БИ КОРОЛЛА СОНГОСОНДОО ХЭЗЭЭ Ч ХАРАМСАЖ БАЙГААГҮЙ
Би 2002 оны Toyota Corolla тухай сэтгэгдлээ чадан ядан бичихээр шийдсэн юм.
Toyota Corolla миний 5 дахь машин байлаа. Би өмнө нь Газ-24 он тодорхой бус аав бид хоёр босгож байсан, Rover-623i 1993 он, Isuzu bighorh-1995 он, Honda fit 2002 он, тэгээд сонголт хийсэн нь Королла байлаа. Би Хонда фит дээрээ 3 сая төгрөг нэмж байж Королла авсан нь боломжийн бас алдаагүй наймаа болсон гэж боддог.
2002 оны 1300 сс мотортой, 2011 онд Mонголд орж ирсэн Х королла миний сонголтод ирлээ. Би хоёр дахь эзэн нь байлаа. Анхны эзэн нь оруулж ирээд л бүтэн жил шахуу барьцаанд орхисон байлаа. Анхны төрсөн сэтгэгдэл гэвэл:
- Тийм ч урт биш бас богино ч биш жинхэнэ седан байлаа.
- Анх асааж унаад хааз гишгэтэл сэтгэлд шууд нийцэж нэг шат дээш ахисан юм шиг санагдсан. Зун зуслан явахад жаахан нам санагдаад зарим нэг зүйл дээр тулаад байлаа. Тиймээс Да хүрээ гарч хүмүүсийн ам асууж байгаад мөн зарим нэг интернетийн мэдээлэл дээр үндэслэн Марк 2 машины урд бага зэрэг уярсан пүрш авч хойд хэсгээ өндөр болгов.
- Хоёр пүршээ 30,000 авсан гэхэд боломжийн үнэтэй санагдсан.
Туршиж үзмээр санагдаад зуслан дээрээ багаж дотроо хорийн шар канистар 4 ширхэг устай нь хамт хийгээд эхнэр хүүхэд дүү нараа чихэж аваад явлаа ямар ч тулах асуудал гарсангүй. Дугуйгаа бас өндөр болголоо. 195-70-14 боломжийн хэмжээ шүү.
Удалгүй зун хөдөө явах боллоо. Сайн машиндаа нээх их бэлтгэл хийсэнгүй. Запас шар дугуйгаа аваад л талдаа 200 км шороон замаар гарч өгөв. Ирэхдээ 7 хонь гулуузлаад багаж дотроо хийгээд ирлээ асуудал гарсангүй бага зэрэг л жийп шиг байв. Нэг зун 2-3 удаа ирж очив. Анхны шалгуур сайн даалаа.
Гэвч гэнэт нэг асуудал гарч ирэв. Хянах дээр моторын шар зураг гарч ирээд байнга асаалттай бас дээр нь асалт 2-3 удаа даруулж байж асаад байлаа.
Зиг заг, 4х4, UB center гээд баахан газраар оношилгоо хийлгэлээ бүгд өөр өөр онош зааж байв.
Арвын боолт тайлаад л болоо юм. Билээ.
Эхлээд нударган гол тоологчоо соль гэв. Зах гарч задалсан мотороос салгаж аваад хийлээ. Унтарсангүй харин асалт нь ганц даралтаар. Шар гэрэл унтрахгүй л байв. Яндангийн мэдрэгчээ соль гэлээ сольсон бас л хэвээрээ. Сүүлд нь VVTI гээчээ солив. Харин өнөөх гэрэл чинь унтарчхав. Арвын боолт тайлаад л болоо юм. Билээ.
Анхны өвлөө бид 2 давгүй тууллаа. Хучлагатай хамт сайн өвөлжсөн. Асалт бол хэвийн л байлаа хааяа ганц нэг хүний машин холбож асааж өгч буян болж байлаа. Өвөл бол нэлээд халуун шүү цонхоо хааяа онгойлгож явна. Хоол ундны хувьд зун хот дотор 8-9 хавьцаа, өвөл 10-12, шулуунд бол 7-8 хавьцаа идэж байх шиг байна.
Би ер нь их хаазтай давхих дуртай.
Хааяа салоны агаар шүүгчээ сольдог. Урд агаар шүүгчээ бол өвөл зундаа нэг нэг сольдог. Тохь тухын хувьд бол зүгээр миний Х хагас дубен салонтой. Тийм ч муу биш. Дотор зай арай л бага гэхдээ ардаа 5 хүн багтаж байна лээ.
Урд копутаа бараг сөхөж үзээгүй дээ.
Хааяа л нэг масло хэр байгааг хардаг хэмжээндээ л байна лээ. Жилийн өмнө тосоо солиулсан үлдэгдэл савтай масло нь одоо хэр байж л байна огт нэмүүлээгүй гэсэн үг. Өөр нэмэлт зүйл хийгээгүй л байна. Зарим нэг хүн дээр нь ачаа хийсэн байгаа харагддаг. Урд хоёр амаржинаа сольсон сайхан сэвхийтэл босоод ирдэг юм билээ. Чанартайг нь бодоод нэгийг нь 160,000 р авсан гайгүй л байна. Одоо хойд 2 амаржинаа дулаарахаар солино доо.
Би королла сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй.
Найдвартай байдал, аюулгүй байдал, маш их бат бөх, тав тухтай, сайн хийсэн машин нэр хүндтэй брэнд. Олон жилийн турш Toyota Corolla нь дэлхийн хамгийн алдартай машин байсаар байгаад гайхаад байх зүйл алга. Эцэст нь муу машин гэж байхгүй,харин муу жолооч л гэж байдаг гэдэг шүү
Эх сурвалж: Тогмидын Сүхбаатар | Cardoctor.mn