ вэ, би тэднээс өмнө гэртээ харина” гэж боддоггүй байна.

Жолооч та нэгэнт бөглөрөлийн нэг хэсэг болсон бол нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж авахаас өөр гарцгүй болжээ. Бодол өөрөө үйлдэл болж хувирдаг. Тийм болохоор энэ тохиолдолд маш тайван, эерэг хандлагатай байж, ганцхан та энэ түгжрэлд гацаагүй гэдгээ ойлгох хэрэгтэй.