НЭГЭНТ Л ЧИРХЭЭР БОЛСОН БОЛ ОДОО ЯАХ ВЭ?

Эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэг. Машин эвдэрч хөдлөх аргагүй болох үе бий. Бас ийм байдалд орсон хүнийг чирч, авралын тэнгэр болох үе ч бас бий. Тэгвэл энэ 2 тохиолдолд юун дээр анхаарвал зохихыг Тожоо жолооч хэлж байна.

Механикжсан тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тухайн үед засах боломжгүй болсон үед түүнийг засварын газарт хүргэх, эсвэл шинэ буюу засварласан автомашинуудыг ашиглах газарт нь хүргэх зорилгоор механикжсан тээврийн хэрэгслийг чирэх шаардлага гардаг.

Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх хэд хэдэн арга байдаг. Үүнд :

  • Зөөлөн холбоогоор
  • Хатуу холбоогоор
  • Зориулалтын тээврийн хэрэгслээр
  • Хагаслан буюу цоройлгон ачих хэлбэрээр чирч болно.

За аль ч тохиолдолд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрэл болон ослын гэрлээ асаана. Ойрын гэрлийг асааж явах нь бусад жолооч, хөдөлгөөнд оролцогч, зохицуулагч нарын анхаарлыг өндөржүүлэх зорилготой юм л даа. Чирэх үед хэд хэдэн хүндрэл үүсдэг.

Машины жолоодлого болон чигийг өөрчлөхөд хүндрэл учирдаг, нийт уртын хэмжээ ихэсдэг, хурд багатай явах шаардлагатай зэргийг дурдаж болно. Ялангуяа хотын түгжрэлтэй хэсэгт бол чирэх ер нь дэмий л дээ.

Зөөлөн холбооны тухайд ган, олс эсвэл синтетик материал бүхий татлага байх ёстой. татлагын тасрах хүч нь чирэгдэж байгаа машины жингээс тав дахин илүү байх шаардлагатай гэдэг юм.

Цоройлгон ачих нь эвдрэлтэй тээврийн хэрэгслийг, ялангуяа урд тэнхлэг, жолоо  тоормосны механизм нь гэмтэлтэй тээврийн хэрэгслийг чирч явах хамгийн аюулгүй тохиромжтой хэлбэр юм.

Зөөлөн холбоогоор чирэхэд тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь хэт ойр, чирэгдэж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн үзэгдэлд хязгаарлагдмал, татлага тасрах аюултай зэргийг анхаарах нь мэдээж зүйтэй.

Хамгийн түгээмэл, аюул багатай чирэх хэрэгсэл нь хатуу холбоо байдаг. Зөөлөн болон хатуу холбоогоор чирэх үед чирэгдэж яваа машиныг тохирсон ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодох ёстой байдаг юм шүү.

За ер нь л чирнэ гэдэг зайлшгүй үед л хэрэглэх арга гэдгийг санаж байх нь зөв.

Хатуу холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4 метрээс илүүгүй байх ёстой. Харин хатуу холбооны хамгийн бага урт нь чирч яваа тээврийн хэрэгслийн өргөний хагасаас багагүй байх нь зүйтэй.

Зөөлөн холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4-6 метр байх нь хамгийн тохиромжтой. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино.

Харин чирэх үеийн зай нь хэт их буюу 6 метрээс их үед чирэгдэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мөр дагахад хэцүү болдог.

Халтираатай замд чирэх нь их эрсдэлтэй учир өвлийн улиралд аль болох машин чирэхгүй байх хэрэгтэй. За зайлшгүй чирэх шаардлага тулгарсан бол хатуу холбоогоор чирэх шаардлагатай байдаг.

Чирэгдэж байх үед хөдөлгүүр ажиллагаагүй бол тоормос ажиллахгүй эсвэл илт муу болдог учраас гар тоормос хэрэглэх, эсвэл ачуулах нь хамгийн зөв сонголт болно шүү.

Манайхан чирэхдээ хайнга, хайхрамжгүй, хөнгөн хандах гээд байдаг талтай. Монгол хүний уужуу зан байж болох ч гэлээ энэ нь эргээд маш том эрсдэлтэй алхам байдаг л даа. За ер нь л чирнэ гэдэг зайлшгүй үед л хэрэглэх арга гэдгийг санаж байх нь зөв.